• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

"ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ" Удирдах ажилтны зөвлөгөөн-2018

2018 оны 2 сарын 12 3384

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 08-09-ний өдрүүдэд “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриан дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын албадын удирдлагууд оролцож 2017 оны ажил байдлаа дүгнэн хэлэлцэж 2018 оны зорилтоо тодорхойлон санал солилцлоо.

Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн онд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, баталгаат бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ихээхэн дэвшил гаргаж ажилласны заримаас онцлон дурьдвал:

-Эхийн эндэгдлийг бууруулах зорилтыг дэвшүүлж үр дүнд нь 2016 онд эхийн эндэгдлийн 38 тохиолдол бүртгэгдэж энэ нь 100’000 амьд төрөлтөд 48.8% болж байсныг 2017 онд 20 тохиолдол буюу 100’000 амьд төрөлтөд 26.9% болгож мэдэгдэхүйц бууруулав.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад анхаарч 2017 оны 4-р улирлын байдлаар үйлдвэрлэлийн ослын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.3% хувиар бууруулж, үйлдвэрлэлийн ослоор нас барсан хүний тоог 2 дахин буурууллаа. Цалин хөлс, ээлжийн амралт, сул зогсолтын олгогдоогүй байсан 5.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг бүрэн олгуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалав.

-2017 онд 11 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах санал, дүгнэлтийг гаргаж эрсдэлтэй согтууруулах ундааны үйлдвэрийн тоог 50 орчим хувиар бууруулав.

-Орхон голын эхэнд уул уурхайн үйлдвэрлэл явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн зөрчил дутагдлыг газар дээр нь таслан зогсоож, ус бохирдуулах зөрчлийг өмнөх онтой харьцуулахад 70%-аар буурууллаа. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглаж байсан зөрчилтэй 96 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоосноор Туул голын онцгой хамгаалалтын бүсийн орчны бохирдлын түвшинг 0.5 пунктээр буурууллаа.

-Улсын болон олон улсын чанартай авто зам, замын байгууламжийн 70%-ийг хяналт шалгалтад хамруулан 10.0 тэрбум төгрөгийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгүүлж хөдөлгөөний аюулгүй байдал, иргэд, тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ.

-Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 108’876 барилга байгууламжийг хамруулсан нэгдсэн судалгааг хийн, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг тогтоосон нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болов.

-Бага идэвхтэй цацрагийн үүсгүүрийг хяналт шалгалтаас, хаягдал лааз, хуванцар материалын цацрагийн шинжилгээг гаалийн бүрдүүлэлтээс тус тус чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгож бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллаа.

-ХАБҮЛЛ-ийг Америкийн итгэмжлэлийн байгууллагын итгэмжлэлд хамруулж, шинжилгээний үр дүнг олон улсын лаборатори хооронд харилцан хүлээн зөвшөөрч, хүнс, эмийн бүтээгдэхүүн экспортлох, гадаад худалдааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлж ажиллав. 

-Мэргэжлийн хяналтын байгууллага 2017 онд Монгол улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу төсвийн сахилга батыг чанд сахин, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангаснаар Улсын төсвийг 162.2 сая төгрөгөөр хэмнэж, 2.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 4.3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөг 165.8%-р давуулан биелүүллэв.

-2017 онд бизнес эрхлэгч, хэрэглэгч, олон нийтийг соён гэгээрүүлэх, зөвлөн туслах, мэдээ мэдээллээр шуурхай хангаж үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилгоор 47’000 дагагчтай өөрийн Фэйсбүүк хуудсаар 54 видео шторкийг 247 удаа түгээж, 8’000 орчим постер тус бүрийг 47’000 хүнд хүргэж, давхардсан тоогоор нийт 150’000 гаруй хүнд мэдээ мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг цахимаар цаг тухайд нь шуурхай хүргэсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2018 онд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.

Нэгдүгээрт: Мэргэжлийн хяналтын салбарын шинэчлэлийн гол цөм нь Хамтын хяналтад тулгуурласан байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь Бизнес эрхлэгч, Иргэн, олон нийттэй нягт хамтран ажиллаж, Хамтын хяналтыг бэхжүүлснээр үүсэж болзошгүй эрсдэлээс бодитоор урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Хэрэв зөвхөн хуулиар далайлган чангалж, шүүж цээрлүүлэхийг чухалчилбаас ард иргэд, болгоомжтой болох боловч ичих зовохын сэтгэлгүй болох болно. Харин сайн үйлийн үндсэн дээр захирч, заншил дагасан ёс журмын дагуу цэгцэлбээс түмэн олон ичиж зовдог болох төдийгүй хууль журмаа даган биелүүлнэ”гэх өвгөд, мэргэдийн эртний сайхан сургааль, үг бий. Тиймээс Хэрэглэгч, Бизнес эрхлэгчдийг соён гэгээрүүлэх, тэдэнд зөвлөх, туслах замаар Хэрэглэгчийн хяналт, Бизнес эрхлэгчдийн дотоодын хяналтыг төлөвшүүлэхэд МХБ-ын бодлого, үйл ажиллагаа чиглэгдэх юм. Энэ зорилтын хүрээнд хяналтын бүх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид, иргэд хэрэглэгчидтэй боломжтой бүх хэлбэрээр хамтран ажиллах.

Хоёрдугаарт: Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны нээлттэй байдлыг ханган, цахим үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх шатанд Шилэн хяналтын цахим системийг бүрэн ашиглаж, оруулсан мэдээлэлд хариуцсан чиглэл бүрээр дүн шинжилгээ хийх иргэд, аж ахуйн нэгжийг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, тэднээс санал, мэдээллийг нээлттэй хүлээн авч, эргэх холбоо үүсгэх ажлыг өндөр төвшинд зохион байгуулах шаардлагатай байна. Ингэснээр хяналт шалгалтын төлөвлөлт оновчтой болж, МХБ-ын үйл ажиллагаа нийгмийн хэрэгцээ шаардлага, иргэдийн сэтгэлгээний өөрчлөлтөд нийцсэн, бодит ажил хэрэг болж хэрэгжих. 

Гуравдугаарт: Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, нийгэмд хүргэж буй үр өгөөжийг оновчтой байдлаар олон нийтэд мэдээлэн ажиллаж байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарах.

МХБ-ын үе үеийн албан хаагчид Монгол улсын аюулгүй байдал, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл, боломжийг бий болгохын төлөө амь амьдралаа зориулан, өөрийн биеийг золиослон ажилладаг ч олны шүүмжлэл, хэл амны бай болдог нь олонтаа. Гэвч хууль ёсыг сахин мөрдүүлэхээр хэрэгжилтэд хяналт тавьж, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн төлөө оюун ухаан, хүч чадлаа зориулж байгаа учраас л Монгол улсын ард иргэд эрсдэлгүй, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдарч байгаа гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.

“Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг”. Иймээс үйл ажиллагааны үр дүнд нийгэмд, иргэдэд хүргэж буй үр өгөөжтэй сайн талуудыг зөв өнцгөөс нь таниулж, олон нийтэд ойлгуулж, тэдний итгэлийг олж авахад одоогоос эхлэн онцгойлон анхаарч ажиллах.  

Дөрөвдүгээрт: Монгол Улсын Засгийн газраас  2018 оныг “Сахилга, Хариуцлагын жил” болгон зарлаж сахилга бат, дэг журмыг бүх шатанд бэхжүүлж, хариуцлагатай байх чиглэлээр үүрэг даалгавар өгсөнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт албан хаагчдын мэдлэг, ур чадвар, сахилга хариуцлагыг дээшлүүлж, өөрийгөө өөрчлөх хандлагыг төлөвшүүлэхэд бүх шатанд анхаарч, шаардах. Мэргэжлийн хяналтын нийт албан хаагчдаас мэргэжлийн, мэргэшсэн байж, хариуцсан ажилдаа эзэн байхыг шаардах болно. Сэтгэл гарган санаачлагатай ажиллахыг шаардах болно. .Ямар ч албан тушаалтан, албан хаагчид мэргэжил дээрээ алдахаас илүүтэй ёсзүйн алдаа гаргах нь олонтоо ажиглагддаг. Ёсзүйн алдаа нь цаашлаад мэргэжлийн алдаанд хүргэх эрсдэлтэй байдаг. Тиймээс нэн тэргүүнд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг чанд сахин ажиллахыг шаардах болно.

Эдгээр шаардлагад нийцсэн байхын тулд Мэргэжлийн хяналтын нийт албан хаагчид хандлага болон сэтгэлгээний өөрчлөлтийг одооноос эхлүүлж, төлөвшүүлэх хэрэгтэй. Үүний тулд өөрчлөлтийг бусдаас хайх биш, өөрөөсөө эхлүүлж, өөртөө хатуу, бусдад зөөлөн байхыг Монгол улсын ерөнхий байцаагч уриалж бас үүрэг болгов.

2018 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж, Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөн, ёс зүйтэй, иргэндээ үйлчилж ажиллахыг нийт удирдах ажилтнуудад уриалав. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ