• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Боловсрол, соёлын байгууллагын үйлчилгээ, сургалтын орчинг үнэлэх арга зүй” сургалт зохион байгууллаа

2019 оны 4 сарын 1 515

Боловсрол, соёлын байгууллагын үйлчилгээний чанар, сургалтын орчинд хийх хяналт шалгалт, тандалт судалгааны үр дүнг дээшлүүлэх, арга зүйн зөвлөмж өгөх, эрсдэлийн шалгуур, үнэлгээг боловсронгуй болгох зорилгоор гуравдугаар сарын 28-наас-30-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтэс, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Боловсрол, соёлын байгууллагын үйлчилгээ, сургалтын орчинг үнэлэх арга зүй” сургалт зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Говь-Алтай, Увс, Ховд, Өмнөговь аймгийн боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчид, Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлага, мэргэжилтэнгүүд,  аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, “Эрдэнэт” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дархан-Уул аймгийн их, дээд сургуулийн консорциум, ХААИС-ын харьяа  салбар сургууль, ШУТИС-ийн харьяа салбар сургууль, Орхон аймаг дахь Технологийн сургуулийн удирдлагууд 120 хүн хамрагдав.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчид Боловсролын тухай түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх, сургалтын байгууллагын орчны эрсдэл, дотоод хяналт шалгалт зохион байгуулах арга зүйн талаар мэдээлэл өгсөн.

Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан “Орхон аймгийн боловсрол, соёлын газрын үйл ажиллагаа тулгамдаж буй асуудал”, ахлах мэргэжилтэн Д.Дашням “Боловсролын сургалтын байгууллагын дотоод хяналт шалгалт, сургалтын хөтөлбөрийн хяналт шинжилгээ үнэлгээ”, урлаг, уран сайхны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаатар “Соёл ба урлаг”, Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал доктор Н.Алтанцоож “Манлайлал-ур чадвар”, Орхон аймгийн Технологийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч Н.Манчука “Дээд боловсролын сургалтын байгууллагын дотоод хяналт шалгалт, сургалтын орчинд хийх хяналт шинжилгээ, үнэлгээ” сэдвээр мэдээлэл хийлээ.    

Мөн “Соёлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах, үр дүнг үнэлэх зөвлөмж, Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын эрх зүйн орчин” агуулгаар аймгийн музей, сумын соёлын төвд МХЕГ-ын соёлын хяналтын улсын байцаагч Д.Отгонбаяр зөвлөн туслах болон дадлага ажил хийв.

Сургалтад оролцогчид 15 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн технологи, дуу хөгжим, гадаад хэлний хичээлийн лаборатори, дадлагын газар, биеийн тамирын хичээл зохион байгуулалт, “Эрдэнэт” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 15 дадлагын газар, ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн 26 дадлагын газруудад танилцаж, улсын байцаагчдад  хяналт шалгалт хийхэд анхаарах асуудал, эрсдэл тооцох талаар зөвлөгөө өглөө.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ