• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх тухай

2018 оны 6 сарын 13 582

 

МХЕГ-ын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Нарантуяа

“ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙ” сэтгүүл

2018 №01(01)

Мэргэжлийн хяналтын байгууллага нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэх, бизнес эрхлэх таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд хуулийн хүрээнд хөндлөнгийн, хараат бус хяналтыг 26 чиглэээр хэрэгжүүлдэг, Үндэсний аюулгүй байдлыг хангуулах тусгайлсан чиг үүрэгтэй, нэгдсэн бодлого, нэгдмэл тогтолцоотой Засгийн газрын тохируулагч агентлаг юм.

Төлөвлөгөөт хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, шалгалт хийх обьектын нэрийг олон нийтэд мэдээлж ажиллаж байна.

Газар, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр иргэн аж ахуйн нэгж, байгууллагад "Геодези, зураг зүйн тухай", "Газрын тухай", "Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай", "Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай", “Хаягжилтын тухай" хуулиуд тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэр, норм дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт хийх, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, мэргэжил аргазүйгээр хангаж ажиллаж байна.

Хяналт шалгалтаар нийтлэг илэрч байгаа зөрчил, дутагдлыг гаргахгүй байх, арилгах талаар дараах зөвлөмжийг өгч байна.

Монгол Улс Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор Солбицол, өндөр, тусгагын нэгдсэн тогтолцоонд шилжсэн бөгөөд нийслэл хотод өнөөг хүртэл шилжээгүй байна. Аймаг, орон нутагт геодезийн тоон болон зурган мэдээллүүд бүрэн шилжсэн байна.

Геодези, зураг зүйн хууль тогтоомжийн хүрээнд бүх масштабын, бүх төрлийн газрын зураг, геодезийн хэмжилтийг геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэхээр хуульчлагдсан боловч Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2017 онд хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар аймаг, орон нутагт тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй байгаа тул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар кадастрын зураг хийж байна. Аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь "Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан хүсэлтээр магадлан /шалгалтын/ хэмжилт хийж, хэмжилтийн үнэн зөв байдлыг шалгаж байна. Иймд орон нутагт хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах нь зүйтэй юм.

Геодезийн байнгын цэг тэмдэгт, байнгын ажиллагаатай GNSS-ийн цэгийн хувьд солбицол, өндөр, тусгагын нэгдсэн тогтолцоонд шилжсэн боловч хэмжилтийн багажинд өндрийн "геоид"-ийн загварыг суулгаагүй хэмжилт хийснээс газрын бодит гадаргуу болон обьектын өндөр зөвшөөрөгдөх хэмжээнээс их зөрөх асуудал байгаа тул хэмжилтийн багаж худалдан авахдаа "геоид" загвар суулгах, хэмжилтийн багаж баталгаажуулах үе шатанд шалгалтын хэмжилт хийх замаар энэ асуудлыг шийдвэрлэж болох юм. Өндрийн зөрүү нь газрын зураг ашиглан барилга, байгууламж, авто болон төмөр зам төлөвлөх, барих үе шатанд зөвшөөрөгдөх хэмжээнээс их зөрүү гарч хүндрэл дагуулж байна.

Нийслэлд төдийгүй орон нутагт улс орны өнөөгийн хөгжлийн хүрээнд газар олголт хийж газрын байрлал, хил заагийг газар дээр хэмжилтээр тогтоож эргэлтийн цэгийг тэмдэгжүүлж байгаа боловч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас эргэлтийн цэг, хил заагийг хөдөлгөх, устгаж хашаа барих зөрчил буурахгүй байна. Газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эрх бүхий Засаг даргаас олгосон газрын хэмжээ, байрлалыг өөрчлөхгүй байх асуудал чухлаар тавигдаж байна.

Мөн нийслэл, орон нутагт дэд бүтцийн салбарын хүрээнд барилга, байгууламж ихээр баригдаж байгаа боловч түүний зураг төслийг боловсруулахад 1:1000-ны масштабтай зургийг Геодези, зураг зүйн улсын мэдээллийн сангаас авч ашиглаж байгаа боловч масштабыг 1:500 болгон томруулан хэвлэж технологийн зөрчил гаргаж байна. Иймд шинээр барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах үед хэвлэх масштабын зурагтай ижил масштабын байр зүйн болон дэвсгэр зураг ашиглаж сурах нь чухал байна.

Барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ барих үед геометр хэмжээнд геодезийн хэмжилт хийж баталгаажуулах ажлыг Барилгын геодезийн ажил БНбД 11-08-06-ын хүрээнд гүйцэтгэдэг бөгөөд зураг төсөл боловсруулах үе шатанд геодезийн хэмжилт, зураглал гүйцэтгэх төсөл даалгавар бичигдэхгүй байна. Барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын үед обьектын аюулгүй байдлыг хангахын тулд гүйцэтгэгчээс гадна зохиогч, захиалагчийн хяналтын үе шатанд геодезийн хэмжилтийг төсөл, даалгаварт тусгагдсан технологийн дарааллыг баримтлан, нарийвчлалын шаардлага хангахуйцаар хийж гүйцэтгэх, хэмжилтийн үр дүнг баталгаажуулах шаардлагатай байна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн хэрэгцээнд барьсан барилгад гүйцэтгэлийн зураг хийлгэж геодези, зураг зүйн улсын мэдээллийн санд оруулах, хаягийн дугаар авах асуудал хөдөө орон нутагт алслагдсан байрлалд байгаа газар тариалан, уул уурхай, тусгай хамгаалалттай нутагт үйл ажиллагаа эрхлэгчдэд нийтлэг хүндрэлтэй асуудал хэвээр байна. Гүйцэтгэлийн зураг хийлгэж мэдээллийн санд оруулах, хаягийн дугаар авах нь тухайн обьектод хамаарах шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг хууль тогтоомжийн дагуу тогтоож аюулгүй байдлыг хангах, үнэн зөв мэдээллийг олон нийтэд өгөхөөс гадна, бидэнд тулгамдаж байгаа газрын маргаан зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, газрын асуудлаар бодлого боловсруулахад ач холбогдолтой юм.

Геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, уул уурхай, барилга, авто болон төмөр замын үйл ажиллагаа эрхлэгчид геодезийн хэмжлийн багаж ашиглахдаа баталгаажуулсан байна.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн хүрээнд газар, эзэмшигч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн ашиглаж байгаа газартаа кадастрын зураг хийлгэх, газрын улсын бүртгэлд бүртгүүлэх, нэгж талбарын дугаар авах асуудал тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нийтлэг илэрч байгаа дутагдал юм. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг газрын улсын бүртгэлд бүртгэснээр газрыг зохистой ашиглах, хамгаалахаас гадна газрыг зориулалтын дагуу ашиглах, нөхөн сэргээх болон хамгаалалтын зурвас тогтоох, газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл үнэн зөв гарах чухал ач холбогдолтой. Орон нутагт ялангуяа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс эрх бүхий Засаг дарга тухайн газарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэнээр газар ашиглалтын байдалд хүндрэл гарч, зөрчил маргаан үүсэж байна.

Газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь газрыг улсын бүртгэлд бүртгүүлсэнээр ашиглаж байгаа газар түүн дээр баригдсан барилга, байгууламж нь хууль эрх зүйн хувьд бүрэн хамгаалагдаж газрын талаар зөрчил, маргаан гаргахгүй байх боломжтой юм.

Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хуулийг дагаж мөрдөж хэвших нь чухал байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ