• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИД ЗОРИУЛСАН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

2018 оны 8 сарын 23 566

Ихэнх хүнсний бүтээгдэхүүн байгалийн цацраг идэвхт изотопыг тодорхой хэмжээгээр агуулдаг хэдий ч хязгаарлах, зөвшөөрөгдөх хэмжээ гэж байдаг. Байгалийн цацраг идэвхт изотопуудаас хүнсний бүтээгдэхүүнд хамгийн түгээмэл байдаг нь Кали-40 изотоп бөгөөд үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хатаасан, нөөшилсөн бүтээгдэхүүн, хуурай сүү зэрэгт бусад хүнсний бүтээгдэхүүнээс харьцангуй их хэмжээтэй байдаг.

Харин зохиомол цацраг идэвхт изотоп нь цацраг идэвхт задгай үүсгүүрийн хэрэглээ, хөрш зэргэлдээ орнуудын цөмийн байгууламж, цөмийн туршилт, цөмийн осол зэргээс гадаад орчинд тархдаг.

Өөрөөр хэлбэл зохиомол цацраг идэвхт изотопууд нь байгаль дээр байдаггүй, байгалийн гамшиг, хүний буруутай үйл ажиллагаа (Тухайлбал 1986 онд Украйн улсад болсон Чернобыль, 2012 онд Япон улсад болсон Фукушима цөмийн цахилгаан станцын осол г.м) зэргээс үүдэн гадаад орчинд тархаж, улмаар хүнсний бүтээгдэхүүнээр дамжин, хүний биед хуримтлагдаж, дотоод шарлага үүсгэх эх үүсвэр болдог.

Монгол орны хувьд зохиомол цацраг идэвхт изотопын бохирдол болон хаягдал үүсгэх эх үүсвэр байхгүй     хэдий ч цөмийн хэрэглээ өндөртэй хоёр том гүрний дунд өргөн уудам газар нутагт оршдог, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн дийлэнх хувийг гадаадаас импортлодог учир хил дамнасан цацрагийн бохирдолд өртөх эрсдэл өндөр байдаг. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь хэсэгт заасан чиг үүргийн дагуу хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд цацрагийн аюулгүй байдлын хяналтыг тавьж, ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж ялангуяа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль /ХБАБХТХ/-ийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хуульд заасан дотоодын хяналтыг хэрэгжүүлэхдээ өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын нэг үзүүлэлт болох цацрагийн аюулгүй байдлын хяналтад тогтмол хамруулах;

2. Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх, импортын шинэ түүхий эдийг технологидоо нэвтрүүлэх, экспортод гаргах, үзэсгэлэн худалдаанд оролцохдоо урьдчилан цацрагийн хяналтын шинжилгээнд хамруулж байх;

 

3. Бүтээгдэхүүн, түүхий эдээ цацрагийн хяналтын шинжилгээ хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахдаа ХБАБХТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэдээллийг цаасан хэлбэрээр ирүүлэх;

Цацрагийн шинжилгээ хийлгэхийг хүсвэл дараах лабораториудад хандах боломжтой.

  • МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори /бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн/

 

  • Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн цацрагийн итгэмжлэгдсэн лаборатори /мах, сүү, ургамал/

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ