• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Барилгын зураг төсөл дэх архитектур төлөвлөлтийн шаардлагыг хангуулах тухай / ЗӨВЛӨМЖ /

2019 оны 3 сарын 14 74

БАРИЛГЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ,  ЗАХИАЛАГЧ, ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД

Барилгын (архитектур төлөвлөлт)зураг төслийн боловсруулалтын явцад Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, журам, стандартын холбогдох шаардлагуудыг хангахгүй нийтлэг зөрчил дутагдлууд жил бүр давтагдан илэрч байгаа нь барилгуудын ашиглалтын үед хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл, аюулгүй байдал алдагдах, байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ногоон байгууламж хомсдох нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд барилгын ажлын улирал эхэлж байгаатай холбогдуулан учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох зорилгоор барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, зураг төсөл зохиогч аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах арга хэмжээг авч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна. Үүнд:

  1. Барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн хүрээнд  барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэх;
  2. Хөрөнгө оруулагч, захиалагч нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу тухайн барилга байгууламжийн байршил, загвар зургийг боловсруулж батлуулах, байр зүйн дэвсгэр зураг, инженер геологийн дүгнэлт гаргуулах, техникийн нөхцөлийг авах ажлыг зохион байгуулах;
  3. Барилгын зураг төслийг боловсруулахдаабатлагдсанхот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.6.3-д заасны дагуу барилгажих талбай нь тухайн төлөвлөлтөнд хамрагдсан газрын 70 хувиас илүүгүй, 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байхаар төлөвлөх;
  4. Барилга байгууламжийн хоорондын болон гал тусгаарлах хамгаалалтын зай нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-ийн 4.18, заавал мөрдөх 4 дүгээр хавсралт, “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм” /БНбД 31.01.04/-ийн 2.11, заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын дагуу тогтоож төлөвлөх;
  5. Орон сууц, олон нийт, иргэний барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацааг “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарын тусгалын (ээвэрлэлтийн) хангамж /БНбД 23-04-07/-ын дагуу тооцож төлөвлөх;
  6.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг Хот байгуулалтын тухай хуулийн 20 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 12 дугаар зүйлийн 12.1.6, 15 дугаар зүйлд заасны дагуу хангаж төлөвлөх;
  7. Орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэрийн туслах барилгын доторхи тусгаарлах бүтээцийн дуу тусгаарлах арга хэмжээг барилгад “Дуу чимээ тусгаарлалт” /БНбД 23-05-10/-ын дагуу тооцож төлөвлөх;
  8. Орон сууцны барилгын цахилгаан шатыг унтлагын өрөөний ханатай зэрэгцээ байрлуулахгүйгээр төлөвлөх ба бусад өрөө тасалгаатай зэрэгцээ төлөвлөх тохиолдолд “Дуу чимээ тусгаарлалт” /БНбД 23-05-10/-ын дагуудуу чимээ тусгаарлах хийцлэлийн арга хэмжээ авах;
  9. Олон нийтийн барилгад цахилгаан шатны ба түүний төхөөрөмжийн өрөө болон шатны хонгилыг сургуулийн өмнөх насны хүүхдийн өрөө, сургалтын байгууллагын анги, танхим, олон нийтийн барилгад байрлах сууцны өрөө, үзвэрийн танхим, уншлагын танхим, клубын өрөө тасалгаа, тогтмол хүнтэй байдаг өрөөнүүдтэй шууд тулгаж байрлуулахгүйгээр төлөвлөх;
  10. Барилга байгууламжийн зураг төсөлд(архитектур төлөвлөлт)захиалагчийн зүгээс өөрчлөлт оруулахдаа барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах;
  11. Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь эрх бүхий байгууллагаар батлагдаж, магадлалаар хянагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгүүлэх;
  12. Барилгын угсралтын явцад захиалагч, зураг төсөл зохиогч аж ахуйн нэгж, байгууллага нь “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”, “Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийн дагуу хяналт шалгалтыг тогмолжуулах, эдгээр шалгалтаар илэрсэн зөрчил дутадлыг бүрэн арилгуулж хэвших:
  13. Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, зураг төсөл зохиогч аж ахуйн нэгж, байгууллага нь Хот байгуулалтын тухай, Барилгын  тухай хуулиуд болон салбарын бусад хууль эрх зүйн актуудыг мөрдөж, хуулиар хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ