• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Барилгын, ус хангамж, бохир ус зайлуулах үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаарх зөвлөмж

2019 оны 6 сарын 21 429

Монгол Улсад их бүтээн байгуулалтын ажил өрнөж, барилгын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байна. Гэвч сүүлийн жилүүдэд барилгын салбарт үйлдвэрлэлийн ноцтой осол олон удаа гарч, эрдэнэт хүний амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвар алдах, тахир дутуу болох, осол гэмтэлд насанд хүрээгүй хүүхэд өртөх зэрэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал ойр ойрхон давтагдан гарах боллоо.

Барилга, усан хангамж, бохир ус зайлуулах салбарт 2016 оноос 2018 онуудад үйлдвэрлэлийн осолд 78 бүртгэгдэж, 19 хүн нас барсан байна.

Энэ нь уг салбарын ажил олгогчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хууль, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хаалт хамгаалалтыг хангалтгүй хийдэг, өргөх, зөөх механизмын бүрэн бүтэн байдлыг хянадаггүй, сургалтад хамрагдаагүй насанд хүрээгүй хүүхдийг дадлага хийх нэрийдлээр болон мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэглэлийг хэрэглэж заншаагүй, анхаарал болгоомжгүй байдал зэрэг нь осол гарахад нөлөөлж байна.

Иймд барилга, усан хангамж, бохир ус зайлуулах салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогч, энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй ажилтан нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээр дурдсан зөрчлүүдийг бүрэн арилгаж, энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн осолгүй байгууллага, хамт олон, иргэн болгохын тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах ЗӨВЛӨМЖИЙГ  хүргүүлж байна.

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, тогтоомж, үндэсний стандарт, түүнтэй холбогдуулан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг барилгын салбарын бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүний шат дамжлага, нэгж, цех, тасаг, бригад бүр хатуу мөрдөж ажиллах.

2. Барилга, усан хангамж, бохир ус зайлуулах ажлыг эхлүүлэхийн өмнө “Аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” боловсруулж, Ерөнхий захиалагч компанийн захирлаар батлуулан ажиллах. Энэ төлөвлөгөөнд ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, тохиолдож болох аюул ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох тоног төхөөрөмжүүдийн зөвшөөрлийг авах, барилгын ажлын үе шат бүрд авах ХАБЭА-н арга хэмжээг  барилгын ажил эхлэхээс улсын комисст хүлээлгэж өгөх хүртэлх хугацааг хамруулан нарийн төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиллах.

3. Барилга, усан хангамж, бохир ус зайлуулах үйлдвэрлэлийн талбайд аюул осол гарч болзошгүй бүсийг барилгын ажлын үе шат бүрд урьдчилан тогтоож, сэргийлэх дохио, санамж, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ тавьж, хаалт хамгаалалтыг бүрэн хийж хэвших.

4. Захиалагч нь ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, ХАБЭА-н арга хэмжээнд шаардагдах зардал, хүлээх хариуцлагыг тодорхой тусгуулж түүнд хяналт тавьж хэвших.

5. Барилга, усан хангамж, бохир ус зайлуулах үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа ачаа өргөх, зөөх, буулгах тоног төхөөрөмжийн зөвшөөрлийг авсан байх, ашиглалтын паспортыг хөтлөх, бүрэн бүтэн байдлыг тогтмол хянах, аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааврыг чанд сахиж ажиллах.

6. Ажилтнуудаа аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, шалгалт авсан байх, өөрийгөө болон хамтран ажиллагчдынхаа эрүүл, аюулгүй нөхцөлийг хангаж ажиллах соёл, дадлыг ажилтан бүрд эзэмшүүлэх.

7. Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, байгууллагын ХАБЭА-ны зөвлөл, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх байнгын комисс болон ХАБЭА-н алба, ажилтныг орон тоо, бүтцээр нь ажиллуулах, мэргэшүүлэх.

8. ХАБЭА-ны урьдчилан сэргийлэх зардлыг хангалттай хэмжээнд төлөвлөн зарцуулж, шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр ханган, ажилтнуудад зориулалтын дагуу бүрэн хэрэглүүлж хэвшүүлэх.

9. Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон  ажлын байрны жагсаалт”-нд заасан ажлын байранд 18 нас хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох.

10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээг хийж биелэлтийг хангуулах зорилгоор Засгийн Газрын 2011 оны 311 тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулж дотоод хяналт шалгалтыг тогтмол ажиллуулж хэвших.

Энэхүү ЗӨВЛӨМЖ-ийг Барилга, усан хангамж, бохир ус зайлуулах салбарын ажил олгогч, иргэд өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлж мөрдөж ажиллахад онцгой анхаарч ажиллахыг зөвлөмж болгож байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ