• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

2017 оны 11 сарын 16 360

Сүүлийн жилүүдэд Монгол улсын “Эрчим хүчний тухай” хууль, “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-д заасан  “Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулах,  хүн оршин суух, гэр, хашаа барихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамгаалалтын зурваст ард иргэд суурьших, аж ахуйн нэгж, байгууллагууд барилга барих, газар шорооны ажил хийх, үйлдвэрлэл эрхлэх зэргээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь ихсэж байна.   

Үүнд иргэдийн дундах цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвасын талаарх ойлголт муу, энэ талын мэдээлэл, сурталчилгаа тааруу байгаа нь нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Юуны түрүүнд өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвасын талаар товч ойлголтыг өгье.

Бид бүхний өдөр тутмын хэрэгцээ, хэрэглээ болсон цахилгаан эрчим хүч ямар шат дамжлага дамжиж гэр орон, үйлдвэр, байгууллагад ирдэг вэ? Та үүнийг мэдэх үү?

Цахилгаан станцад үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь үйлдвэрийн хашаанаас гараад цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний дэд станц, хуваарилах байгууламж, агаарын болон кабель шугамаар дамжиж бидний гэрт ирдэг. Эдгээр дэд станц, цахилгаан шугам сүлжээнд гэмтэл гарахгүй хэвийн найдвартай ажиллаж байгаан нөхцөлд бид гэрэл цахилгаантай байх нь ойлгомжтой. Хэвийн ажиллагааг хангахын тулд мэргэжлийн инженер техникийн ажилтан, ажилчид тусгай зориулалтын машин, техник хэрэгслээр тогтмол үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх, иргэд хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, байгалийн гамшигаас /их хэмжээний цас орох, цасан болон шороон шуурга, үер усны аюул гэх мэт/ болж цахилгааны шугам, тоноглолд гарсан гэмтлийг олж тусгаарлан, хэрэглэгчдийг богино хугацаанд цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Иймээс өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамгаалалтын зурвасыг нэг талаас машин техникээр явж  шугам, дэд станцын тоноглолд засвар үйлчилгээ хийх зориулалттай чөлөөтэй байвал зохих газар нутгийн хэмжээг, нөгөө талаас хамгаалалтын зурвас газарт оршиж байгаа аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэдийн амь нас, өмч хөрөнгө нь хохирол эрсдэлд  өртөхгүй байх нөхцөлүүдийг бүрдүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хуульчлан баталгаажуулж өгсөн  байдаг. “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-д зааснаар шугам сүлжээ, дэд станцын хамгаалалтын зурвас нь доорх хэмжээтэй байна.

 

 

 

 

 

Шугам сүлжээний хүчдэлийн түвшин

Хүн оршин суудаггүй газраар өнгөрөх нөхцөлд

Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд

Дэд станц, хуваарилах байгууламж

Шугамын захын утаснаас хоёр тийш

Тал бүр тийш

1

Цахилгаан дамжуулах шугам

а/ 1 кВ хүртэл

-

1-1.5 м

-

2

б/ 1-20 кВ хүртэл

10 м

2 м

10 м

3

в/ 35 кВ хүртэл

15 м

4 м

15 м

4

г/ 110 кВ хүртэл

20 м

5 м

20 м

5

д/ 220 кВ хүртэл

25 м

6 м

25 м

Энэ зурвас газарт ямар ч байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд эдэлбэр газар олгох, дур мэдэн барилга байгууламж, хашаа гэр, агуулах сав барих, мал амьтан үржүүлэх, бэлчээх болон бусад ямар ч ажил үйлчилгээ хийхийг хатуу хориглосон байдаг. Уг дүрмийн тавдугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалтын зурвасыг тогтооно” гэсэн ба арван зургаадугаарт “Энэхүү дүрмийн биелэлтэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эрчим хүчний зохицуулагч болон хяналтын улсын байцаагч, эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага өөр өөрийн чиглэлээр хяналт тавьж хууль дүрмийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх үүрэг эрхтэй” гэж  заасан байдаг.

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын утсууд нь тодорхой шалтгааны улмаас /ашиглалтын элэгдэл хуучралт, гадны механик цохилт, хүчтэй салхи шуурганы улмаас/ бэхэлгээ нь гэмтэх, тулгуур унах, хүчдэлтэй утас тасарч хүн, амьтан, гэр, байшин дээр унавал  шугам, дэд станцын хамгаалалтын зурваст суурьшсан аж ахуйн нэгж, ард иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд нөхөгдөшгүй гарз хохирол учруулах хор хөнөөлийн хэмжээ дэндүү их юм. 

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК-ийн зүгээс өндөр  хүчдэлийн шугам, дэд станцын хамгаалалтын зурваст буусан эдгээр айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад удаа дараа нүүх талаар мэдэгдэл, албан шаардлага өгдөг боловч “үхсэн ч гомдолгүй гэсэн юм яриад нүүхгүй өдийг хүрсэн байна. Тэр ч байтугай дэд станцын /газар доорх байрлалтай/ газардуулгын хүрээн дээр айлууд ихээр суурьшиж байна. Газардуулгын хүрээ нь дэд станцын ойролцоо газар доогуур байрлалтай байгууламж бөгөөд дэд станцад аянга буух, хэт хүчдэл үүсэх үед газардуулж аюулгүй болгох зориулалттай хийгддэг. Гэтэл эдгээр айлууд хашаа, байшин барьж газар ухах үедээ газардуулгын хүрээг тасалж, гэмтээх, пульса төмрийг авч хувьдаа ашиглах зэргээр техник ашиглалтын дүрэмд заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс газардуулгын хүрээний эсэргүүцлийг ихэсгэж байна. Энэ нь дэд станцын ойролцоо аянга буух, дотоод хэт хүчдэл үүссэн тохиолдолд газардуулах байгууламж хэвийн ажиллах боломжийг алдагдуулахаас гадна хамгийн гол нь уг дэд станцын газардуулгын хүрээн дээр нь бууж, суурьшсан айл өрх, ард иргэд аянганд цохиулах, хүчдэлд нэрвэгдэх, цахилгаан хэрэгсэлүүд шатаж гэмтэх зэрэг аюултай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Хор хөнөөлийн талаар сануулж хэлсээр байтал ийм л аюултай орчинд иргэд дур мэдэн суурьшиж амьдарсаар байна.

Мөн өндөр хүчдэлийн  цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын хийц эд ангийг тайлж авах, агаарын шугамын дамжуулагч утсыг  хулгайлан авдаг сөрөг үзэгдэл гарч байна. Төмөр хийц алдагдсан үед тэр цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур байгалийн энгийн үзэгдэл (тооцооноос бага хүчтэй салхи, шуурга гэх мэт)-ийн үед хугарах, унах зэргээр ойр орчинд нь байгаа хүн амьтны амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд нөхөгдөшгүй хохирол учруулах бодит аюулыг бий болгож байна.

 

Эрчим хүчний  байгууллагууд болзошгүй аюулаас ард иргэдийг хамгаалах, эрчим хүчээр тасралтгүй хангах зорилгоор тэдгээр алдагдсан төмөр хийц хэсэг, дамжуулагч утсыг нөхөн хийж олон сая төгрөгний нэмэлт зардал гаргадаг бөгөөд  мөн түүнчлэн зарим аж ахуйн нэгж, байгууллага, иргэд  хууль дүрэм мэддэггүй, мэдсэн ч биелүүлдэггүйгээс өндөр хүчдэлийн агаарын шугамын ойролцоо үйл ажиллагаа явуулж эрчим хүчний салбарт ноцтой хүндрэл учруулсаар байна.

Мөн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулагч утас, тоног төхөөрөмж нь эргэн тойрондоо цахилгаан соронзон орон үүсгэж байдаг бөгөөд түүний нөлөөгөөр үүссэн нөлөөллийн хүчдэл нь алс зайнаас хүн амьтанд нөлөөлдөг (тогонд цохиулах) тул амь нас, эрүүл мэндээ алдах, эд материалын хохирол амсах аюултай. Өөрөөр хэлбэл цахилгаан шугам сүлжээний тоноглол, гүйдэл дамжуулах хэсэг, агаарын шугамын утсанд хүмүүс 2 метрээс, краны хошуу өргөсөн болон тээвэрлэж яваа ачаа                        5 метрээс дотогш зайд ойртож болохгүй гэсэн үг. Дурьдсан зай хэмжээг зөрчсөнөөс  сүүлийн жилүүдэд хүний амь нас хохирох, олон мянган хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр удаан хугацаагаар тасалдсан зөрчил, ослууд гарч байна. Тухайлбал:                                  

1. 2008 оны зургадугаар сарын 13-нд МКБ компанийн  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Туул голын хөвөөнд барьж байсан UB Town хотхоны барилгын хашаанд  110 кВ-ын шугамын хамгаалалтын зурваст чингэлэг өргөж байсан кран нөлөөллийн хүчдэлд орсноос дөрвөн хүн хүчдэлд цохиулан нэг нь газар дээрээ нас барьж, гурав нь хүнд бэртэж, мөн систем үүсгэгч 110 кВ-ын  105 дугаар шугам хамгаалалтаар тасарсан.

2. 2010 оны 2 дугаар сарын 10-нд иргэн “Х” 10 кВ-ын Чингэлтэй агаарын шугамаас цахилгаан татах /өөрийн гэрээ холбох/ зорилгоор авирч гаран амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг тус тус гарсан байна.

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, тоног төхөөрөмжид зөвшөөрөгдөх зайнаас ойртох, хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулах нь амь нас, эрүүл мэндээрээ хохирч, өөрт болон улс, нийгэмдээ их хэмжээний хохирол учруулж болохыг дээрх жишээнээс тодорхой харагдаж байна.

Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд газар, хашаа байшин худалдаж авах, эзэмшихээр төлөвлөж буй хүмүүс өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын хамгаалалтын зурвас, газардуулгын байгууламж дээр оршин суугаа эсэхээ мэргэжлийн байгууллагаар /цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ компаниуд/ тогтоолгож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Цаашид албан байгууллага,  аж ахуйн нэгж, ард иргэдэд эдэлбэр газар олгодог эрх бүхий байгууллагууд хуулиар баталгаажсан  хамгаалалтын зурваст газрын зөвшөөрөл олгохгүй байх, нийслэл, дүүргийн газрын албадын холбогдох ажилтнууд болон хороо, хэсгийн ажилтнууд өөрсдийн харъяалах газар нутгийнхаа хэмжээнд дээрх хууль дүрмийг сахиулах талаар мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллах шаардлагатай байна.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ