• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

100 айлын барилгын захыг намар гэхэд бүрэн нүүлгэнэ

2018 оны 6 сарын 7 58

 

Г.НЯМСҮРЭН

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон 100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлыг судлах ажлын хэсэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дүүргийн газрын албаны төлөөлөгчид 100 айл дахь барилгын материалын зах болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа. Энэ үеэр 100 айл орчимд худалдаа эрхлэгчид иргэд албаны хүмүүстэй уулзаж, санал бодлоо хэлэв. Иргэдийн хувьд нийслэлээс хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж байсан. Гэхдээ нүүлгэн шилжүүлж, тохижуулах ажлаа хурдан шуурхай хийхийг иргэд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхнаас хүссэн юм. Зарим иргэн "100 айл орчмын худалдаа эрхлэгчдийг биш Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Энэ хавийн түгжрэлийг үүсгэдэг гол буруутан нь бид биш төрийн байгууллага" хэмээн бухимдангуй өгүүлж байв. Уг ажлын хэсгийнхэн 100 айлын төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийн өнөөгийн байдлыг судлах явцдаа иргэдтэй уулзаж, мэдээлэл өгч байсан юм.

Тэд 100 айлын орчимд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд 2018-2020 онд гурван үе шаттай ажил хийхээр төлөвлөж эхнийхийг нь амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хотын баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлан амжилттай гүйцэтгэсэн байна. Ийнхүү Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэр комбинатад 100 айлд байрлах барилгын үйлдвэрүүдийг нүүлгэхээр болоод байгаа аж.

Энэ үеэр холбогдох албан тушаалтны сэтгэгдлийг хуваалцлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан:

-100 айл орчмын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг барилгын үйлдвэрүүд удаан хугацаанд зөрчсөөр ирсэн. Энэ асуудлыг шийдэхээр бид олон талт ажил өрнүүлж байна. Юуны түрүүнд ил зайдгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ орчмын барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэж шилжүүлнэ гэхээр бүх байгууллага иргэнийг хөөж гаргах юм шигээр ойлгоод байна. Бид зөвхөн зөвшөөрөлгүй, шаардлага хангаагүй байгууллагын үйл ажиллагааг хориглож нүүлгэн шилжүүлж байгаа юм. Мөн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан хор хөнөөлтэй үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагын үйл ажиллагааг зогсоох болно.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга:

-100 айлын барилгын захыг ирэх есдүгээр сарын 1-нд бүрэн нүүлгэн шилжүүлнэ. Үүний дараа энэ орчимд байрлах шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж, ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах, шинэ худалдаа үйлчилгээний төв бий болгох зэрэг ажлыг дэс дараатай хийнэ. Нийслэлээс зохион байгуулж буй энэ ажилд иргэд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажиллах нь юу юунаас чухал байгаа юм.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ