• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Паркийн зургаан тоглоомыг түр зогсоолоо

2018 оны 6 сарын 25 160

С.МАРАЛ

Энэ сарын 13-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "Сансрын хөлөг" тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтсэн. Тодруулбал, зургаан хүүхэд, хоёр том хүн тоглож байгаад зогсох үед хоёр гарны нэг нь хугарч дээд талын хөлөгт байсан дөрвөн хүүхэд бүхээгийн хамт доор байрласан хөлгийн бүхээгийн зүүн талыг дарж унасан осол гарсан билээ. Энэ талаар НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "Хүүхдийн баяр болохтой холбогдуулан манайхаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж, тавдугаар сарын 22-ны өдөр зөвлөмж хүргүүлсэн ч Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүгээс "Бид зөвлөмжид тусгагдсан засвар үйлчилгээг тогтмол хийж, хөдөлмөр хангамж, аюулгүй байдлаа өдөр бүр тогтмол ханган ажиллаж байна" гэсэн хариу ирсэн. Гэвч осол гарсан" гэв.

Тус зөвлөмжид "Сансрын хөлөг" тоглоомын дээд талын гагнаасны хэсгийг солих хэрэгтэй. Бэхжүүлэгч хийж өнгө үзэмжийг сайжруулах, бүх тоглоомд өдөр тутмын үзлэг шалгалтыг тогтмол хийж байх" талаар тусгажээ. Гэвч ослын дараа шалгалт хийхэд тоглоомын гар хугарсан хэсгийн төмөр хийц, холбоос шилбэний хуучин ан цав гарсан байжээ. Шалгалтын үеэр өргөх механизмаар ажилладаг динозавр, тагада, гинж, мэлхий үсрэлт, том, жижиг галзуу хулгана зэрэг зургаан тоглоомыг түр зогсоосон аж. НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "Динозавр, тагада тоглоомны хувьд даралтат сав хэрэглэж ажилладаг. Гэвч даралтат савыг улсын бүртгэлд өдийг хүртэл бүртгүүлээгүй, аюулгүй байдал, ашиглах дүрмийг зөрчсөн. Улсын байцаагчдын нэгдсэн дүгнэлт ирэх долоо хоногт гарна. Зөрчлүүд бүрэн арилсны дараа үйл ажиллагаа дахин явуулах эсэхийг шийднэ" гэлээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд НМХГ-т шилжиж ирсэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах аж.

Харин эрсдэл багатай гэж үнэлэгдсэн дугуйт завь, морин тойруулга гэх мэт бусад тоглоом ажиллаж эхэлжээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ