• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Улсын бүртгэлгүй эмүүдийг хурааж, зөрчлийн хэрэг үүсгэжээ

2018 оны 6 сарын 29 87

Ч.БОЛОРТУЯА

УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгдсэн эмнэлгийн зүүн урд барьсан цэнхэр асрын дэргэд олон хүн бужигнан, чимээ шуугиан ихтэй байлаа. Асрыг тойрсон төмөр хаалганы дэргэд зогссон ногоон эрээн хувцастай хэдэн залуу "Бүртгэл дууссан, эм олгохгүй" гээд иргэдийг халгаахгүй байв. "Манай улсад хүмүүнлэгийн шугамаар ирж, эмчилгээ хийж байсан солонгос эмч нарын авчирсан эмийг хураагаад явчихлаа" гэсэн иргэний мэдээллийн дагуу бид тус газарт очсон юм.

Ажлын үнэмлэхээ үзүүлэн, гэрэл зурагчны хамт дотогш нэвтрэхийг хүссэн ч зөвшөөрсөнгүй. Эмнэлгийн байгууллага хэрнээ хорих газар мэт хүн оруулахгүй байсан нь хачирхалтай. Улбар шар өнгийн хувцастай эмэгтэй биднийг нэгэн солонгос хүнтэй холбож, хэл амаа ололцсоноор эмч болон иргэдтэй уулзах боломж бүрдэв.

Эмнэлгийн гаднах цэнхэр асарт эмчид үзүүлэх хүмүүсийг бүртгэж байв. Зарим нь 01.00, 03.00 цагт ирж, дугаар бичүүлснээ учирлав. Өдөрт 500 орчим хүн үзүүлж буй гэнэ. Даваа гарагт үзүүлсэн хүмүүс эм авах гэж ирсэн ч мэргэжлийн хяналтын байцаагч нар хураасан гэсэн тайлбар сонсчээ. Үүдэнд нь "Вонгван боловсролын сангийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь сайн үйлсийн аян. 2018.06.25-28" гэсэн самбар байрлуулсан эмнэлэг рүү ороход "Нүд, чих, эмэгтэйчүүд" үзэж байна гэсэн зарлал хаа сайгүй наажээ. Өрөө болгоны үүдэнд урт дараалал, цаас барьсан хүмүүс бухимдангуй зогсоно. "Уролог" гэсэн өрөөнд хүн үзэж байсан "Вонгван" их сургуулийн эмнэлгийн Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга, профессор Сео Ил Юнээс болсон явддыг тодрууллаа.

СЕО ИЛ ЮН: АШИГ ОЛОХ ГЭЖ ИРЭЭГҮЙ УЧРААС ХУРААСАН ЭМИЙГ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСТ ӨГӨӨСЭЙ

-Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ. Эмчилгээний ямар тусламж үзүүлж байгаа вэ?

-Монголд гурав дахь удаагаа ирсэн. Эмчилгээний шугамаар 70, туслах болон бусад ажилтантай нийлээд 90 орчим хүн ирсэн. Солонгосын уламжлалт эмчилгээ, шүд, уролог, арьс өнгө, дотор, эхо, нүд, харааны шил тааруулах, эмэгтэйчүүд, хүүхдийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

-Та бүхний авчирсан эмийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хураажээ. Ямар шалтгааны улмаас хураасан юм бэ?

-Монголд оруулж ирэхээсээ өмнө эмийн зөвшөөрөл авах ёстой байсан юм билээ. Гэтэл бид оруулж ирчихээд, дараа нь зөвшөөрөл авсан учраас хураасан гэсэн. Монгол Улсын хууль, журмыг мэдэхгүй тул ийм асуудал гарлаа.

-Өмнө нь хоёр удаа иржээ. Тэр үедээ эм тараасан уу, ийм асуудал гарч байв уу?

-Эм оруулж ирж, өвчтөнүүдэд тараасан. Яг л тэр журмаараа оруулж ирсэн ч одоо яагаад болохгүй гэснийг ойлгохгүй байна. Бид 2010 оноос Төмөр замын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж, олон эмч, сувилагчийг Солонгост суралцуулан, туршлага солилцсон. Тус эмнэлэгт ЭХО болон дурангийн аппарат хандивласан. Бид ашиг олох гэж ирээгүй учраас Монголын Засгийн газар ойлгож, хурааж авсан эм, тариаг өвчтэй хүмүүст нь олгоосой гэж хүсэж байна. Баасан гарагт нутаг буцна. Хураасан эмийг устгах, зарах эсэхийг сайн мэдэхгүй байна.

Тэд 3000 орчим хүнд хүрэлцэх эм, бэлдмэл авчирсан гэнэ. Уламжлалт эмчилгээний наалт болон бусад эмийг олгож амжжээ. Төмөр замын нэгдсэн эмнэлгийн дарга С.Еркегул "Өвчтэй хүмүүс эм авах гэж хүсэж байгааг ойлгож байна, гэвч улсын бүртгэлгүй гээд мэргэжлийн хяналтаас шалгахаар авч явсан учир ямар ч аргагүй" гэв. Үүний дараа бид МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос дараах тодруулгыг авлаа.

Д.БАЯРБОЛД: ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРВОЛ ХЭН ХАРИУЦАХ ВЭ

-Төмөр замын нэгдсэн эмнэлэгт иргэдэд үйлчилж байсан солонгос эмч нарын эмийг яагаад хураасан юм бэ?

-Монгол Улсад эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж байсныг манай байгууллагаас шалгаж эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг битүүмжлэн, зөрчлийн хэрэг үүсгээд байна. Тодруулбал, ЭМЯ-наас зөвшөөрөл аваагүй, 100 орчим нэр, төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн байсныг хураасан.

-Солонгос эмч нар эмчлэх эрхийн зөвшөөрлөө ЭМЯ-наас авсан. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй гэх юм.

-Өмнө нь хоёр удаа ирэхдээ манай байгууллагын хяналтаас гадуур өнгөрсөн байх. Тус эмнэлэгт гуравдугаар сард шалгалт хийгээд албан даалгавар өгснөө хянахаар дахин очсон юм. Тэгэхэд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй солонгос эмч нар ажиллаж байсан. Улсын бүртгэлгүй эм, бэлдмэлийг энэ сарын 23-нд Монгол Улсын хилээр оруулж ирсэн мөртлөө биднийг 25-нд очиход ямар нэг зөвшөөрөл аваагүй байсан. Хил, гаалиар оруулж ирсний дараа ЭМЯ-наас зөвшөөрөл нь гарсан байна лээ. Биднийг хянаж шалгах үед зөвшөөрөлгүй эмээр иргэдэд үйлчилж байсан. Урьд нь ийм байдалтай байсныг ч үгүйсгэхгүй.

-Тэдгээр эмийг устгах уу. "Өмнө нь ууж байсан сайн эмүүдийг хураагаад авчихлаа" гээд тэнд байсан иргэд их бухимдаж байна.

-Хуулийн дагуу хурааж авсан. Эмийг 100 орчим хүн хувааж аваад хилээр оруулж ирсэн юм шиг байна. Хэрэг үүсгэсэн учраас нэмэлт тодруулга, байцаалт авна. Зарим эм нь олон улсын нэршилтэй бол ихэнх нь солонгос хэлээр тайлбартай, юуны эм гэдэг нь мэдэгдэхгүй байна. Иргэд эрүүл мэндээрээ хохирвол хариуцах хүн үлдэхгүй. Солонгос эмч нарын визийн ангилал, таарч байгаа, эсэхийг шалгах шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй. Манай улсын хууль, дүрмийн дагуу лиценз, зөвшөөрөлгүй гадаадын эмч нар, бүртгэлгүй эм, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг зөрчил гарч байгаа учраас иргэд нухацтай хандах хэрэгтэй. Ийм төрлийн зөрчил мэдээллийг МХЕГ-ын 1800- 1286 дугаар утсаар авч байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ