• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Н.Одончимэг: Шалгалтаар “Талст”, “Вита”, “Хану” цэвэр ус нянгийн бохирдолтой гарсан

2018 оны 6 сарын 29 3664

 

М.МӨНХТУНГАЛАГ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас савласан ундаа жүүсний 38 үйлдвэрт шалгалт хийжээ. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын талаар НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэгээс тодрууллаа.

-Ус, ундаа, рашаан, жүүс үйлдвэрлэн савлаж борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгажээ. Торгуулийн арга хэмжээ авсан газар байна уу?

-Манай байцаагчид дөрвөн хяналтын чиглэлээр 311 зөрчил илрүүллээ. Гаргасан зөрчлийн 137 буюу 47.3 хувийг нь газар дээр нь арилгууллаа. Үлдсэн зөрчлийг төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуулийг үндэслэн эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан шаардлага хүргүүлж биелэлтэд хяналт тавина. Зөрчлийн тухай хуулийг үндэслээд 18 аж ахуйн нэгж дээр 15 сая 600 мянган төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулсан.

-Компани аж ахуйн нэгжүүдэд нийтлэг илэрч байгаа зөрчил юу байв?

-Нийт үйлдвэрүүдийн лабораторийн хүчин чадал дутмаг, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, шаардлагатай тоног төхөөрөмж, бодис хүрэлцээгүй гэсэн дүн гарсан. Мөн барилга байгууламжтай холбоотой зөрчлүүд нийтлэг илэрч байна. Үүнээс гадна гүний худаг ашиглаж байгаа үйлдвэрүүд гүний худгийн эрүүл ахуйн хориглолтын болон хамгаалаптын, эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн байлаа. Хоёр аж ахуйн нэгж үйлдвэрийн шинэ барилга барьсан ч албан ёсоор улсын комисст хүлээлгэж өгөөгүй үйл ажиллагаа явуулаад 1-2 жил болсон байна.

-Бүтээгдэхүүний зөрчилтэй аж ахуйн нэгж компанийг зарлаж болох уу. Тухайлбал ямар бүтээгдэхүүн шалгалтад "бүдэрсэн" бэ?

-Лабораторийн шинжилгээтэй хяналтаар Баянгол дүүрэг дэх "Батдайз" компанийн үйлдвэрлэсэн "Талст", "Оюуны холбоо" компанийн "Хану" нэрийн савласан цэвэр ус, Хан-Уул дүүрэг дэх "Витафит инвест" компанийн "Вита" нэрийн савласан цэвэр усанд нянгийн ерөнхий тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-20 дахин өндөр гарсан. Энэ нь эдгээр бүтээгдэхүүн нь нянгийн бохирдолтой байна гэсэн үг юм. Мөн шинээр үйлдвэрлэлийн барилга барьж ашиглалтад оруулсан "Хаан жимс Эс Би Ти" компани, "Эм Жи Эл Акуа" компанитай холбогдох асуудлыг барилгын хяналтад шилжүүлсэн.

-Дээрх хоёр компанийн тухайд үйлдвэрийн шинэ барилга нь ямар зөрчилтэй байсан юм бэ?

-Барилгыг нь өнөөдрийг хүртэл улсын комисс хүлээж аваагүй байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн харьяалалын дагуу барилгын хяналт руу шилжүүлсэн. Барилгын хяналтаар дараагийн шатны арга хэмжээ авна. Улсын комисс хүлээж авч зөвшөөрөл гэрчилгээ олгоогүй байхад дотор нь үйлдвэрлэл явуулаад 1-2 жил болсон байна.

-Ус, ундаа, жүүс үйлдвэрлэж байгаа компаниуд ямар стандартын дагуу түүхий эд буюу усаа бэлтгэх ёстой юм бэ. Гүний усыг савлачихаад цэвэршүүсэн ус гэж зараад байгааг НМХГ-ын дарга хатуу шүүмжиллээ шүү дээ. Хэрэглэгчдээ төөрөгдүүлсэн, хуурсан эдгээр компанид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Мэдээж үйлдвэрүүд төвлөрсөн ус хангамжтай байх ёстой. Хэсгийн буюу гүний усан хангамжтай байж болдог ч гүний худаг нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй байна гэдэг. Харьяа дүүргийнхээ Байгаль орчны газраас албан ёсны зөвшөөрлөө авах ёстой. Дүүргийн Засаг даргатай гэрээ хийх ёстой. Үүн дээр дүүргийн Засаг даргын тамгын газар хяналт тавина. Зөрчлийн тухай хуульд тэгж зохицуулсан байдаг. Гэтэл дүүргээс нь паспорт, зөвшөөрлийг нь олгочихдог гэрээгээ хийдэггүй байх нь элбэг. Гэрээнд дэглэм зөрчихгүй байх, эрүүл ахуйн хамгааллын бүсийн асуудал, тухайн усны эх үүсвэрээ бохирдлоос хамгаалах, нөхөн сэргээх асуудал тусгагдсан байдаг. Гэрээнийхээ нөхцөлийг хангалттай биелүүлсэн нөхцөлд гэрээг сунгах ёстой. Шалгалтын үеэр гэрээг сунгасан эсэх нь тодорхойгүй байхад үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Үнэхээр эдгээр ус, ундаа, рашаан, шүүс үйлдвэрлэн савлаж зардаг газрууд хаяг шошго дээрээ иргэдийг төөрөлдүүлсэн, байх ёстой найрлагын хэмжээг илүү юм уу, дутуу дурьдсан, худал мэдээллийг багтаасан бол хувь хүнийг 300 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, албан байгууллага, аж ахуйн нэгжийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно. Одоогоор дээрх үйлдвэрүүдэд торгуулийн арга хэмжээ авсан бол цаашид алдаа зөрчлөө засч залруулаагүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна.

-Хүнсний бүтээгдэхүүнд мөн шалгалт хийсэн гэсэн. Ямар бүтээгдэхүүнүүд байв?

-Гурил, гурилан бүтээгдэхүүний 39, нөөшилсөн даршилсан бүтээгдэхүүний ес, бялуу бялуун бүтээгдэхүүний тав, далайн байцаа, амтлагч, цай, кофе зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүний зургаа, спиртын хоёр, нийт 81 үйлдвэр цехэд шалгалт хийпээ. Шалгалтаар 41 аж ахуйн нэгж иргэнд 30 сая 950 мянган төгрөгийн торгууль ногдууллаа. Тухайлбал, Багануур дүүргийн "Баяжих" хүнсний мухлагт худалдаалж байсан "Хос Ивээл" компанид үйлдвэрлэсэн "Аянчин" хагас утлагат хиам, "Зочин хүнс" компанийн "Аянчин" хагас утлагат хиам, "Тансаг" зайдас, "Очирдагинас" компанийн нарийн хагас утлагат хиам зэрэг бүтээгдэхүүнд нян судлалын шинжилгээгээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь тогтоогдсон.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ