• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

С.Отгонжаргал: Булаг шанд, худгийн ус үерийн улмаас их бохирдсон байгаа

2018 оны 7 сарын 25 133

Сүүлийн өдрүүдэд хур бороо их хэмжээгээр орж байгаа. Үүнээс улбаалан үерийн аюултай байдал үүссэн. Энэ нь гэдэсний халдварт өвчин болон бусад халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй нөхцөл байдал бий болгоод байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч С.Отгонжаргалаас тодрууллаа.

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн гэсэн. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар есдүгээр сарын 1-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Энэ хүрээнд манай байгууллагаас дүүрэг тус бүрийн Засаг даргад мэдэгдэл хүргүүллээ. Уг мэдэгдэлд үер болсон газрын голомтод нь ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үер болсон бүс нутагт байгаа оршин суугчдыг халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах талаар байгаа. Нийслэлийн есөн дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс үерээс сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр хяналтыг хийж байна. Мөн хүнсний стандарт эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт, бохирдлоос сэргийлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналтууд хийгдэж байгаа. Түүнчлэн манай байгууллагаас Байгаль орчны хяналт болон гадна ил задгай худалдаа хийж байгаа тос тослох материалууд хөрсний бохирдол үүсгэх эрсдэлийг тооцох гэх мэт хяналт шалгалтын ажлуудыг хийлээ. Мөн үер болсон газарт урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтуудыг хийж ажиллаж байна. Харин үер болж буй тохиолдолд бид бусад мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллана.

-Үер болсон газарт бохирдсон хөрсний халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх вэ?

-Үер болсон бүс нутагт иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүд ажиллахдаа өөрийгөө хамгаалах хувцас хэрэгсэл болох усны гутал, хормогч, бээлий, малгай, маск, амны хаалт гэх хамгаалах хэрэгслүүдийг заавал өмсдөг. Тэнд мэдээж гамшиг ослын байдалтай байгаа. Ямар ч эрсдэл үүсэх боломжтой учраас нянгийн бохирдлоос өөрсдийгөө хамгаалах нь чухал. Түүнчлэн урссан хог ялгадас хөрсөнд бохирдол үүсгэчихсэн байгаа учраас яаралтай цэвэрлэн, устгаж зайлуулдаг. Үүний дараа хөрсөнд нянгийн бохирдол үүснэ. Иймээс тэнд нь мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх ёстой. Мэргэжлийн байгууллагыг тухайн дүүргийнхээ харьяаллын нутаг дэвсгэрт үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйжүүлэлт устгал хийдэг аж ахуй нэгжүүдээс сонгодог. Халдваргүйжүүлэлт хийдэг байгууллагууд зөвшөөрөгдсөн бодисоор халдваргүйжүүлэлт хийдэг.

-Үерийн улмаас худаг, булаг шанд хэр бохирдсон байна вэ?

-Үер болсон газарт байгаа бохирдсон ил задгай булаг шандын ус, айлуудын хашаанд байдаг гүний худаг үерийн улмаас маш их бохирдсон байдаг. Тэр усыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь маш эрсдэлтэй. Мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийгдэхээр мэдээж бохирын цооног энгийн бие засах газар, нийтийн бие засах газар тухайн бүс нутагт эрсдэлтэй бүх үерийн ус дайрсан хөрсөнд нь хаддваргүйжүүлэлтийг хийдэг. Гэхдээ иргэд өөрсдөө халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ундны усаа баталгаатай, бохирдоогүй эх үүсвэрээс авч хэрэглэх ёстой. Зарим дүүрэгт булаг шандын усыг унд, ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг. Тийм учраас үерт автсан булаг шандын усыг хэрэглэхээс аль болох татгалзаарай. Мөн айлууд ус нөөцөлдөг савнуудынхаа цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг маш сайн хийх ёстой.

-Иргэд үерийн усны улмаас дэгддэг халдварт өвчнүүдээс өөрсдиигөө хэрхэн хамгаалах вэ?

-Хамгийн түрүүнд үерийн усанд автсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж огт болохгүй. Шууд устгах шаардлагатай. Мөн иргэд гарын эрүүл ахуй гарын ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Бохирдсон тухай бүрд нь заавал бактерийн эсрэг үйлчилгээтэй савангаар угааж хэвшээрэй. Ер нь хашаандаа ч юм уу, үерт автсан бүс нутагт өмссөн гутал углаашийг гэр дотроо өмсөж болохгүй. Заавал сольж хэрэглэж занш. Зайлшгүй дахиж хэрэглэх бол халдваргүйжүүлж угаах шаардлагатай. Үерийн усанд хүүхдүүд тоглож байвал болиулах хэрэгтэй. Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ өөрсдийн хараа хяналтад байлгах, анхаарал халамжаа сайжруулах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй. Хэрвээ гэдэсний халдварт өвчний ямар нэг шинж тэмдэг илрэх юм бол харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандаж оношлуулахыг иргэддээ сануулж байна.

-Гадуур худалдаалж буй жимсний гадуур тослог бүрхэвчтэй хамгаалах бодис байдаг. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Уг асуудал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Ер нь хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай эх үүсвэрээс л авч хэрэглэхийг зөвлөмөөр байна. Гудамж талбайд зарагдаж байгаа ямар нэг хорт хий, утаагаар бохирлогдсон ил задгай худалдаалагдаж байгаа жимс, хоол хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Манай байгууллагаас ил задгай худалдааг хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ. Бид ил задгай худалдаанд байнгын хяналт тавьж ажилладаг.

Б.АМАРТҮВШИН

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ