• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Л.Жаргалсайхан: Монголд цианитын хууль бус хэрэглээ байхгүй

2018 оны 7 сарын 26 145

М.Мөнхтунгалаг

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай цианит, мөнгөн усны хэрэглээ, аюултай хог хаягдлын асуудлаар ярилцлаа.

-Мөнгөн ус, цианит гэхээр л Хонгор суманд бий болж байсан эмгэнэлт дүр төрх сэтгэлд буудаг. Энэ бодисын хоруу чанар, бидний хэрэглээнд ямар хэлбэрээр нэвтэрсэн байдаг вэ?

-Циан гэдэг бол азот, нүүрстөрөгчийн атомаас бүрдсэн нэгдэл. Үүнээс бидний хамгийн сайн мэддэг, айдаг нь натрийн цианит, калийн цианит гэх алтны шороон ордыг боловсруулахад хэрэглэдэг бодис юм. Цианитыг ганц алтны компаниуд хэрэглэдэг, хортой бодис юм гэж ойлговол өрөөсгөл. Цианитын найрлагатай олон төрлийн бүтээгдэхүүн бидний ахуйн болон хүнсний хэрэглээнд бий. Дэлхий дээр үйлдвэрлэж байгаа цианитын 20 орчим хувийг алтны хүдэр боловсруулахад ашиглаж байгаа бол үлдсэн 80 хувийг нь янз бүрийн хуванцар үйлдвэрлэхэд, хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн удаан хадгалагддаг болгоход ашиглаж байна. Мөн цианит нь байгаль дээр дангаараа оршиж байдаг нэгдэл.

-Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд цианит агуулагдаж байдаг гэж ер бодсонгүй. Тухайлбал, ямар бүтээгдэхүүнд байдаг юм бэ?

-Бидний идэх дуртай тоор, хар чавга гэх мэт ястай жимснүүдэд агуулагддаг. Тоор, хар чавганы шүүсэнд цианитын агууламж өндөр гэсэн үг. Энэ бодис нь мөн тамхи татахад, элдэв хог шатаахад, галт уул дэлбэрэхэд гэх мэтээс үүсдэг. Бидний хэрэглээний түвшинд наалдан пад цавуу, барилгын дулаалгын хөөсөнцрүүд, В12 тариа гэх мэтийн найрлагад тодорхой агууламжтай орсон байдаг.

-Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, алтныхан гээд энэ бодисыг өргөн хэрэглэдэг хэсэг бий. Ийм компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хянадаг, шалгадаг тогтолцоо нь хэр хатуу, чанга байдаг юм бэ?

-Мэдээж уул уурхайд алт олборлоход цианит хэрэглэнэ гэдэг бол их хэмжээгээр хэрэглэнэ гэсэн үг. Дэлхийн аль ч улс цианитаас өөр алтны үндсэн ордод ашиглах химийн бодис олоогүй байна. Цианит, мөнгөн ус хоёрыг л түгээмэл хэрэглэж байна. Үүнээс мөнгөн усны хэрэглээг дэлхий нийт хориглосон. Харин цианитыг хэрэглээнээс халахгүй байна. Ингэхдээ маш өндөр хяналт доор, оруулж ирсэн хэмжээ, хил гаалиар орж ирж байгаа он, cap, өдөр гээд бүх зүйл нь бүртгэлтэй, өндөр хяналттай тухайн үйл ажиллагаа явагдах газартаа хүрдэг. Тэгэхээр өндөр шалгуур давсан аж ахуйн нэгжүүд энэ бодисыг ашигладаг гэж ойлгож болно. Эдгээр аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж хүн малын амь нас эрсэдсэн, эрүүл мэндээрээ хохирсон гэх харамсалтай хэрэг гараагүй, бүртгэгдээгүй байна. Мөнгөн усны хяналтгүй, замбараагүй хэрэглээнээс болж хүн мал эндэх, эрүүл мэндийн хувьд хохирсон тохиолдол бол элбэг байсан.

-Хэчнээн компани цианит хэрэглэх зөвшөөрөлтэй вэ. Тээвэрлэлтийн асуудлыг хэрхэн шийдсэн байдаг юм бол?

-Тээвэрлэлт хийхдээ аль болох ус голгүй, аюулгүй газраар хүргэдэг. Манай улсын хувьд цианит хэрэглэх зөвшөөрөлтэй дөрвөн аж ахуйн нэгж бий. Төв аймагт нэг зөвшөөрөл байгаа бол бусад нь Завхан, Баянхонгор, Сэлэнгэд байна. Эдгээр бүртгэл, зөвшөөрөлтэй компаниуд хэрэглэсэн цианиттай хаягдлаа гол, ус руу хаядаггүй. Бүгд мэргэжлийн багийнхны хянаж шалгасан, шаардлага тавьсан стандартын дагуу бодис ашиглах, устгах дэглэм доор үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бүгд хог хаягдлын сантай. Технологийнхоо дагуу хог хаягдлынхаа сан руу цианитаа саармагжуулж бохирдлоо устгадаг.

-Алт олборлогч компаниуд, уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчид бохироо тухайн нутаг дэвсгэртээ хаядаг. Хаягдлаа голд их хэмжээгээр урсгах асуудал одоо ч байсаар. Үүний хамгийн ойрын жишээ нь, Орхон гол боллоо. Мэргэжлийн хүний хувьд үүний хөнөөл, хор уршгийг юу гэж хэлэх вэ?

-Бид хоёр замаар алтаа олборлож байна. Нэг дэх нь үндсэн ордынхоо алтыг боловсруулж гаргаж авч байгаа бол хоёр дахь нь шороон ордоос алт олборлож байна. Шороон ордоос алт олборлож байгаа тохиолдолд ямар ч химийн бодис хэрэглэдэггүй. Үндсэн ордоос алт олборлож байгаа бол цианит хэрэглэдэг. Цианит ашигладаг аж ахуйн нэгжүүдээс бохироо гол руу хийдэг үйлдэл гарах ямар ч боломжгүй. Одоогоос арваад жилийн өмнө гар аргаар алт олборлодог нинжа нар их байсан. Тэр хүмүүс хууль бусаар мөнгөн ус ашигладаг байлаа. Мөнгөн усаар алтаа ялгаад үлдэгдэл шороогоо дахин цианитаар угаадаг байсан үйлдлийг Засгийн газраас нэлээд хатуу арга хэмжээ авсны үр дүнд зогсоож чадсан. Одоогийн байдлаар цианитын хууль бус хэрэглээ монголд байхгүй.

-“Орхон гол улаанаар урсаж эхэллээ” гэсэн харамсалтай мэдээллүүд дахин иргэдийг айдаст автуулж байна. Цианит, мөнгөн усны агууламжтай хаягдлаа хаяж байгаа дүр зураг мөн үү?

-Тухайн үед Хонгорооос гадна, Сэлэнгэ, Төв аймаг, Баянхонгор гээд манай улсын 130 цэгт мөнгөн ус, цианитаар бохирдсон бохирдол үүссэн. Одоо гэтэл энэ төрлийн бодисын хэрэглээ хумигдсан. Олны анхааралд өртөөд байгаа Орхон голын бохирдлын тухайд онцлоход, шороон ордны хүдрийг усаар угааж байгаа юм. Ингэхээр их хэмжээний булингар гол руу орж байгаа гэсэн үг. Түүнээс химийн бохирдол биш. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжүүд шороо угаасан усаа шууд голд нийлүүлэх биш усаа тунгалагжуулаад гол руу хийх ёстой.

-Хавдар үүсгэгч бодис мөн үү?

-Ямар ч бодисын химийн найрлага хэмжээнээсээ хамаараад хүн, малын эрүүл мэнд, амь насанд нөлөөлөх нөлөөлөл өөр. Тухайлбал, цианит, мөнгөн ус хоёр хорт хавдар үүсгэдэг бодис биш.Хүний мэдрэлийн системд л нөлөөлдөг. Мөнгөн устай орчинд удаан ажилласан хүмүүс догшин ширүүн, ууртай, огцом ааштай, саажилттай болдог. Хорт хавдар үүсгэгч бодис гэхээр малчдын малынхаа ариутгал, халдваргүйжүүлэлтэд хэрэглэдэг дүүст юм. Мөн үүн дээр түүхий нүүрс, хуванцар, бензин шатахууны шаталтаас үүсдэг бодисууд нь хамгийн хортой хавдар үүсгэгч гэдэг нь батлагдсан. Тэгэхээр бид иргэдээ мэдлэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Бодис болгон хорт хавдар үүсгэдэг гэх ташаа ойлголтоос салах ёстой. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цианит хэдэн зуун жилээр устдаггүй, хорт хавдар үүсгэдэг, генд нөлөөлдөг гэх зэргээр мэдээлдэг. Гэтэл тийм биш. Зөвшөөрөгдсөн тунгаас хэтрүүлж хэрэглэвэл ямар ч бодис аюултай. Цианит хүний биед орсон бол хагас задралын хугацаа нь 20 минут байдаг. Үхэлд хүргэх тунгаар уугаагүй тохиолдолд эхний 20 минутад хагас нь задарна. Дахиад 20 минут болоход үлдсэн нь задраад алга болдог. Энэ үед амьсгал боогдох шинж тэмдэг илэрдэг. Энэ үед нь агаарт гаргах юм уу, хүчилтөрөгчийн аппаратад оруулах арга хэмжээ авах ёстой.

-Мөнгөн ус, цианит гэх хоёр бодис хор хөнөөлийн хувьд ижил шинж чанартай юу?

-Хоёр өөр шинж чанартай. Цианит амархан задардаг. Хэрэглээндээ хяналт тавих боломжтой бодис. Мөнгөн ус нь элемент учраас задарч алга болдоггүй. Ямар нэгэн байдлаар байгальд алдагдлаа, байгаль орчныг бохирдуулахад хор хохирол нь удаан үргэлжилдэг. Мөнгөн усны гол аюул бол хүний мэдрэлийн системд нөлөөлдөг. Хор хөнөөл нь удаан хугацаанд үргэлжилдэг. Цианитыг хүн үхэлд хүргэх тунгаар уугаагүй бол аюулгүй. Хор нь задарч алга болдог. Их хэмжээний тунгаар уучихсан тохиолдолд хүчилтөрөгчийн дутагдалд ороод тэр доороо үхэх аюултай. Өөрөөр хэлбэл, мөнгөн усны аюул шиг хүний үр удам, генийн түвшинд хүртлээ нөлөөлдөггүй. Ялгаа нь ийм. Мөн хязгаарласан бодисын тоонд орсон байдаг бол мөнгөн усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг бүрэн хориглосон.

-Андуурч хэрэглээд элдэв бодист хордох тохиолдол гардаг. Цианитын хувьд ямар хэмжээтэйг хэрэглэсэн бол тун хэтэрсэн гэж үзэх вэ?

-Цианитын агууламжийг ундны усанд ийм хэмжээгээр агуулагдаж байвал аюулгүй гээд зөвшөөрсөн стандарт байдаг ч нэг хүний хоол хүнснээсээ авч байгаа цианитын хэмжээг гаргасан тоо, судалгаа байдаггүй. Харин агаар дахь цианитын хэмжээ 20-40 мл шоо метр байхад хүний биед хордлогын шинж тэмдэг илэрдэг бол агаарт 300 мл шоо метр циан байхад хүн шууд үхэх аюултай. Энэ бол агаараар хордох аюул. 200 мл-ийн хэмжээтэй цианитын уусмал уусан бол шууд үхэх аюултай. Цианит хатуу, талст бодис. Шатамхай. Үйлдвэрлэлийнхээ савлагаатай байхдаа аюулгүй ч устай урвалд орсон үедээ илүү аюултай.

-Бид өвөл утаандаа хордож байна гэдэг. Энэ утаанд цианитийн хор хэр хэмжээгээр байдаг юм бол?

-Нүүрсний утаанаас их хэмжээгээр ялгардаггүй. Авто машины шатахууны шаталтаас цианит үүсэж агаарт дэгддэг. Түүнээс нүүрсний утаанаас их хэмжээний цианит үүсэхгүй. Тэгэхээр агаарын бохирдолд цианит ийм хэмжээтэйгээр байна гэж хэлэх боломжгүй.

-Бидний өдөр тутмын ахуйн хэрэглээнд “чимээгүй” нэвтэрсэн өөр ямар төрлийн аюултай бодисууд байдаг вэ?

-Ер нь бол химийн бодисын хэрэглээ маш өндөр. Хөгжил дэвшилтэй холбоотой химийн бодис хэрэглэхгүй байгаа салбар алга. Ахуйн хэрэглээнд ч ороод ирсэн. Аяга таваг угаагчгүйгээр бид нэг өдөр ч байж чадахгүй болсон. Шампунь, хувцас цайруулагч, бүх төрлийн гоо сайхны будаг бүгд химийн бодис. Энэ бүхнийг буруу хэрэглэвэл бүгд хор. Малчдын төдийгүй монголчуудын нийтлэг хэрэглэдэг аккумлятор байна. Хөдөөгийнхөн гэртээ 2-5 ширхгийг гэртээ оруулаад тавьчихсан дүр зургийг бидний хэн ч бишгүй харж байсан. Бага насны хүүхэд ч гэлтгүй томчууд өөрсдөө хор уршгийг нь хүртэх нөхцөл үүсчихсэн байдаг. Хэрэглээд ашиглалтаас гарсан энэхүү аккумляторын хаягдлаа дийлэхгүй болчихлоо. Энэ мэт аюултай хог хаягдал бидний тулгамдсан асуудал боллоо.

-Манай улсад хог хаягдлын менежмент гэж зүйл бий юу?

-Хогны асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Ангилж ялгалаа гэхэд, ялгасан хогийг нь хүлээж авах газар байхгүй бол ямар ч ашиггүй. Тэгэхээр ангилсан хог хаягдлыг худалдан авдаг системтэй болох хэрэгтэй. Түүнийгээ байгаль орчинд ээлтэй аргаар дахин боловсруулж, эсвэл устгадаг газар бий болгох нь зүйтэй. Жишээ нь, шил, хуванцар, цахилгаан бараа гэх мэтээр нь ангилаад худалдаж авдаг газар нь байвал иргэд хог болгож хаяхгүй, хэдэн төгрөгөөр солиод л авна. Тиймээс хогийг баялаг гэж үзэн, эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн чухал. Түүний тулд бид хогийг дахин боловсруулдаг, устгадаг газруудыг бий болгох хэрэгтэй. Төр засгаас татварыг бодлогоор шийдэх ёстой. Байгалийн цэвэр түүхий эд ашиглаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдлыг боловсруулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь маш том ялгаатай. Хоёр өөр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст ижил хэмжээний татвар ногдуулах юм бол хэн ч хог хаягдал боловсруулахыг хүсэхгүй. Төр засгаас дэмжээд, нэг л хөл дээр нь босгочих юм бол зах зээлийнхээ жамаар ашиг орлогоо олоод явна. 

-Эрдэмтдийн хувьд технологийн шийдлийн талаар хэр судалгаа хийдэг вэ?

-Менежментийн хамгийн гол зүйл нь хоггүй технологи бий болгох юм. Ямарваа нэгэн түүхий эдийг боловсруулаад, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хог үүсгэхгүй байх гэсэн үг. Үүний талаар хүрээлэн, судлаач нар судалгаа хийж байна. Манай химийн хүрээлэнд малын гаралтай дайвар, ашигладаггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судалдаг. Жишээ нь, малын шилийг боловсруулаад маш их коллаген, уурагт бүтээгдэхүүн, нойр булчирхайг боловсруулж үнэтэй фермент гарган авах гэх мэт. Судлаад, технологийг нь боловсруулаад нутагшуулах зүйлүүд маш их байгаа. Жишээ нь, цахим цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг зөв ашиглах. Гар утасны 26 хувь нь үнэт металл байдаг. Үүнийг дахин боловсруулж ямар нэг зүйл хийдэг болбол маш их баялаг болно. Дэлхий нийтэд хог хаягдлын менежментийг хотын уурхай гэдэг. Байгалийн баялгийг ухахгүйгээр маш их хэмжээний баялгийг буцааж авах боломжтой. Энэ зарчмыг манай улс баримталж, дэлхийн сайн технологиудыг нутагшуулах нь чухал. Хогийг буруу технологиор боловсруулбал бидний нүдэнд харагдаж байгаагаасаа илүү аюултай. Хогийг газар булахад цагийн аясаар ялзраад устана. Харин түүнийг шатаах ч юм уу, буруу аргаар устгавал хэдэн мянга дахин хор хөнөөлтэй. Хог хаягдлын шаталтаас болж генийн өөрчлөлт үүсгэдэг, дархлаа бууруулж, хорт хавдар үүсгэх хортой бодис ялгардаг. Тиймээс устгахдаа анхнаасаа хууль эрх зүйн орчинг зөв бүрдүүлж, үйлдвэрүүддээ зөв шаардлага тавихгүй бол аюултай. Манай улс агаарын бохирдлын асуудлыг ихээр ярьж байна. Хог шатаахад түүхий нүүрс түлснээс хавьгүй их хорт бодис ялгардаг. Өвлийн улиралд гэр хорооллын үнснээс өөр ямар ч хог гардаггүй гэсэн судалгаа гарсан. Иргэд шатаж болох бүх зүйлийг зуухандаа хийж шатааж, эсвэл хогон дээрээ халуун үнсээ хийнэ, эсвэл хогийн цэг дээр халуун үнсээ асгадаг. Энэ бүх нөхцөлд шаталт явж, нүүрснээсээ илүү хортой бодисыг ялгаруулж байдаг. Тиймээс бид хогоо шатаахаа больсон байхад агаарын бохирдлыг зохих хэмжээгээр багасгаж байна гэсэн үг.

Сүүлд нэмэгдсэн мэдээ