• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хулгар шард заналхийлсэн хулгайн анчид номхорсонгүй

2018 оны 8 сарын 2 129

Нэгэн үе хамгийн элбэгт тооцогдож, иргэд хоттой хониноосоо “шийрдэх” мэт хаа дуртай газраасаа хүссэн үедээ агнаж, зооглодог байсан тарваганы тоо толгой жилээс жилд багассаар Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд “Бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй” хэмээн үнэлэгдэх болсон. Манай улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос энэ амьтны нөөц эрс багассан гэж судлаачид үздэг. Тухайн үед 15 орчим сая толгой тарвагатай байсан бол 2001 оны судалгаагаар энэ тоо даруй гурав дахин багассан нь тогтоогджээ.

Үүнтэй холбогдуулан 2005, 2006, 2014 онд байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглож, зарим нутагт хулгар шарыг сэргээн нутагшуулах ажлыг төр, хувийн хэвшлийнхэн нийлж хийх болсон. Үр дүнд нь Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор зэрэг аймагт хулгайн анчдын гарт “хиарсан” тарваганы нөөц сэргэж эхэлсэн юм.

Ач холбогдлыг нь чухалчилсан уу, эсвэл өмнөх сайд нарынхаа жишгийг дагасан уу, БОАЖ-ын сайд (хуучин) Д.Оюунхорол тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жил хориглох шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан юм даг. Энэ тушаалын хүчинтэй хугацааг тооцоолбол ирэх оны есдүгээр сар хүртэл тарвага агнах хориотой. Гэтэл эл тушаал Монголын тал нутагт, тэнд эрх дураар аялж зугаалагсдад ер үйлчлэхгүй байгааг холбогдох албаныхан дуу нэгтэй хэллээ.

Тарвага агнахыг хориглосноос хойших 11 сарын хугацаанд ийм зөрчил 89 удаа гарч, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд 300 гаруйг хулгайн анчдаас хураан авсан байна. Зөвхөн төлөвлөгөөт шалгалт, нэгжлэгээр ил болсон нь энэ гэнэ. Цаана нь хэчнээн тарвага зоог болсныг тооцох аргагүй. Цаг хугацаагаар авч үзвэл, орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн эрчимждэг найм, есдүгээр сард ийм зөрчил хамгийн их гардаг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнэ МХЕГ, ЦЕГ, ОБЕГ-ын хамтарсан шалгалтынхан удахгүй ажилдаа гарах гэж байгааг дуулгаад “Одоо л эхэлнэ дээ” хэмээн “тулааны” цаг ирснийг хэлэв.

Намрынхтай харьцуулахад харьцангуй тайван байдаг зургаа, долдугаар сард ч энэ жил “донсолгоо”-той байжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн МХЕГ-ынхан өнгөрсөн долоо хоногт зөвхөн Дэлгэрхаан суманд шалгалт хийгээд, хулгайгаар авласан 14 тарвага, тэдгээрийг агнахад ашигласан 26 хавх, таван буу хураан авчээ. Үйлдэл дээрээ баригдсан гэмт этгээдүүд машинтай зугтааж, байцаагчдыг багагүй сандаргасан гэнэ.

Мөн Архангай аймгийн харьяат Б, Ц нар хавх тавьж, барьсан олзоо жуулчны баазад амрагсдад нийлүүлдэг байсныг холбогдох албаныхан илрүүлжээ. Тус аймгийн МХЕГ-ынхан хэд хоногийн өмнө урьдчилан сэргийлэх шалгалт хийхдээ 16 тарвага, найман буу хулгайн анчдаас хурааж авсан байна. Үүнтэй зэрэгцээд Баянхонгор аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл түгэв. Нийгэмд шуугиан дэгдээх вий хэмээн холбогдох байгууллагууд энэ асуудалд нэлээд болгоомжтой хандаж байгааг эх сурвалж хэлсэн юм.

Хууль бус агнуурыг таслан зогсоон, энэ төрлийн зөрчлийг бууруулах, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг түгээж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд БОАЖЯ, ЭМЯ, МХЕГ, ЦЕГ, ЗӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гээд цөөнгүй байгууллага оролцоотой. Тэд энэ чиглэлээр жилийн жилд тодорхой ажил хийж, тэмцэж байгаа гэдэг ч үр дүнд хүрэхгүй, хулгар шарын хулгай улам гаарсны шалтгаан юу вэ.

БОАЖЯ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн болон МХЕГ-ын байцаагчаас энэ талаар асуухад “Иргэдийн хариуцлагагүй байдалтай холбоотой” гэв. Өөрөөр хэлбэл, тарвага нийгэм, улс орны аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний аюул тээдэг гэдгийг иргэд тэр бүр ухамсарладаггүй, махыг нь идэж, хорхойгоо дарах хүслээ л чухалчилдаг гэнэ.

Өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд хулгайн антай холбоотой зүйл, заалтууд нэлээд чангарсан гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Өмнө нь зөвхөн тарвага агнасан хүнийг л шийтгэдэг байсан бол одоо худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн гээд энэ үйл ажиллагаанд гар бие оролцсон бүх иргэн хариуцлага хүлээх хууль үйлчилж буй. Гэвч тэдэнд ногдуулах шийтгэл нь дэндүү хөнгөн. Иргэнийг 300 мянга, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох журамтай. Хуулийн энэ зохицуулалт хулгайн анчдын толгойг илж байгаагаас ялгаагүй.

Саяхан нэг иргэн “Ганц тарвагыг 300 мянган төгрөгөөр “нухахад” яах вэ дээ” хэмээн нүүр номдоо тохуутай гэгч нь бичсэн байв. Магадгүй Монголд хууль чанга, хариуцлага өндөр байсан бол иргэд ингэж даналзах байсан уу. Холбогдох байгууллагынхан үүнийг анхааралдаа аваасай.

Ч.НЯМДАВАА: ХАВХААР ТАРВАГА АГНАХ НЬ ОЛШИРЛОО

Тарвага хууль бусаар агнах зөрчил орон нутагт түгээмэл гарч байгаатай холбогдуулан энэ асуудалд хамгийн соргог хандах учиртай МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Нямдаваагаас тодруулга авлаа.

-Хулгайгаар тарвага агнах зөрчлийг арилгах чиглэлээр танай байгууллага ямар ажил хийж байна вэ?

-БОАЖ-ын сайдын тушаалын хэрэгжилтийг хангах, орон нутгийн хяналтыг сайжруулах чиглэлээр МХЕГ-аас урьдчилан сэргийлэх шалгалт тогтмол хийж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой удирдамжийг бүх аймаг, сумын холбогдох байгууллагад хүргүүлсэн. Тарваган тахал гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог 17 аймгийн 137 сум байдаг.

Эдгээр бүсэд урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн эрчимжүүлж, яаж ажиллах тухай албан бичиг, зөвлөмжийг байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, ангийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлсэн. Энэ дагуу орон нутгийн хууль, хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынхан иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөх чиглэлээр нэлээд идэвхтэй ажиллаж байна.

-Амралт зугаалгын улиралд орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. Үүнийг дагаад энэ төрлийн зөрчил нэмэгддэг гэсэн. Энэ зун хэчнээн зөрчил илрүүлсэн бэ?

-Аймгуудад зөвлөмж хүргүүлснээс хойших 14 хоногийн хугацаанд Архангай, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан орон нутагтаа хийсэн шалгалтын тайлан, мэдээллийг ирүүлсэн. Шалгалтаар цөөнгүй зөрчлийг илрүүлсэн. Хэнтий аймагт гэхэд хулгайгаар агнасан 14, Архангайгаас 16, Өвөрхангайгаас 12 тарвага, тэдгээрийг агнахад ашигласан 26 хавх, 16 буу хурааж, зөрчил гаргасан иргэдийг 2.1 сая төгрөгөөр торгож, 5.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан.

Мөн гурван хэрэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа. Зарим иргэн ямар ч бичиг баримтгүй явдаг учраас хариуцлага тооцоход хүндрэл учирч, шалгалтыг удаашруулдаг. Шууд баривчлах эрх бидэнд байдаггүй. Иймд холбогдох байгууллагад санал тавихаар ярьж байна. Хавх нэг үе хэрэглээнээс гарч байсан. Одоо хууль, хяналт чангарахаар иргэд буцаад ашиглаж эхэллээ. Хавх тавьж, тарвага агнах нь олширч.

-Нийслэлд ийм зөрчил хэр гарч байна вэ?

-Харьцангуй тайван байна. Тайлан, мэдээлэл ирээгүй. Зарим аймаг, суманд малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн товчоодод 24 цагийн хяналт, шалгалт гарч, байцаагч нар ажиллаж байгаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ