• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх нь

2018 оны 9 сарын 12 31

"Худалдааг хөнгөвчлөх нь: Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг, оролцоо" сэдэвт олон улсын бага хурлыг Гадаад харилцааны яам, Дэлхийн банк группийн гишүүн ОУСК болон МХЕГ, ГЕГ хамтран өчигдөр зохион байгууллаа. Тэд хилийн хяналтыг илүү үр дүнтэй болгохыг зорьж буй бөгөөд энэ нь хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдаа эрхлэхэд гарах зардлыг бууруулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой аж. Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан "Цаашид хилийн хяналтын цэг, агуулах болон мэдээллийн системийг сайжруулах замаар худалдааг хөнгөвчлөхөд анхаарна" гэв. Импортын бараанаас үүсэх аюул, эрсдэлийг тооцож, 5744 нэрийн бараанаас 3536-г нь хилийн хяналт шалгалтаас чөлөөлж, нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлснээр импорт, экспортын гэрчилгээ олгох хугацааг 3-5 хоногоор бууруулсныг тэрбээр тэмдэглэлээ. Барааг хилээр нэвтрүүлэх үед хяналтын хуудас ашигласнаар хяналт шалгалтыг ил тод, нээлттэй хийх, ижил шалгуураар, ялгаварлахгүй хандах боломж бүрдэж, эерэг үр дүн гарч буй юм байна. Нэвтрэх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор эхний ээлжинд таван боомтын хорио цээрийн байгууламж, лаборатори, агуулах, ажлын болон ахуйн байрны зураг төслийг батлуулж, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Дэлхийн банк группээс Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх чиглэлээр цогц дэмжлэг үзүүлэхээр ажиллаж буй. ОУСК нь манай улсад ирэх таван жилийн хугацаанд худалдаа, гаалийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хилийн хяналтыг хялбаршуулах, экспортод тавигддаг шаардлагыг хангахад хувийн хэвшлийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор "Худалдааг хөнгөвчлөх, хөдөө аж ахуйн экспортын өрсөлдөх чадавх" төслийг өнгөрсөн энэ оны гуравдугаар сард эхлүүлсэн юм. Дэлхийн банк групиийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчны асуудал хариуцсан дарга Далиа Халифа "Эрсдэлийн удирдлага, мэдээллийн ил тод байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх, Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөмж, техникийн туслалцаа үзүүлэх замаар Монгол Улсын худалдаа, экспортыг өргөжүүлэхэд тууштай дэмжинэ" хэмээн ярилаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ