• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Малын махыг бар кодтой болгоно

2018 оны 11 сарын 1 45

Энэ онд хүн амын дотоодын хэрэгцээнд зориулж, 15.1 сая толгой мал буюу нядалгааны үеийн жингээр тооцвол 500 мянга орчим тонн мах хэрэглэх тооцоо гарчээ. Хүнсэнд хэрэглэдэг малын 92 хувийг бог мал, найман хувийг бод мал эзэлж байгаа гэнэ. Үүний 90 хувийг гар аргаар буюу зориулалтын бус газар төхөөрдөг аж. Үлдсэн 10 орчим хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг байна.

Тэгвэл махыг "мэдээлэл"- тэй болгох ажлыг салбар яам болон "Хөдөө аж ахуйн бирж" ХХК болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НЗДТГ, аймгуудын ЗДТГ, Монголын махны холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, хувийн хэвшлийнхэн хамтран эхлүүлж өчигдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тухайлбал, иргэн дэлгүүрийн лангуунаас худалдан авч буй махан дээрх бар кодыг уншуулахад Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Батын мал, хэдэн сарын өмнө вакцин, туулгад орсон, эмийн үлдэгдэлгүй малын мах болохыг Мал эмнэлгийн ерөнхий газраас баталгаажуулсан, шинжилгээнд оруулсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн зэрэг мэдээлэл гарч ирэх юм байна.

Хөдөө аж ахуйн бирж нь малчид, малчдын хоршоо, боловсруулах үйлдвэрүүдээс захиалга авч мал, мах, арьс ширний спот болон форвард арилжаа хийх аж. Гар аргаар бэлтгэсэн, чанарын баталгаагүй мах нь эргээд хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс малын махыг бар кодтой болгож байгаа юм.

Өнөөдрөөс хоёр сарын хугацаанд "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-г хэрэгжүүлж эхлэх гэнэ.

Энэ арга хэмжээний хүрээнд малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлж, нядалгааны үеийн болон нядалгааны дараахь гэмтэлгүй арьс ширийг үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг зохион байгуулах аж.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү "Монгол Улс 68 сая малтай. Жилд бэлтгэгдэж буй малын махын ердөө 10 хувийг үйлдвэрийн аргаар нядалж, экспортод гаргаж байна. Дотоодын хэрэгцээнд бол бараг тэгтэй тэнцэх хэмжээгээр махыг бэлтгэж байгаа. Тиймээс иргэд чанарын шаардлага хангасан, баталгаатай махыг хэрэглэж чадахгүй байна.

Улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар монголчууд хүнснээс гаралтай өвчлөлөөр дэлхийд маш дээгүүр байр эзэлж байгаа. Малчид замбараагүй эмийн хэрэглээтэй байна. Эмийн хэрэглээний эрсдэлийг малчид төдийлөн сайн ухамсарладаггүй. Энэ нь хүн амын эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй юм. Тулгамдаад байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд Мал эмнэлгийн ерөнхий газар, Малын үржил, хөгжлийн газар хамтраад малчдаас ирж буй малыг эрүүл гэдгийг нь баталгаажуулж стандарт шаардлага хангасан нядалгааны үйлдвэрийг тогтоох ажлыг эхлүүлж байна. Стандарт хангасан махыг стандарт хангасан худалдааны байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэнэ. Өнөөдрөөс малчдад хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан мэдээллийг хүргүүлж байна" гэв.

О.ДАШНЯМ

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ