• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах журмыг хэрэгжүүлэхгүй байна гэв

2018 оны 11 сарын 21 63

Б.Номин

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах талаар хийж байгаа ажил, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцах зорилгоор зохион байгуулсан тус уулзалтад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг болон төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. Эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байр гарган авч ажиллуулах, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах, зориулалтын дэд бүтэц бий болгох зэргээр нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийж байгаа ажлаа байгууллагуудын төлөөлөгчид танилцуулахын зэрэгцээ цаашид хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлаа ярьжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс энэ үеэр 25-аас дээш ажилтан, ажиллагсадтай байгууллага 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ногдох байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах журмыг зарим салбар байгууллагууд огт хэрэгжүүлэхгүй байгааг онцолсон байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг огт ажиллуулахгүй байгаа нь шалгалтаар тогтоогдсон гэдгийг хэлжээ. Байгууллагуудын тайлан мэдээллийг сонссоны дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр байгууллагууд хойрго ажиллаж байгааг онцлон тэмдэглэж, цаашид "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах болон бусад хүрээнд чанартай ажил хийхийг даалгажээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ