• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Ахуйн хийг аюултай болгогч нь хэрэглэгч

2019 оны 1 сарын 16 475

 

Он “ээлж солилцох” мөчид буюу өнгөрсөн сарын 31-нд хойд хөршид маш харамсалтай нэгэн явдал болов. Челябинск мужийн Магнитогорск хотын 10 давхар орон сууцанд ахуйн хэрэглээний хий дэлбэрсний улмаас дөрвөн иргэн хүнд гэмтэж, 40 орчим хүн нас барлаа. Орон сууцны 60 хувь нь сүйдсэн гэсэн мэдээлэл бий. Энэ явдлын мөр балраагүй байтал ахуйн хийнээс үүдэлтэй бас нэг цочирдом хэрэг гарсан юм. Тодруулбал, тус улсын Ростов мужийн Шахты хотын байранд уржигдар хий дэлбэрсний улмаас нэг хүн нас барж, найм, есдүгээр давхар нь бүхэлдээ сүйдсэн байна. Сүйдсэн давхарт байсан 16 хүнийг эмнэлэгт хүргэснээс хоёр нь тун хүнд буй гэнэ. Болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Оросод ийм хэрэг байсхийгээд л гарах болжээ. Ахуйн хийнээс болж иргэд гэмтсэн, барилга, байгууламж нурсан 60 гаруй тохиолдол 2018 онд тус улсад гарсан байх юм. Харин Магнитогорск, Шахты хотод болсон дээрх осол хор хохирол, хамрах хүрээгээрээ тэдгээр тохиолдлоос томоохонд тооцогдож байна. Автогаз болон ахуйн хийн хэрэглээ дэлхий дахинд эрчимтэй өсөж буй учраас цаашид ийм ослын давтамж олширч, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүйг ОХУ-ын Онцгой байдлын яамнаас эдгээр явдлын дараа анхааруулжээ. Энэ дохио, сэрэмжлүүлгийг ахуйн хий хэрэглэдэг хүн бүр, тэр дундаа хэрэглээ нь огцом өсөж буй манай иргэд ч анхаарахад буруудахгүй.

Шингэрүүлсэн хийн хэрэглээ Монголд нэмэгдэх үндэс суурь 2005 оноос эхлэлтэй гэж салбарынхан үздэг байна. Учир нь энэ үеэс манай Засгийн газар “Шингэрүүлсэн шатдаг хий” хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Ийм хий ашигладаг байнгын хэрэглэгчийн тоо тэр үед нийслэлд долоо, орон нутагт 18 мянга байсныг “Шингэрүүлсэн хийн аж ахуйн эрхлэгчдийн холбоо” ТББ-ынхан онцоллоо. Хийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 10 хүрэхгүй аж ахуйн нэгж, байгууллага байсан бол одоо нийлүүлэгч байгууллага ч, нийт хэрэглэгчийн тоо ч даруй хоёр дахин өсөөд буй юм.

Хэрэглээ өснө гэдэг бидний ашигладаг хий илүү аюултай болно гэсэн үг биш. Гагцхүү илүү сэрэмжтэй байх шаардлагатай. Нэг жишээ дурдахад, шатдаг хийн импортоор Арлын улстай ана мана үзэлцэх болсон Хятадад өнгөрсөн онд ахуйн хийнээс үүдэлтэй осол Оросынхоос цөөн гарчээ. Болгоомж, аюулгүй байдал гэдэг юу юунаас ч чухал гэдгийн тод жишээ нь энэ юм.

Өсвөр насны хүүхдүүд ахуйн хий үнэрлэх, донтох, улмаар эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол сүүлийн үед гаарсан нь монголчуудад газ гэгч зүйлийг мансууруулах бодис, эс бөгөөс тэсэлж дэлбэрэх зориулалттай хэрэгсэл гэсэн дэндүү явцуу өнцгөөс харахад хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн орон сууцны нэгдүгээр давхарт үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд холбогдох норм, дүрмийг зөрчин газтай “нөхөрлөх” болсон нь ч иргэдийг түгшээж байгаа юм. Харин “Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Н.Баатардорж энэ ойлголтыг үгүйсгэж, “Хийн түлш нь ямар ч хор хөнөөлгүй. Иргэд аюулгүй ажиллагааны заавар, дүрмээ баримтлаад ашиглахад л болно. Манайхан хайнга, аливааг монголчлох гэдэг зангаасаа болоод осол гарах нөхцөл бүрдүүлдэг. Зарим нь баллоноо цэнэглүүлчихээд өөрсдөө холболт хийх гэж хүртэл оролддог” хэмээн яг л бидний бодит байдлыг хэлээдэхэв.

Өнгөрсөн зун хөдөө амьдардаг ахындаа очиход дөрөвхөн настай жаахан охин нь хийн баллоны гуурсыг давхарлан ороосон наалт хуулах гээд үзэж тарж байв. Юу хийж байгааг нь түүнээс асуухад “Энийг чинь ингээд аваад, хуулдаг байхгүй юү” гэж мэдэмхийрэх жишээтэй. Томчууд нь бүгд зочны өрөөнд кино үзээд, ухаан сөхөөгүй суусан. Бидний энэ мэт хайнга, хэнэггүй байдал ахуйн хийг илүү аюултай болгодог гэлтэй.

Дэлхий нийт энэ төрлийн бүтээгдэхүүнийг цэвэр түлш гэдэг утгаар байгаль орчноо хамгаалах ухаалаг сонголт, оновчтой хэрэглээ гэж харж байна. Агаар, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн, гэр хорооллынхныг яндангаас нь ангижруулах өнө холын тодорхойгүй зорилт дэвшүүлсэн бид ч тэдэнтэй нэг зүгт харах шаардлага цаг үеэс урган гарсан. Манай төр, засаг, холбогдох байгууллагууд ч энэ чиглэлд идэвх санаачилгатай ажиллах болсныг мэргэжилтнүүд хөндөх болов. Хамгийн ойрын жишээ дурдахад, “Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ-ынхан нийслэл болон аймгийн төвүүдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төсвийн байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын нүүрсээр ажиллуулдаг усан халаалтын зуух, ноцоогуурыг хийн түлшинд шилжүүлэх санал БХБЯ, ЭХЯ, ЭМЯ, УУХҮЯ, АМГТГ-т өнгөрсөн өвөл хүргүүлжээ. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулж, ажилчдын ажиллах орчин сайжирна гэж тэд үзсэн байна. Эл саналыг дээрх яамд дэмжсэн бөгөөд ажлыг хэсэг томилон, судалгаа, тооцоолол хийсний үндсэн дээр Засгийн газраар хэлэлцүүлэх нь зүйтэй гэжээ.

Ахуйн хэрэглээний хийтэй холбоотой цочирдом үйл явдал ойрхон давтамжтай гарсантай холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын болон Прокурорын газар, мэргэжлийн хяналтынхан хамтран шингэрүүлсэн хий хэрэглэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор өчигдрөөс төлөвлөгөөт бус шалгалт эхлүүлжээ. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх шалгалтын хүрээнд 1950-1960 онд барьсан барилгын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдүүдийг шалгах гэнэ. Холбогдох албанынхан ийн “ажилдаа гарлаа”. Одоо иргэд дор бүрнээ анхаарч, хичээх л үлдэв.

А.БЯМБАДОРЖ: АХУЙН ХИЙ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭДЭГ 47 000 ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖ БИЙ

МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадоржоос дараах зүйлийг тодрууллаа.

-Ахуйн хий тогтмол хэрэглэдэг хэчнээн өрх Монголд бий бол?

-Энэ тоог нарийвчлан гаргахад төвөгтэй. Ахуйн хийгээр айлуудыг хангаж буй аж ахуйн нэгжүүдээс авсан мэдээгээр 47 гаруй мянган хэрэглэгч бий гэсэн багцаа гарсан. Энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгч жилээс жилд нэмэгдэж байна.

-Иргэд энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэр зөв, аюулгүй ашиглаж байна вэ?

-Шингэрүүлсэн шатдаг хийг 1998 оноос Монголд хэрэглээнд нэвтрүүлсэн. Ийм бүтээгдэхүүн ашигладаггүй салбар алга. Барилга, авто зам, шилэн хийц, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал гээд бүх салбарт өргөнөөр ашигладаг. Гол нь зөв хэрэглээгүйгээс болоод ашиглалтын явцад осол гарах, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байнга гарч банйа. Шингэрүүлсэн шатдаг хийн ашиглалт, аюулгүй ажиллагаатай холбоотой норм, дүрэм бий. Үүнийг иргэд мэдсэн, судалсан байх ёстой. Хий худалдаж авахдаа нийлүүлэгч байгууллагаас өгсөн анхааруулга, заавар, зөвлөгөөг уншиж, тодорхой мэдээлэлтэй болсны дараа ашиглах ёстой юм. Гэтэл манай хэрэглэгчдэд анхнаасаа ийм дадал хэвшил суугаагүй нь эрсдэл үүсэх нөхцөл болдог.

-Ахуйн хийг орон сууцны айлууд өргөнөөр хэрэглэж байна гэсэн судалгаа байна.

-ОХУ ч юм уу, бусад улсаас ялгаатай нь манайхан орон сууцанд нэгдсэн шугамаар биш, баллон (торх)-той хийг ахуйн зориулалтаар ашигладаг. Ингэж ашиглахад хориглох, анхаарах зүйлс бий. 2004 онд баталсан “Хийн хангамж” барилгын норм ба дүрэмд “Орон сууцны хоёроос дээш давхар барилга дотор баллон байрлуулахыг хориглоно” гэж заасан. Тухайн барилга орон сууцны зориулалттай, хоёр ба түүнээс дээш давхар бол эл байгууламжид баллон огт байлгаж болохгүй гэсэн үг. Гэтэл энэ заалтыг сүүлийн үед их зөрчих боллоо. Хий худалдан борлуулдаг, хүргэлтээр нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээр дамжуулан энэ зөрчлийг бууруулах чиглэлд мэргэжлийн хяналтын байгууллага анхаарч байна.

-Орон сууцанд зайлшгүй ашиглах тохиолдолд хэрхэх вэ?

-Баллоноо байрныхаа дотор нь бус, гадна талд нь байрлуулан ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, зураг төслийн мэргэжлийн байгууллагын төлөвлөлтийн дагуу мэргэжлийн угсралтын компанийнхнаар баллоноо гадна талд нь байрлуулуулж, хэрэглэгч рүү хийгээ хатуу холболтоор хүргэх юм. Ингэж байж ахуйн хийн аюулаас сэрэмжилнэ.

Бэлтгэсэн: Ж.Сувд

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ