• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Б.Саран: Уул уурхайн ашиглалтаас эвдэрсэн 8871.2 га талбайг нөхөн сэргээх шаардлагатайг тогтоолоо

2019 оны 1 сарын 30 40

 

Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллогыг өнгөрсөн онд БОАЖЯ-наас хийсэн бөгөөд нэгдсэн дүн нь саяхан гарчээ. Энэ талаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарантай ярилцлаа.

-Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017-2018 онд хийлээ. Нэгдсэн дүнгээр нөхөн сэргээх шаардлагатай талбайн хэмжээ нийт хэдэн га-г хамарч байгааг тогтоосон бэ?

-Байгаль орчныг хамгаалах салбар нь байгалийн нөөц баялгийг түүний даацад нь тохируулан иж бүрэн, зүй зохистой ашиглах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго, зорилтыг хэрэгжүүлэн ажилладаг. Уул уурхайн ашиглалт нь байгальд хамгийн их хохирол учруулж болзошгүй байдаг. Иймд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох, түүнийг бууруулах, нөхөн сэргээх ажлын чанарыг сайжруулах нь маш чухал. Энэ ажилд нутгийн иргэдийн оролцоог хангахад түлхүү анхаарах шаардлагатай байна. УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого” гэсэн баримтад эрдэс, баялгийн салбарт нөөцийг үр ашигтай, хаягдалгүй ашиглах технологи бүхий үйлдвэрлэлийг дэмжихийг тусгасан байдаг. Иймд байгаль орчинд учруулах хохирлыг хамгийн бага байлгах, нөхөн сэргээлтийг чанартай хийж байгаа уул уурхайн төслийг БОАЖЯ дэмжин ажиллах бодлого барьж байна.

Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч, нөхөн сэргээлгүй орхисон газрын тооллого хийх ажлыг БОАЖЯ-наас санаачлан 2017-2018 онд зохион байгууллаа. Тооллогын дүнгээр уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн 27 405.46 га байгаа нь тогтоогдсон. Тодорхой хэлбэл, нийт 1100 газар буюу 8871.18 га талбайг нөхөн сэргээх шаардлагатайг тогтоогоод байна. Орхон, Ховд аймаг, Улаанбаатар хотоос томилогдсон ажлын хэсгийнхэн тооллогыг цаг хугацаанд чанартай гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Харин Баянхонгор, Сүхбаатар, Төв аймаг мэдээллээ шинэчлэн оруулаагүй байна.

-Нөхөн сэргээлтийг сайжруулах талаар яамнаас ямар ажлууд хийж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Хууль, тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нөхөн сэргээлтийн хууль, хуулийн үзэл баримтлалын төсөл боловсруулсан. 2018 онд БОАЖЯ, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Үүнд, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргийн хэрэгжилтийг сайжруулах, эвдрэлд орсон болон нөхөн сэргээсэн газрын мэдээллийн зөрүүг арилгах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх зэрэг ажил тусгагдсан. Түүнчлэн 300 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдийн саналыг тусгах чиглэлээр ажиллаж байна.

БОАЖ-ын сайдын 2018 оны хоёрдугаар сарын 2-ны 01/780 тоот албан бичгээр Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжид хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай мэдэгдлийг хүргүүлээд байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийн хэрэгжилтийг хангах асуудал бий. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлэх, үүрэг хариуцлагаа дээшлүүлэн ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана. Гэхдээ хууль бус аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцох болохыг мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.2-т заасан эрхийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 30 орчим дүрэм, журам уул уурхайн ашиглалт, нөхөн сэргээлтийн үед мөрдөгдөж байгаа. 2015-2017 онд байгаль орчны асуудал хариуцсан сайд болон холбогдох салбарын сайд нар хамтран “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”, “Нөхөн сэргээсэн газрыг хүлээн авах актын загвар”, “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”, “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал”, “Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний загвар, мэдээний маягт”-ыг баталж, хэрэгжүүлж эхлээд байна.

-“Урт нэртэй” хууль батлагдахад байгаль орчны салбарт эргэлт авчрах чухал шийдвэр гарлаа гэж олон хүн талархаж байсан. Гэвч хүлээсэн үр дүн харагдахгүй байна. Энэ хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-УИХ-аас 2015 онд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай тогтоол баталсан. Мөн 2015 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах амаргүй зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын 2014 онд 199, 130, 2015 онд 289, 302, 2016 онд 155, 2017 онд 83 тоот тогтоолоор хилийн заагт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөөр нийт 53 тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглах, нөхөн сэргээх зорилгоор урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, Засгийн газрын 2015 оны 189 дүгээр тогтоолын хоёрдугаар заалтын дагуу усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг 50 метрээр тогтоосон. Харин энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтооход 245 тусгай зөвшөөрөл бүхий газрыг ашиглах, нөхөн сэргээхээр болсон.

-Эдгээр тогтоол, шийдвэрийн хүрээнд хэдэн га талбайг нөхөн сэргээсэн бэ?

-2016-2017 оны байгаль орчны менежментийн тайлангийн нэгдсэн дүнгээр “Урт нэртэй” хуулийн үйлчлэлээр үйл ажиллагаа нь сэргэсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд 513 га газарт техникийн, 259.3 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн мэдээ ирсэн. Уг нь дээрх хуулийг батлан хэрэгжүүлэхдээ хууль бусаар ашигт малтмал олборлохыг зогсоох, нөхөн сэргээх зорилт тавьсан. Гэвч үр дүн нь гурван жилийн дараах байдлаар тодорхой бус байгаад анхаарах цаг болсон байна.

Ер нь хууль бусаар ашигт малтмал олборлох, байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал бүхий газрын хэвлийг ухах. Ашигт малтмал ашигласны дараа нөхөн сэргээсэн газарт үлдсэн нөөцийг дур мэдэн ашиглах. Тусгай зөвшөөрөлтэй боловч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлэх баталгаа нь тодорхойгүй, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй үед ашиглах, ашиглахаар бэлтгэх. Аймаг, сумын өөрөө удирдах байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлсэн шийдвэр гаргах. Нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын нэр барин нөхөн сэргээх нэрээр ашиглалт хийх гэсэн дөрвөн төрөлд хувааж үзэж болохоор байна.

-Уул уурхайн компаниуд байгаль орчныг хамгаалах үүргээ хэрхэн биелүүлж буйг харж болох мэдээллийн сантай болж байгаа гэсэн үү?

-Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээллийн сантай болж байгаа. Энэхүү мэдээллийн санг байгуулснаар уул уурхайн ашиглаж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны бүртгэл, мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар тогтмол оруулж байх юм. Түүнчлэн мэдээллийн сан ажилласнаар оролцогч талуудыг нэгдсэн мэдээллээр хангах, хариуцлагатай уул уурхайг дэмжих боломжтой болсон. Шинээр байгуулагдсан нэгдсэн мэдээллийн санд тусгай зөвшөөрөл болон түүний эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 21 бүлэг үзүүлэлтийг багтаана. Уг үзүүлэлтүүдийг Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга зэрэг байгууллагын мэдээллийн сангаас цуглуулах юм. Мөн байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд сум, багаас өгсөн санал, байгаль хамгаалах нөхөн сэргээх ажилд аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсгээс өгсөн үнэлэлт зэргээс бүрдэж байгаа.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ