• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Уурын зуухаар халдаг сургуулиудын нөхцөл байдал хүнд байна

2019 оны 3 сарын 5 142

Ц.Дуламсүрэн

Баянзүрх дүүргийн 102 дугаар сургууль баригдаад 12 жилийн нүүр үзэж байгаа ч одоо хэр нь шийдвэрлэгдээгүй олон асуудал байгаа тухай БСШУС-ын сайдад танилцуулж, биечлэн ирж үзэхийг санал болгон хүсэлт тавьсны улмаас өчигдөр тус сургуульд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  биечлэн очлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тойрог дах сургууль, цэцэрлэгийн багш ажилчдыг 102 дугаар сургууль дээр урьж шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хамтдаа хэлэлцсэн юм. 

Бид 102 дугаар сургуулийн анги танхимын хаалгаар шагайн ажваас тохижилт сайтай ч хүйтэн байв. Нийт 642 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай ч 1315 хүүхэд суралцаж, 88 багш ажиллаж байгаа сургууль юм. Үйл ажиллагаанд 127, 132, 102, 48, 33 дугаар сургуулийн багш нарын төлөөлөл мөн 61, 22 дугаар цэцэрлэгийн багш, удирдлагууд ирсэн байлаа. Тус сургуулийн спортын зааланд уг уулзалтыг зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Манай тойрогт цэцэрлэгийн  насны зургаан мянга гаруй, сургуулийн насны 40 мянга гаруй хүүхэд байдаг. Төрийн өмчийн таван сургууль, арван цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Гэвч манай тойргийн хамгийн том хороо болох хоёрдугаар хороонд төрийн өмчийн сургууль байдаггүй бөгөөд төсөвт санал тавьдаг боловч шийдвэрлэгдэх тал дээр удирдлагууд анхаардаггүй нь бидний хувь маш харамсалтай байгаа. Яагаад гэвэл сурах боловсрох насны олон хүүхэд эрхээ эдэлж чадахгүй үлдэж байна. Энэ нь хот төлөвлөлтийн алдаанаас болж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг барих газар олддоггүй” гэж тус тойрогт боловсролын салбарыг хөгжүүлэхэд гарч буй бэрхшээлийг дурдсан юм. Үүний дараа хуралд ирсэн багш ажилчдын саналыг сонсохоор танхимд микрофоныг шилжүүлэв. 102 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Б.Батзаяа “Манай сургуулийн хувьд байгууламжийн гадна талд ан цав үүссэн, гурван давхрын ангиуд чийгшил ихтэй байдаг учраас мөөгөнцөртсөн мөн өвлийн хүйтэнд гадуур хувцастайгаа хичээллэдэг гэсэн асуудлууд бидний ажиллах, хүүхдүүдийн сурах нөхцөл байдалд бэрхшээл учруулж байна. Багш, ажилчдыг эрүүл мэндийн шинжилгээнд оруулахад энэ байдлаас болоод мөөгөнцрийн харшил илэрсэн. Энэ нь багш ажилчдаас гадна хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрох эрхийг зөрчиж байгаагийн илрэл юм. Манай сургууль гадна талдаа биеийн тамирын талбай байдаггүй, гэр хорооллын дунд байдаг тул гал түймрийн аюулд өртөх магадлал ихтэй байдаг зэрэг тоочоод байвал олон асуудал байна” гэв. 

Тус сургууль нь уурын зуухаар халж, бохироо долоо хоногт хоёр удаа соруулдаг аж. Уг сургууль гурван ээлжээр хичээллэдэг байсан ч 21 дүгээр хороонд 127, 132 дугаар сургууль баригдсанаар хоёр ээлжээр хичээллэдэг болсон. Гэвч шинээр баригдсан сургуулиуд ч мөн адил ийм бэрхшээлтэй нүүр тулаад байгаа аж. 132 дугаар сургуулийн захирал н.Алтаншагай “Нэгдүгээрт, манай сургууль болон 127, 102 дугаар сургууль уурын зуухаар халдаг. Хэсэгчилсэн инженерийн удирдах газар уурын зуухыг өөрийн мэдэлд авах судалгаа өнгөрсөн жил авсан. Энэ нь Засгийн газрын 42 дугаар тогтоолд үндэслэсэн юм билээ. Тус байгууллагын мэдэлд орсноор сургуулийн халаалт таван сая төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл тухайн байгууллагын харьяанд шилжихэд бүх тоног төхөөрөмж, нүүрсний хэрэглээ зэрэг хэвээрээ боловч үнэ нэмэгдсэн нь хүндрэлтэй асуудлуудын нэг болоод байна. Хоёрдугаарт, манай сургууль гэр хорооллын дунд уулын өвөрт байдаг тул сургууль хүртэлх зам шороо чулуу ихтэй, өвөл халтиргаа гулгаа үүсдэг. Машин бүү хэл явган хүн явахад хүндрэлтэй есөн километр зам байгаа. Эдгээр асуудлыг даруй шийдвэрлүүлэхийг хүсэж байна” хэмээлээ. Энэ мэтчилэн санал хүсэлтээ өөрийн биеэр ярьж удирдлагуудад сонордуулах хүмүүс олон байлаа. Д.Оюунхорол гишүүн тойрогтоо байдаг сургуулиудаас бичгээр ирүүлсэн санал хүсэлтүүдийг БСШУС-ын сайдад хүлээлгэн өгч шийдвэрлэж өгөхийг хүсэв. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ