• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Үзэсгэлэнтэй байх гээд үрээ харангадуулах хэрэггүй

2019 оны 3 сарын 12 160

Төрсний дараа хөхөө мөсөөр арчвал унжиж, сулардаггүй гэсэн найзынхаа муйхар “зөвлөгөөг” Туяа дагаснаас болж хүүхдээ хооллох сүүгүй болжээ. Хоёр дахь хүүхдээ зургаан сартай байхаас нь тэрбээр мөстэй “найзалж” эхэлсэн байна. Тэгтэл отгон охиноо хэсэг хөхүүлээд сүү нь ширгэчихэж. “Энэ тухайгаа эмчид хэлтэл толгойгоо эргэтэл загнуулсан. Хоёр хүүхдэдээ сүүгүйн зовлон амсуулаагүй болохоор энэ удаад үгээ хэлж байна. Мөсөөр жин тавивал хөхний сүү ширгэдэг гэж үнэн шүү” хэмээн Туяа ярив.

Мэдээж бүсгүй хүн бүр гоо сайхан харагдахыг хүсэлгүй яах вэ. Зарим нь олон хүүхэд гаргахаар арьс сулраад “муухай” харагддаг гэлцэнэ. Нярайлах тусам өнгө орж, жавхааждаг хүн ч цөөнгүй. Гэхдээ энэ бүхэн тийм ч чухал биш. Хамгийн гол нь эмэгтэй хүн болж төрсний нэгэн бахархал, хайр энэрэл нь үрээ хөхүүлэх байдаг. Эхийн сүүний ач тус хэмжээлшгүй, юугаар ч орлуулшгүй “амьд” вакцин гэдэг.

Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд залуу ээж нар гэлтгүй удаа дараа төрж буй хүүхнүүд ч хүүхдээ хөхүүлэхээ больсныг олон судалгаа гэрчлэх болсон. Зургаан сар хүртэлх хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр хооллохгүй байгааг ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн судалж, мэджээ. 2017 оны тавдугаар сард баталсан Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар эхийн сүү орлуулагч гэх нэр томьёог халж, нялх хүүхдийн зориулалтын хүнс гэж нэрлэх болсон. Хөхний сүүг орлох бүтээгдэхүүн энэ хорвоод үгүй гэдэг утгаар.

Туяа шиг “зүггүй” нэгэн байхад төрөлхийн сүүгүй хүн ч олон. Нөгөөтээгүүр, эхчүүд хүүхдээ хөхүүлэх нь багассанд нийгмийн олон хүчин зүйл нөлөөлж буйг албаныхан хэлж байна. Тухайлбал, нялх хүүхдийн зориулалтын хүнсний зар сурталчилгаа хэт нэг талыг барьсан нь эхчүүдэд буруу ойлголт төрүүлж, хөхүүлэхээс татгалзахад хүргэж буй аж. Үүний үр дүнд хүүхдийн зориулалтын хүнсний бүтээгдэхүүний импорт жил ирэх тусам нэмэгдэж буйг тоон мэдээллээс харна уу.

Импортын сүүг “хазаарлах” хуулийг хоёр жилийн өмнө баталсан ч дорвитой хэрэгжүүлэлгүй өнөөдөртэй золгов. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн тавдугаар зүйлд “Хүүхдийн хүнсэнд транс тос, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд ашиглахыг хориглоно”. “Зургаан сар хүртэлх насны хүүхдэд зориулсан хүнс импортлох, худалдахыг хориглоно”. “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно” зэрэг чухал заалт бий. Мөн хүүхдийн зориулалтын хүнсийг эмчийн жороор олгох шийдвэр гаргасан ч журамгүйгээс болоод гацчихаад байна.

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас энэ талаар тодруулахад “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуульд зориулалтын хүнсний бүтээгдэхүүний асуудлыг зохицуулсан. 0-6 сартай хүүхдийн зориулалтын хүнсийг нялхсын сүүн тэжээл, 6-12 сартайгийнхыг сүүн тэжээл гэж томьёолсон. Манайх уг хуулийн хүрээнд холбогдох стандарт, журам, зааврын дагуу хүүхдийн зориулалтын хүнсний бүтээгдэхүүний импортод гурван янзын хяналт тавьдаг. Хамгийн түрүүнд ханган нийлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж, дараа нь биет үзлэг хийнэ. Гуравдугаарт лабораторийн шинжилгээнд хамруулсан, эсэхийг нягталдаг. Үүний дараа хуульд нийцүүлж, сав, баглаа, шошгыг цэгцлэх учиртай” гэсэн юм.

Дээрх хуульд зааснаар Зориулалтын сав, баглаа, боодлын шошгын тухай журам батлах шаардлагатай. МХЕГ эл журамд оруулах саналаа хэдийн ХХААХҮЯ, ЭМЯ-нд өгсөн аж. Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Журмыг удахгүй батална. Хүүхдийн зориулалтын хүнсэн дэх найрлага, шимт бодисын мэдээллийг сав, баглаа боодол, шошгод байршуулах, хоёр, түүнээс дээш хүнсний нэмэлт оруулсан бол мэдээлдэг болох юм. Түүнчлэн бүтээгдэхүүнийг бэлтгэх заавар, хооллох хэрэгслийг ариутгах, цэвэрлэх арга, үйлдвэрлэгчийн болон түгээх, борлуулах газрын мэдээлэл, хадгалах заавар зэргийг монгол хэлээр бичих ёстой. Мөн шинэ хуульд хориглосон зарим заалтыг мөрдүүлэхэд хяналт тавьж, ажиллаж байна. Импортын сүүн тэжээл хүүхдийн зураггүй байх, тухайн бүтээгдэхүүн эхийн сүүг орлохгүй гэсэн сурталчилгааг давхар байршуулна. Хориглосон хүнсний зарим нэмэлт тэжээлийг зах зээлээс татсан. Мөн хүүхдийн зориулалтын хүнсийг “хувиараа” гэх нэрийн доор хууль бусаар оруулж ирдэг хүмүүсийг илрүүлэн, бусармаг үйл ажиллагааг нь таслан зогсоож байна” гэж ярив.

Манай улсад хүүхдийн зориулалтын хүнсийг есөн аж ахуйн нэгж тогтмол импортолдог гэнэ. Шинэ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх зорилгоор өнгөрсөн онд эдгээр компанийнхантай хоёр удаа хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж хүргүүлсэн гэж МХЕГ-ынхан хэлнэ лээ. 2015 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй гэх уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал журмыг одоо болтол батлаагүй нь харамсалтай. Холбогдох яамныхан нь болохоор “МХЕГ журамтай, журамгүй хяналт тавих ёстой” гэх.

Байгууллага хоорондын уялдаа холбоогүйгээс нялх хүүхдийн зориулалтын хүнс импортолдог зарим иргэн, аж ахуйн нэгж мэргэжлийнхнээс зөвшөөрөл авдаггүй, хадгалах, тээвэрлэх горим мөрддөггүй, бусад бараа материалтай хамт нуун дарагдуулдаг, тодорхойгүй эх үүсвэрээс их хэмжээгээр оруулж ирэх нийтлэг зөрчил гардаг байна. Судалгаагаар, манай улсад дутуу төрсөн нярайн, харшлын эсрэг, лактоз агуулаагүй, сөөргөөний эсрэг гэх мэтээр сурталчилсан 20 орчим нэр, төрлийн сүүн тэжээл худалдаж буй аж. Эдгээрийг шаардлага хангахгүй газар буюу барилгын материалын дэлгүүр, гоо сайхны болон бэлэн хувцасны лангуунуудаар ямар нэгэн тайлбар, шошгогүй борлуулж байсан нь мэргэжлийн байгууллагынхныг шалгах явцад ил болжээ.

Зөвшөөрлийн дагуу оруулж ирдэг, ээжүүдийн хэрэглэдэг хүүхдийн сүүн тэжээлд “Нутрилон”, “Нан”, “Хай хай” голлох байр эзэлдэг. 400 грамм сүү 25 000-35 000 бол 810-900 граммтайг нь 53- 58 мянган төгрөгийн үнээр борлуулдаг аж. Энэ нь хэдхэн хоногийн л хэрэглээ. Улсын хэмжээнд 2018 оны эхний таван сарын байдлаар 800 тонн сүүн тэжээл импортолсон. Үүнийг зах зээлийн ханшаар бодвол, монголчууд жилд 50 орчим тэрбум төгрөг нялх хүүхдийн зориулалтын хүнсэнд зарцуулжээ. Тиймээс хүүхдээ аль болох хөхний сүүгээр хоолловол эх, хүүхдийн эрүүл мэнд, цаашлаад тухайн өрх гэр, улсын эдийн засагт ч тустай санагдана.

Харамсалтай нь, Өрхийн эрүүл мэндийн төвд хүүхдээ хэрхэн хооллох талаар зөвлөгөө авахыг хүссэн эцэг, эх, асран хамгаалагчдын 46.4 хувьд эмч нар олны хэлж заншсанаар эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгодог. Түүгээр зогсохгүй эрүүл мэндийн зарим байгууллага хүүхдийн зориулалтын хүнс хэрэглэхийг ухуулан сурталчилж, эмнэлгийнхээ хананд мэдээллийг байршуулдаг нь эцэг, эхчүүдэд буруу ойлголт төрүүлэхэд “тусалдаг” байна. Үүнийхээ төлөө тэд борлуулагчдаас хэд, гурван төгрөг авдаг байсныг хууль, хяналтынхан олж, илрүүлжээ.

Эхийн сүү нь хүүхдэд зайлшгүй шаардлагатай 20 гаруй төрлийн шимт бодис болон дархлааны уураг агуулдаг. Тиймээс хүүхэд төрөнгүүт ангир уургийг нь амлуулах нэн чухал. Зургаан сар хүртлээ эхийн сүүгээр хооллосон хүүхдийн амьдрах чадвар угжны багачуудаас 14 дахин сайн байдаг. Түүнчлэн уушгины хатгалгаа, суулгах өвчний эрсдэлийг 50 хувь бууруулдаг гэж эмч нар хэлэв. Тиймээс хүүхдийг хоёр нас хүртэл “хөхөөр” хооллох нь эрүүл чийрэг өсөн торниход чухал үүрэгтэйг давхар сануулсан. Мөн хүүхдийн оюуны хөгжилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй эхийнх нь эрүүл мэндийг давхар хамгаалдгийг судалжээ. Хүүхдээ хөхүүлдэг ээжүүдийн биеийн галбир хэвийн байдалдаа түргэн ордог. Хөх болон өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг жил тутамд зургаан хувь бууруулдаг “шидтэй” аж. Тиймээс бүсгүйчүүд минь ээ, нэгэнт л ээж болохоор шулуудсан бол алаг үрсээ эхийн сүүгээр хооллоорой. Хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, торниулах нь гоо сайхан байхаас шал өөр ойлголт юм. Үзэсгэлэнтэй байх гээд үрээ харангадуулах хэрэггүй.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ