• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Амьтнаас хүнд халдварладаг өвчин дэгдэж болзошгүй

2019 оны 3 сарын 13 148

Манай оронд хавар ирж буйтай холбогдуулан хүмүүс эрүүл мэндээ хамгаалах нэрээр зугаа цэнгэл хөөн амьтан хууль бусаар агнаж, өөрсдийгөө эрсдэлд оруулах тохиолдол цөөнгүй. Үнэн, худал нь мэдэгдэхгүй элдэв цуу ярианд итгэн ан хийх нь олон сөрөг үр дагавартайг мэргэжилтнүүд анхааруулсаар буй. 

Ялангуяа дөрөвдүгээр сард тарваганы мах түүхийгээр нь идэх аюултайг судлаачид хэлсэн. Учир нь монгол тарваганаас шинэ төрлийн вирус илэрсэн тухай МУИС-ийн багш, доктор Н.Батсайхан онцоллоо. Түүнээс зарим зүйлийг тодруулав. Мөн дээрх вирусүүдээр өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн, эсэхийг ЗӨСҮТ-ийн Эрсдэлийн удирдлага, бэлэн байдал, тандалт, судалгааны тасгийн эрхлэгч Б.Дэлгэрмаагаас лавлахад тодорхой мэдээлэл алга гэсэн юм. 

Харин хаврын улирал эхэлсэнтэй холбоотой галзуу өвчний тохиолдол нэмэгдэж буй тул зэрлэг амьтан агнахгүй байхыг сануулав.

Н.БАТСАЙХАН: Хууль бус ан хийвэл вирус тээгч болох эрсдэлтэй

-Хустайн нурууны бүс нутаг дахь тарваганаас бидний хэлж заншсанаар гепатит Е вирус илэрсэн. Япончуудтай хамтарч хоёр жилийн турш хийсэн судалгаагаар үүнийг баталлаа. Е вирус зөвхөн монгол тарваганаас л илэрч байна. Уг вирус хүнд халдах эрсдэлтэй. Халдчихсан байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс аливаа амьтны түүхий мах, арьс үсэнд хүрэхгүй, хууль бусаар агнахаас зайлсхийх нь чухал. 

Гөрөөс, тарвага зэрэг амьтны мах түүхийгээр идэх нь хүний биед сайнаар нөлөөлнө гэдэг цуурхал олны дунд тархаад удсан. Ялангуяа хаврын улиралд хууль бус ан хийх явдал газар авдаг. Хууль бусаар ан хийж буй хүмүүст тавих хяналт ч сул гэхэд хилсдэхгүй. 

Ямар нэг амьтны түүхий мах идсэнээрээ иргэд өөрсдийгөө эрсдэлд оруулж буйгаа мэдэхгүй байна. Шинжлэх ухаан хөгжсөн энэ үед түүхий мах идэж болохгүйг сануулж, эрсдэлтэйг нь тогтоочихсон байхад хэрэглээд байдаг нь хачирхмаар.

-Энэ төрлийн вирусээр өвчилбөл ямар сөрөг нөлөөтэй юм бол?

-Гепатит Е вирус ялгадсаар дамжин гадна орчинд тархаад хоол боловсруулах, шингээх эрхтэнд орж халдварладаг. Хоол боловсруулах эрхтэнд орсон энэ вирус хүчилд тэсвэртэй тул нарийн гэдсэнд орж, цусанд нэвтэрч элгэнд үржинэ. Энэ вирусээр бохирдсон ус, дутуу боловсруулсан амьтны мах халдварын эх уурхай болдог. 

Уг вирус цус сэлбэхэд болон эхээс урагт дамжин халдварладаг юм. Өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварлах нь тун ховор гэж судлаачид тайлбарладаг. Усаар дамжих халдвар богино хугацаанд олон хүнийг хамарч өвчлүүлнэ.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Е вирус дулаанд тэсвэргүй тул 90 градуст 10 минут байлгахад өсөж, үржих чадвараа бүрэн алдана. Харин 45-50 градуст 30 минут болгоход вирусийн халдварлуулах идэвх 50 хувь сулардаг. Е вирусийн халдвараас сэргийлэх вакциныг практикт хэрэглэх асуудлыг шийдвэрлээгүй тул амьтны түүхий мах, цус хэрэглэхгүй байх нь чухал.

-Гөрөөсний цуснаас Бабиозиа хэмээх халдварт өвчин үүсгэдэг нэг эст паразит организм илрүүлсэн талаар өнгөрсөн жил шуугьсан.

-Хавар болмогц хүмүүс гөрөөсний цус уух гэж явдаг. Гэтэл гөрөөсний цусанд Бабиозиа (Babesia venatorum) хэмээх шинжлэх ухааны нэртэй, аюулт халдварт өвчин үүсгэдэг нэг эст паразит организм оршдог болохыг өнгөрсөн жил иргэдэд сануулж байсан. Одоо ч дахин сануулахад илүүдэхгүй биз.

Гөрөөсний цусанд агуулагдах өвчин үүсгэгч уг паразит нь хачгаар (Ixodes persulcatus болон өөр бусад зүйл хачиг) дамжин гөрөөсний цусанд орж халдварладаг. Өвчин үүсгэгч нэг эст организм нь хүнд халдварласан тохиолдолд цусны улаан эсийг хөнөөдөг. Улмаар цус багадах эмгэг үүсгэдэг юм. Мөн дэлүү, чөмөгт ясанд бүрэлдэх улаан эс буурдаг. Түүнчлэн цусан дахь элдэв халдварт өвчин эсэргүүцэх дархлаа мууддаг болохыг тогтоосон. 

Гөрөөсний цусыг боловсруулахгүйгээр уудаг үзэгдэл байсаар л байна. Түүхий цус ууснаар түүнд агуулагдах өвчин үүсгэгч эмгэг таны цусанд хэдэн арван жил оршиж, аажмаар үхэлд хүргэх аюултай гэсэн үг. Цус уувал чалх нь сайжирдаг гэсэн хуучны бурангуй үзлийг халах хэрэгтэй. Энэ үйлдлийг ядуу хүмүүс хийхгүй. Учир нь тэдэнд хурдан машин, дурантай буу байхгүй. 

Хол газар явган очоод хавхаар тарвага, зурам барихгүй нь лавтай. Ямар нэг компанийн захирал, чинээлэг хүмүүс л хууль бус үйлдэл хийх нь олон. Аргалийн цус, засаа, тарваганы цөс хүний биед сайнаар нөлөөлнө гэх цуурхал төдий зүйлд итгэдэг нь харамсмаар. Амьтны цус, түүхий эд, эрхтэн хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдгийг баталсан шинжлэх ухааны үндэслэлтэй нэг ч судалгаа байхгүй.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ