• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Шүүмжлэхээсээ урьтаж судал

2019 оны 5 сарын 8 80

 2019-05-08

Мягмаржав

Орчны аюулгүй байдлын стандартад зааснаар сургууль цэцэрлэгүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд зориулсан зам, шаттай, эзэмшил газартаа хяналтын камертай байх ёстой

Сургууль, цэцэрлэг бол онцгой байгууллага. Тэнд Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхэд сурч боловсорч буй. Тиймээс хүүхдүүд өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг, нийтээрээ сурч боловсордог сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчны аюулгүй байдлыг чухалчлах нь зүйн хэрэг. Баталсан хууль, дүрэм, журмаа мэддэггүй, мэддэг нэг нь мөрддөггүй болохоос хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хангуулах чиглэлийн бичиг баримт цөөнгүй бий л дээ, уг нь. Тухайлбал, цэцэрлэгүүд аюулгүй байдлын дүрэмтэй. Эл дүрмийг дагаж мөрдөөгүй, хэрэгжүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх заалт ч бий. 

Дүрэмд зааснаар, цэцэрлэгийн эрхлэгч нар Гамшгаас хамгаалах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, хүүхдийн цэцэрлэгийн дүрэм, эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм, аюулгүй байдлын гээд эхэд танилцуулах ёстой.

Мөн ажилд орж буй багш, ажилчдад тухай бүр танилцуулах үүрэг хүлээсэн. Цаашлаад байгаль, цаг агаарын болон нийтийг хамарсан гамшиг нүүрлэвэл аюулгүй байдлыг хангах зааварчилгаа өгөх ёстой зэргийг дүрэмд нарийн тусгасан байдаг. Харин ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдийн эрхийг хангах, болзошгүй эрсдэлээс хамгаалах тодорхой бодлоготой. Харамсалтай нь, бодлогын эдгээр бичиг баримтыг цаасан дээр царцаах уу, цагтай уралдаж, хүүхдүүдэд хүргэх үү гэдэг бас л асуудал дагуулсаар. Хэрхэн хэрэгжүүлж, хэр сурталчилж байгаагаас шалтгаалан сургууль, цэцэрлэг бүрт эрсдэлийн хэм хэмжээ өөр байдаг гэнэ. 

Зарим цэцэрлэг, сургуулийн орчин нэн эрсдэлтэй бол нэг хэсэг нь аюул багатай гэх тодорхойлолтод багтана. Аюултай гэхээр хүмүүс ихэвчлэн хэрэг, зөрчлийн тухай боддог. Наад зах нь хүүхэд сургууль, цэцэрлэгийн гадна, дотор хаана ч гүйж харайх, тоглох аюулгүй орчин бүрдүүлэхийг л хэлж буй хэрэг. Бага насны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэнд нь хүрээлэн буй орчноос ихээхэн хамааралтай тул боловсролын байгууллагад биеийн тамирын талбай зайлшгүй шаардлагатай. Гэтэл гаднаа битгий хэл, дотроо биеийн тамирын танхимгүй сургууль, цэцэрлэг олон. Энэ бүгдийг цэгцэлж, стандартад нийцүүлэх шийдвэрийг өнгөрсөн сард гаргажээ. Тодруулбал, Монгол Улс анх удаа Хүүхдийн хөгжил хамгааллын стандартын техникийн хороотой болсон. 

Тус хорооноос хүүхдэд зориулсан үйлчилгээ явуулахад ямар журам мөрдөх, хамгааллын ямар хэм хэмжээ тогтоох зэргээр хүүхэд байгаа орчны бүхий л асуудлыг хэлэлцжээ. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран сургуулиуд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа, эсэхийг судалжээ. 2018 онд улсын хэмжээнд ерөнхий боловсролын нийт 528 сургуулийн гадна болон дотоод орчныг гурван удаа шалгаж, эрсдэлийн үнэлгээ хийхэд тийм ч сайн дүн гараагүй гэнэ. 

Тиймээс эл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн сургалтын орчны стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт, суралцагчдын дотуур байрны орчин, үйлчилгээний стандарт, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчны эрүүл ахуйн стандарт боловсруулж, Стандартчилал, хэмжил зүйн ерөнхий газрынхан баталжээ. Стандартад сургууль, цэцэрлэгийн гадна болон доторх орчныг хүүхдэд ээлтэй болгон тохижуулах хэм хэмжээг тусгажээ. Тодруулбал, сургуулийн гаднах 100 ам метр талбайг тохижуулж, аюулгүй байдлыг хангахыг тус стандартад заасан. Түүнчлэн цэцэрлэгийн гадна талбайн 50 хувь нь модтой байх, элсэн талбай байгуулах, түүнийгээ зориулалтын хучлагаар хучих ёстой гэжээ. 

Сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж барихад стандарт мөрдөж, газрын асуудалд төлөвлөлт хийж, эцэг, эх, иргэд, төрийн байгууллагын хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хойч үеийнхний сурч, боловсрох таатай орчин бүрдүүлэхэд орон нутгийн удирдлага ч анхаарах хэрэгтэй. Стандартыг хангахад эрүүл хоол хүнс, тоглоом, хүүхдийн суралцах өрөө тасалгаа, халаалт, агааржуулалт бас чухал. Цаашид үүнийг зайлшгүй мөрдөх ёстой бөгөөд сургууль барих явцад эцэг, эхчүүд хяналт тавих шаардлагатай. Мөн стандарт батлагдсантай холбоотойгоор МХЕГ-аас хяналт тавих аж.

Ташрамд дурдахад, мэргэжлийн хяналтын байцаагчид ирсэн гомдлын дийлэнхийг сургууль, цэцэрлэгийн хүүхдээс их хэмжээний мөнгө хураасан гэх гомдол эзэлдэг юм билээ. Эцэг, эхчүүд мөнгө л ярихаас бус, хүүхдийн аюулгүй байдал, сурч боловсрох нөхцөл, гал тогооны эрүүл ахуйн талаар барагтай л бол мэдээлэл өгдөггүй гэсэн үг.

Шинэ дүрэм, журам, мөрдөх ёстой стандартаа багш, эцэг, эхүүдэд танилцуулах ёстой. Ээж, аавууд багшид найдаад суулгүй хүүхдээсээ сургуулийн орчин тойрны талаар асууж, тодруулж, спортын талбай, хоолны газрын тохижилтын талаар ярилцаж болох юм. Хүүхдэд ээлтэй орчныг бид өөрсдөө бүрдүүлж чадна. Сургуулийн удирдлага, багш нарыг хүлээж суух албагүй, шаардлага тавьж, хэрэгжүүлж буй ажлынх нь талаар мэдээлэл авч, санал солилцох эрх нээлттэй. Үүнийхээ дараа харин сургууль, цэцэрлэгийн удирдлага мөнгө авахаас өөр зүйл хийдэггүй, хүүхдийн аюулгүй байдал хангадаггүй хэмээн гоочилж болох л доо. 

Гэхдээ үүнээс урьтаж ядаж 2018-2019 оны хичээлийн жилд баталсан Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь Хүүхэд хамгааллын бодлоготой танилцаарай. Бодлогод боловсролын байгууллагын сургалтын орчин, сургууль болон дотуур байранд суралцагч бүрийг хүчирхийлэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл, эрсдэлд өртсөн, өртөж болзошгүй талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн бол мэдээллийг хүлээн авах талаар дурдсан байна. Сургууль болон дотуур байрны орчин, нөхцөл нь суралцагч, мэдээлэгчид ээлтэй, тэдэнд хор хөнөөл учруулахгүй байх, эрсдэлийг үнэлэхэд оролцогч талуудын тэгш, идэвхтэй оролцоог эрхэмлэх, хүүхдийг тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцуулахгүй байх зэрэг зохицуулалт хийжээ.

Адгаж, уурласан ээж саяхан шөнө дунд фэйсбүүкт цэцэрлэгийн багшийг буруутгасан бичлэг оруулжээ. Охиныхоо сорви болсон нүүрний зургийг нийтэд дэлгэн “Хэний хүүхэд манай хүүг маажчихав, багш аа хэлээрэй. Гомдолтой байна” хэмээн бухимдав. Ямар ажил эрхэлдэг, хэр завгүй байсан болоод хүүхдийнхээ шарх сорвийг шөнө дунд хараа вэ гэх бодол төрснөө нуухгүй ээ. Улсын цэцэрлэгийн багш нар хэтэрхий ачаалалтай ажилладаг. Тиймээс багш нарт бухимдахаасаа өмнө бусад ээж, аавд хүүхдийнхээ хумсыг авахыг сануулж, хүүхдэд бусдыгаа маажиж болохгүй гэдгийг зааж, зөвлөөсэй. Энэ бол наад захын л соёл болов уу. Үүний зэрэгцээ хүүхэд нь сургуулийн ойролцоо явж байгаад хэрэгт холбогдсон байна гэх зэргээр багшийг баалах эцэг, эхтэй хаа сайгүй таардаг. 

Үнэндээ бүх зүйлд багш буруутай гэх эл хандлага буруу санагддаг. Сургууль, цэцэрлэгийн орчныг аюулгүй байлгах төрийн хүлээсэн үүрэг байгаа юу гэвэл бий. Гэхдээ үүнийг багасгахад эцэг, эхчүүдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал. Ажил гэж гүйсээр хүүхдийнхээ хаагуур явдаг, хэнтэй юу хийдгийг үнэндээ анзаардаг бил үү, томчууд. Бас сургууль, цэцэрлэгийн насныхан сураггүй болсон тухай мэдээлэл байсхийгээд л цахим орчинд тархдаг. Томчууд “Охин минь хичээлээ тараад гэртээ ирсэнгүй”, “Хүү минь цэцэрлэгийн гадаа тоглож байгаад сураггүй боллоо” гэх зэргээр мэдээлэл түгээж, цааш дамжуулахыг өдөр бүр шахам хүсэх нь энгийн зүйл болсон. Харин хүүхэд олдсон, эсэх талаарх мэдээ, мэдээлэл бараг л харагддаггүй. Уг нь хүүхдээ олсноо мэдээлэх нь бусдын санааг амрааж, сургамж болох энгийн зүйл. 

Тиймгүйгээс олон нийт хүүхэд олдсон, эсэх талаар мэдээлэлгүй тул таван жилийн өмнөх зарыг ч цааш түгээж л байдаг. Зарим нь хуучин зарыг өлгөж аваад л “Багш, сурган хүмүүжүүлэгч, цагдаа, цаашлаад төр, засаг буруутай. Сургууль, цэцэрлэгийн орчин аюултай” хэмээн адалж хийрхдэг. Угтаа бол хүүхдийг хайрлаж, хамгаалах, стандарт мөрдөх нь дан ганц төр, засаг, сургууль, цэцэрлэгийн удирлага, багш нарын үүрэг биш. Та бид дор бүрнээ тунгаавал зохих асуудал. Хууль, журамд зааснаар, сургууль нь хүчирхийллээс ангид орчин байх ёстой. Тэнд хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлдэггүй, ялгаварлан гадуурхахаас ангид байлгаж, эрх зөрчигдөхөөс хамгаалсан ээлтэй орчин бүрдүүлэх ёстой. Ийм орчин бүрдүүлэхэд ээж, аав нарын оролцоо чухал гэдгийг дахин сануулъя. Гэхдээ ядаж л эхний ээлжинд шинээр баталсан журам стандартаа судалж мэдье. Үүнийхээ дараа сургууль, цэцэрлэгийнхэнд шаардлага тавихад хэзээ ч оройтохгүй.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ