• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Сургалтын орчин сурагчдыг сульдааж байна

2019 оны 5 сарын 30 166

 2019-05-29

  Бат-Ундрах

 Сүрьеэ тахал адил халдвартай ч эдгэрдэг өвчин. Дэлхийн хүн амын гуравны нэг нь эл өвчний халдварыг тээж явдаг гэх. Түүгээр улстөржүүлж, хэн нэгнийг сандал суудлаас нь түлхэхдээ бус, бид хаана, хэзээ, юун дээр алдав. Түмний олон хүүхэд яагаад өвдөж, эндэв. Гурван сургуулийн 900 гаруй хүүхэд далд хэлбэрийн сүрьеэтэй байсныг оношилж, 40 гаруй нь өвдчихлөө. Эрүүл мэндийн салбар луу нийтээрээ л дайрч байна. Яг үнэндээ, ерөнхий боловсролын сургуулиуд сүрьеэгээс ч аймшигтай “голомтод”, стандарт хангахгүй орчинд хичээллэж байгаагаас асуудлыг эхлэн ярих ёстой. Хүүхдүүд сургалтын орчиндоо бохир агаар амьсгалан, нянтай суултуурт бие засаж, агааржуулалт, гэрэлтүүлэггүй анги танхимд архаг өвчний суурьтай болж байхад яагаад хэн ч анхаарч, дуугарахгүй байгаа юм бэ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн танхимд нэг хүүхдэд хоёр ам метр талбай ногдох ёстой атал нийслэлд энэ тоо 1.4, аймгийн төвийн сурагчдад 1.8 байна. Боловсролын хүрээлэнгийнхэн төрийн өмчийн сургуулиудын 80 орчим хувь нь дээрх стандартыг хангахгүй байгааг хэллээ. Сурагчийн ширээ, сандлын хоорондох зай, анги танхимын агааржуулалт, гэрэлтүүлэг, ариун цэврийн өрөө, ундны усны эрүүл ахуй зэргийг журамласан байдаг. Гэсэн ч сургууль, цэцэрлэгийн барилга хүрэлцдэггүй гэсэн шалтгаанаар хүүхдүүдийг өдий болтол эрүүл бус орчинд сургасаар байгааг юу гэх вэ.

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчинд боловсрол эзэмшүүлэх нь шийдвэрлэх чухал асуудлуудын нэг мөн. Тэр дундаа сургуулийн насны хүүхдийн бие махбод гадаад, дотор орчны аливаа өөрчлөлтөд хамгийн мэдрэг. Тэдний эрүүл мэнд, суралцах чадвар сургалтын орчноос ихээхэн хамаардгийг олон улсын судлаачид тогтоосон. Тухайлбал, эрүүл ахуйн шаардлага хангасан, стандартын ширээ, сандалд сурагчдыг суулгах нь эрүүл өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй харааны болон нуруу нугалмын гажиг хөгжлөөс сэргийлдэг.

Манайд сургалт, хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм гэж бий. Үүнд зааснаар сурагчийн ширээ, сандлын эгнээ хоорондын зай 70-75 см байх ёстой ч ерөнхий боловсролын сургуулиудын 22.2 хувь нь л эл шаардлагыг хангаж байгаа аж. Түүнчлэн сургуулиудын 76-84 хувь нь ширээ, сандал, хана хоорондын зайг мөрдөхгүй байгааг Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хэлэв. Одоо ашиглаж буй ширээ, сандлыг Монгол, БНХАУ, Японд үйлдвэрлэсэн, стандартад заасан хэмжээнээс 10-15 см-ээр өндөр буюу нам, ихэнх нь хэтэрхий хуучирсан, зарим ширээ хэт тод өнгөтэй, эвдэрхий байна. Ангийн үндсэн талбайгаас гадна тоглох орон зай, номын сан, үзүүлэн болон хувцасны өлгүүрийн хэсгийг тооцож, ангийн нийт талбай, эзлэхүүнийг нарийн тодорхойлох шаардлага тулгарчээ.

Хүн амын дундаж наслалт, архаг өвчний эх суурь нь хүүхэд, өсвөр насанд тавигддаг гэдгийг эмч нар байнга хэлдэг. ОХУ-ын эрдэмтэн О.Н.Савальев, В.В.Коваленко нар байгалийн гэрэлтүүлэг хангалтгүй анги танхимд хичээллэсэн сурагчдын 24.8 хувийнх нь холын хараа муудаж байгааг судалсан бол В.П.Неделью бага ангийн хүүхдүүдийн 18.9 хувьд нь нуруу нугалмын гажиг үүссэнийг тогтоожээ. Энэ нь анги дэвших тусам 5-10 хувь нэмэгдэж байж. Кабинетын системээр хичээллэх явцад хүүхэд хүссэн хүсээгүй өөрт тохирохгүй ширээнд суудгийг З.Г.Королева нарын судлаач тогтоосон бөгөөд ердийн сургалттай ангид сурагчдын нуруу нугалмын гажиг 11 хувиас хэтрэхгүй байхад танхимд хичээллэгсдийн дунд эл тоо нэг дахин их байжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагынхны сүүлийн жилүүдэд хийсэн хяналт, шалгалтын дүнгээс хүүхдийн сургалт, хүмүүжлийн орчин эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг харж болно. Улаанбаатар хотын нэг сургуульд ногдох эдэлбэр газрын талбайн дундаж хэмжээ бага, хүүхдийн тоо хэтэрсэн нь ачаалал үүсгэх гол шалтгаан юм. Үүнээс болж нэг ангид 40-60 хүүхэд хичээллэн, анги танхимын агаарын температур 16-20 градус байх шаардлагыг сургуулиудын ердөө 36 хувь нь л биелүүлж буй гэнэ. Харин үлдсэн нь 20 градусаас дээш дулаантай, бүгчим, агаарын солилцоо муутай, амьсгалын замын төрөл бүрийн өвчин дэгдэх “таатай” орчин бүрдүүлсэн гэсэн үг.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавих норм, нормативд 30 эмэгтэй хүүхдэд нэг, 40 эрэгтэй тутамд нэг суултуур, 40 сурагчид нэг угаалтуур ногдох ёстой. Гэвч нэг угаалтуурыг дунджаар 67-68, нэг суултуурыг 54-55 хүүхэд ашиглаж байгаа нь сургуулиудын ариун цэврийн байгууламж хүрэлцээгүйг харуулж буй хэрэг. Тэгвэл Сургалт, хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, угаалтуур хамгийн цөөндөө нэг байна гэх ч нийт сургуулийн 85 хувь нь эл шаардлагыг хангадаггүй.

Боловсролын салбарын стандарт бол бүтээгдэхүүн, үйлчилгээг хангахын тулд боловсруулсан, зөвшилцлийн зарчим дээр үндэслэсэн албан ёсны баримт бичиг. Стандартыг үндэсний хууль тогтоомж, техникийн зохицуулалт болон хяналт, шалгалтын шалгуур болгон авч хэрэглэдэг. Манайд хүүхдийн сургалт, хүмүүжлийн байгууллагад зориулсан 230 орчим стандарт, дүрэм, журам бий ч үүнийгээ мөрдөх гэж бус, зөрчих гэж баталдаг нь дээрх баримтуудаас харагдана. Нэг бол төсөв мөнгөгүй, эсвэл нэг ангид хэт олон хүүхэд хичээллэдэг нь дүрэм, журам мөрдөх нөхцөл бүрдүүлдэггүй гэж арьсаа хамгаалдаг албан тушаалтан олширсон. Түүнээс гадна мэргэжлийн байгууллагууд боловсруулсан стандартаа сургуулиудад зардаг тул тэн хагас нь худалдаж авч чаддаггүй. Мөрдөх нь бүү хэл, мэддэггүй гэсэн үг.

Эдгээрээс хамгийн чухалд тооцогдох сургуулийн орчныг эрүүл байлгахын тулд хүнсний аюулгүй байдал, халдвар хамгаалал, цэвэр усны хангамж, дотоод агаарын чанар, гэрэлтүүлэг, тоглож наадахад аюулгүй талбай, хүчирхийлэл болон бусад аюулаас урьдчилан сэргийлэхэд зориулсан стандарт боловсруулаагүй аж.

ДЭМБ хөгжиж буй болон хөгжингүй оронд сургуулийн орчны стандартыг тусгайлан боловсруулж, хэрэгжүүлэхийг зөвлөдөг ч манайд нэгдсэн стандарт байхгүй нь асуудал үүсгээд буй юм. Германы сургуулиуд анги танхимын агаарын температур, харьцангуй чийгшил, тасалгааны цуурай, гэрэлтүүлэг, ширээ, сандал, нэг хүүхдэд ногдох талбай зэргийг нарийн тооцсон байдаг. Мөн ундны цэвэр ус, ариун цэврийн өрөө, хог хаягдлыг зайлуулах, багш, сурагч хоорондын зайг хүртэл орхилгүй тооцож, мөрддөг нь хүүхдийн төлөөх сэтгэл, зүтгэлийг нь харуулах буй за.

“Тунгаамал төв” төрийн бус байгууллагынхан ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин хүүхдүүдэд ээлтэй, эсэхийг өнгөрсөн онд судлахад, багш нарын 51, эцэг, эхчүүдийн 57 хувь нь “сурагчдад ээлгүй” гэсэн үнэлгээ өгчээ. Сургалтын орчныг сайжруулахад Засгийн газраас хэд хэдэн хөтөлбөр баталсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй, нийслэл, аймаг, орон нутгийн удирдлага хангалттай төсөв өгдөггүй зэргээс болж үндэсний хөтөлбөрүүд мөрөөдөл болон хоцордог гэх.

Өнгөрсөн оны хичээлийн жилд 173 бүлэг гурван ээлжээр хичээллэж байв. Сайд, дарга нар сургуулиудыг нэг ээлжтэй болгоно гэж “попорч” буй. Одоогийн нөхцөлд гурван ээлжээр хичээллэж байгаагаа ядаж хоёр болгон, хүүхдийн тоог цөөлөх нь зөв гарц баймаар. Олон түмнээс шүүмжлэл сонсохгүй л бол бусад нь хамаагүй гэсэн байдлаар асуудалд ханддагаа одоо болих хэрэгтэй. Сургууль бол хөгжигч байгууллага. Энэ утгаараа сургалтын орчин хүүхдэд ээлтэй, аюулгүй байх ёстой. Эсрэгээрээ эрүүл мэндэд нь хор уршиг учруулаад эхэлснийг зарим сургуульд дэгдсэн сүрьеэ “хэлээд” өглөө. Хүүхдүүд гэнэт өвдөөгүй, удаан хугацаанд “халдлага”-д өртөж байсны жишээ энэ. Тэднийг сургаж, хүмүүжүүлдэг ариун өргөө сурагчдыг сульдааж, өвчлүүлэх учиргүйг дахин хэлье.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ