• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Цахим тоглоомын газрууд ХАЛДВАРТ ӨВЧИН тараагч болж байна

2019 оны 6 сарын 6 45

Ө.Уранзаяа

-Компьютерын гар болон хулганыг зориулалтын бодисоор ариутгахгүй байгаа нь халдварт өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна-

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ цахим тоглоомын төвүүдэд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөөт шалгалт хийж эхэлжээ. Энэ шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж байна. Одоогоор Баянзүрх дүүрэг дэх интернет тоглоомын газруудыг шалгаж байгаа талаар албаныхан мэдээллээ. 

Шалгалтын явцын талаар НМХГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч О.Алтантуяа мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 21 иргэн, аж ахуйн нэгж газраар шалгалт хийсэн. Шалгалтын явцад Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 тогтоолоор цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журамтай холбоотой нийтлэг зөрчлүүд илэрч байна. Стандарттай холбоотой зөрчлүүдээс дурдвал нэг хүнд оногдох талбайн хэмжээ хүрэлцээгүй, компьютерын тоог илүү тавьсан. Байрны агааржуулалт болон гэрэлтүүлэг эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Хоёр цаг тутамд агааржуулалт хийдэггүй, өрөө тасалгааны ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, зориулалтын ариутгалын уусмалаар гар, хулгана, чихэвч зэргийг ариутгах ёстой байдаг бол үүнийг ариутгадаггүй. Гадна орчны хог хаягдал их зэрэг маш олон зөрчил илэрсэн. Цахим тоглоомын газруудыг орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл орон сууцны нэг давхарт цахим тоглоомын газар ажиллуулж байгаа зөрчил олон бүртгэгджээ. Мөн интернет кафе ажиллуулна гэж зөвшөөрөл авчихаад цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил ч илэрсэн" гэв.

Шалгалтын хүрээнд зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн тоглуулдаг газарт холбогдох хууль журмын хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.

Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 300 гаруй цахим тоглоомын газар байна. Эдгээр тоглоомын газрууд 23:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах ёстой ч 9-16 насны буюу насанд хүрээгүй хүүхдэд зуны цагт 20:00 цаг хүртэл, өвлийн цагт 18:00 цаг хүртэл үйлчлэх журамтай юм байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэнд цахим орчин дахь хууль бус үйлдэл, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хүүхэд багачуудаа хамгаалж, цахим орчны зөв соёлтой хэрэглээг хэвшүүлэхийг зөвлөж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ