• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Харгиа”-г хажиглаж болохгүйн учир

2019 оны 6 сарын 7 124

 2019-06-07

  Цэрэндулам

-Хамгийн их бохирдолтой, механик хольц ихтэй ус цэвэрлэдэг тус байгууламжийг төрийн холбогдох байгууллагууд нь мартжээ-

Нийслэлийн Хан-Уул дүүргийн II хорооны наймдугаар байрны оршин суугч С.Чулуунцэцэг “Манайх “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжтай хаяа залгасан байранд 2010 оноос амьдарч байна. Биднийг энэ орон сууцад анх ороход л “Өнөө маргаашгүй “Харгиа”-г нүүлгэнэ. Арьс, шир, өлөн боловсруулдаг үйлдвэрүүдийг Эмээлтэд төвлөрүүлнэ. Энэ хавь (Хан-Уул дүүргийн II, XV хороо) үйлдвэрлэлийн бус, суурьшлын бүс болж байгаа” гэж хорооны ажилтнууд, барилгын компанийнхан хэлж байсан.

Түүнээс хойш есөн жил өнгөрсөн ч барилга нэмэгдэн, айл өрхийн тоо өссөн ч ганц ч аж ахуйн нэгж нүүсэнгүй, арьс, ширний үйлдвэр болон цэвэрлэх байгууламжаас гардаг өмхий үнэрт бид утуулсан хэвээр байна. Ялангуяа зуны улиралд тэсэхийн аргагүй үнэртдэг учраас салхивч ч онгойлгох аргагүй болдог. Байрныхаа гадаа нарлах, салхилах талаар бодох ч юм биш. Цэвэрлэх байгууламжийн орчимд 500 метрээс дотогш аж ахуйн нэгж, иргэнд газар өмчлүүлэхгүй гэж заасан байдаг гэсэн. Гэтэл эл журмаа нийслэл, дүүргийн удирдлага нь үл хэрэгсэн, барилгын компаниудад газар олгосон” хэмээв.

Зургаан ханатай гэрийн буурийн чинээ газарт, шороогоор өндөрлөн, ил суурилуулсан тунгаагуур дахь (бохир усыг механик хольцоос салгаж, тунгаадаг, тогоо маягийн, үндсэн төхөө рөмж) сааралтсан усыг зогсолтгүй эргүүлэх аж. Тунгаагуур нь элэгдэж, зэвэрсэн төдийгүй, төхөөрөмж нь ч арай л гэж ажиллаж байна уу гэлтэй. Боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зуны горимд шилжин, одоогоор 7-8 аж ахуйн нэгжийн усыг л цэвэрлэж байгаа тул лаг, бохирын үнэр харьцангуй багассан гэдгийг тус байгууламжийнхан хэлсэн. Гэсэн ч өмхий үнэр нь хэвээр байна.

1972 онд Чехословак улсын буцалтгүй тусламжаар гурван га гаруй газарт агуулах, контор, засварын цех зэрэг холбогдох барилгыг хамтатган барьсан уг цэвэрлэх байгууламжид 1975, 2004 онд их завсар хийжээ. Арьс, шир боловсруулах болон архи, шар айраг, хүнсний үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэх зориулалтаар 46 жилийн өмнө байгуулсан тус байгууламж өдгөө үүргээ арай ядан гүйцэтгэж байна. Тэднийх өвлийн улиралд буюу оргил ачааллын үед хоногт 3000, зун хоногт 600-700 шоо мерт бохир усны механик хольцыг ялган, химийн цэвэрлэгээ хийн, Төв цэвэрлэх байгууламж руу дамжуулдаг аж.

Эргэн тойронд нь арьс, шир болон өлөн боловсруулах үйлдвэр, автомашин угаалгын газар байгаа тохиолдолд “Харгиа” хаалгаа барих боломжгүйг тус цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ц.Алтанхүү хэллээ. Тэрбээр “Цэвэрлэх байгууламжаас таагүй үнэр гарч ойр хавийн агаар, орчин бохирдуулдаг талаар иргэд байнга гомдоллодог. Мэдээж гадаа талбайд ил байрлуулсан тунгаагуураас эвгүй үнэр гарах нь дамжиггүй. Гэхдээ анхнаас нь ийм зохион байгуулалттай барьж байгуулсан тоног, төхөөрөмжийг бид өөрчлөх чадал, мэдэл байхгүй. Үе үеийн эрх баригчид, холбогдох албаныхан энэ хавийн үйлдвэрүүд болон “Харгиа”-г Эмээлт рүү нүүлгэнэ гэж ярьсаар олон жил болсон.

Энэ тойргоос УИХ-д сонгогдохоор өрсөлдсөн нэр дэвшигч нэгэн ойр хавийн оршин суугчдыг дагуулж ирээд “Харгиа” хаалгаа барь, орчин тойрныг бүү бохирдуул” гэж шаардан, манай байгууламжийг тун удахгүй нүүлгэхээр амлаж, иргэдийн санал авч байсан. Бид үйлдвэрүүдийн бохирдлыг урьдчилан цэвэрлэж, төв шугамд нийлүүлэх үүргийнхээ дагуу л ажилладаг. Энэ байгууламжийг хаачихвал эл үйлдвэрүүдээс гарч буй бохирыг хаана цэвэрлэх юм бэ” хэмээн аргаа барсан шинжтэй өгүүлсэн юм. Мөн тэрбээр тус байгууламжийн үндсэн техник, тоног төхөөрөмжийн эд ангийг бүрэн солих, сэлбэх боломжгүйг дурдсан. Учир нь тунгаагуур, цэвэрлэгч зэргийн сэлбэг нь одоо олдохгүй. ОХУ болон урд хөршөөс авсан сэлбэг хэрэгсэл таардаггүй тул инженерүүд нь шаардлагатай эд ангиа “монголчилсон”, гар хийцийн тоногоор орлуулж, засвар үйлчилгээгээ хийсээр иржээ.

Нийслэлд арьс, шир, өлөн боловсруулдаг, архи, шар айраг үйлдвэрлэдэг болон автомашин угаадаг 250 орчим аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн дийлэнх нь Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулан, бохир усаа “Харгиа”-руу нийлүүлэх шугам сүлжээнд холбогджээ. Тус цэвэрлэх байгууламж тухайн аж ахуйн нэгжүүдтэй нэг шоо метр бохир усыг 3000 төгрөгөөр цэвэрлэх гэрээ байгуулан ажилладаг гэнэ. Нэг шоо метр буюу нэг тонн усыг ийм бага өртгөөр цэвэрлэдэг нь алдагдалтай ажиллах нэг нөхцөл болдог талаар ч “Харгиа”-гийнхан хэллээ. Тонн усыг 5000 төгрөгөөр цэвэрлэвэл төвлөрүүлэх мөнгө нь өсөн, урсгал засварын зардлаа нэмэгдүүлэх боломжтойг ч дурдав. 

“Харгиа” улсын төсвөөс ямар ч хөрөнгө авалгүйгээр гэрээт байгууллагууддаа үйлчилгээ үзүүлсний хөлсөөр “амьдардаг”. Хө рөнгө төсөвлүүлье, их засвар хийлгэе, ил тунгаагуураа “далд хийх” буюу нэмж барилга барьж суурилуулан, ойр орчимд тархах үнэр танараа багасгах талаарх хүсэлтийг олон жил, удаа дараа холбогдох байгууллагад нь гаргажээ. Гэсэн ч “Үхэх хүнд үг хэрэггүй” гэгчээр нэгэнт нүүх байгууламжид хөрөнгө зарцуулахгүй гэсэн хариулт авдаг аж. Нүүлгэх бодлогыг ийм олон жил хатуу баримталж, үйлдвэрийн бүсийг суурьшлынх болгож буйн “ачаар”, цэвэрлэх байгууламжийн эргэн тойронд орон сууцны хороолол, зах, худалдааны төвийг зайгүй сүндэрлүүлсэн байна. Тэр хавийн оршин суугчид “Харгиа”-г хажигласан хэвээр, цэвэрлэх байгууламж ч арайхийн үүргээ гүйцэтгэсэн янзаар байдал цаашид хэр удаан үргэлжлэхийг мэдэх хүн алга.

Ус сувгийн удирдах газрын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Т.Солонго “Зарцуулсан зардлаасаа олсон ашиг нь тогтмол бага, олон жил алдагдалтай ажиллаж буй манай нэг салбар бол “Харгиа”. Дээр нь орчны агаар болон хөрс бохирдуулж, эргэн тойрны хүн амын эрүүл, таатай орчинд амьдрах эрхийг хөсөрдүүлж байна гэсэн гомдол тасардаггүй. Маргааш “Харгиа” хаалгаа барьчихвал, үйлдвэрүүд бохироо шууд л Туул гол руу цутгах магадлалтай. Хамгийн их бохирдолтой, механик хольц ихтэй ус цэвэрлэдэг, тэнд байрлах зайлшгүй шаардлагатай байгууламжийг төрийн холбогдох байгууллагууд нь мартжээ. Ямар нэг хэл ам гарвал, удахгүй Эмээлт рүү нүүлгэнэ гээд л өнгөрдөг” гэсэн юм. 

Мөн тэрбээр тус цэвэрлэх байгууламжийг алдагдалтай ажилладаг гэдгийг дуулгасан бөгөөд мөнгөн дүнг нь хэлэх боломжгүй гэв. Гэхдээ “Харгиа” цэвэрлэх байгууламж энэ хугацаанд урсгал засваруудаа өөрсдийн хөрөнгө, хүн хүч ний нөөцдөө тохируулан хийсээр иржээ. Арьс, ширний хаягдал, химийн бодистой ус нэг шугамаар дамжин, хүхэр, аммиакийн исэл болж, хортой нэгдлүүд үүсдэг байсныг халж, хоёр тусдаа шугам тавьсан аж. Мөн бохир усны лагийг хуримтлуулж, хатаан зайлуулдаг байсныг өөрчлөн, тухай бүрт нь тээвэрлэн, Төв цэвэрлэх байгууламжид хүргэдэг болсон байна. Ингэснээр дамжуулах шугам, хоолойн элэгдлийг багасган, тухайн орчинд тархах бохирын үнэрийг бага боловч бууруулж чадсан гэнэ.

Түүнчлэн Ц.Алтанхүү “Арьс, шир боловсруулахад шаардлагатай гол бодис нь хром юм билээ. Тэгэхээр “Харгиа”-д хромтой бохир ирдэг гэсэн үг. Бид урьдчилан цэвэрлэх хүчин чадлынхаа хэмжээнд бохирыг 60-70 хувь цэвэрлээд Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг. Тэнд биологийн цэвэрлэгээ хийдэг” гэсэн юм.

Эндээс харахад, ус болон газрын хөрсөнд шингэх хэмжээ, тунгаасаа хамаарч хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд онц хортой нөлөө үзүүлдэг буюу хорт хавдар, үргүйдлийн нэг шалтгаан болдог химийн элемент хром нь ямар нэг хэмжээгээр бохир усанд агуулагдан Төв цэвэрлэх байгууламжид очдог аж. Боловсруулах үйлдвэрүүдээс гарсан хромтой усыг хэчнээн хувь цэвэрлэн, дамжуулж буйг яг таг мэдэх боломжгүй ч Төв цэвэрлэх байгууламжаар ахин “шүүлтүүрдэн” Туул голд нийлүүлдэг. Энэ нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулах талтайг иргэд мэдээлдэг болсон нь оргүй биш. “Харгиа”хаалгаа барьчихвал их хэмжээний хром агуулсан ус Төв цэвэрлэх байгууламжид шууд очно гэсэн үг. Тэгэхээр шинэ цэвэрлэх байгууламжтай болтлоо “Харгиа”-г хажиглах үндэслэл алга. Харин ч “Харгиа”-гийнхнаар бахархан, магтмаар санагдав.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ