• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх 700 зөвшөөрөл олгоно

2019 оны 6 сарын 26 98

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон “Монгол наадам” цогцолбор хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажил зохион байгуулах гэнэ.

Баяр наадмын үеэр Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ(хуушуур)- ний 160 аж ахуйн нэгж, худалдааны 50 цэгт зөвшөөрөл өгнө. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ (хуушуур)- ний 400 цэгт зөвшөөрөл олгохоор болжээ. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг болон бэлэг дурсгал, үндэсний хувцасны худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх аж. Мөн хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгох юм.

Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материал авах сүүлийн хугацаа маргааш дуусна. Хүлээн авсан материалаас тогтоосон тооны хязгаарт багтсан аж ахуйн нэгж, иргэний нэрсийг ирэх сарын 2-нд олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх гэнэ. Улмаар зөвшөөрлөө авсан аж ахуйн нэгжүүдэд ирэх сарын 5-нд сургалт зохион байгуулж, шаардлагатай зөвлөгөө өгөх ажээ. Худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэн нь дүүргийн зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгө, загварын дагуу цэвэр, үзэмжтэй асар сүүдрэвч, түр байгууламж, гэрийг ирэх сарын 10-нд багтаан бүрэн байршуулсан байх хэрэгтэйг анхааруулав.

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

-Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх

-Согтууруулах ундаа болон тамхи худалдах

-Майонез, өндөг, крем, хиам болон тэдгээрийг оролцуулсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах, түүгээр үйлчлэх

-Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх

-Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах

-Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах Хог хаягдлаа ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах

-Зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хуванцар саванд айраг, сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалах, ундны ус нөөцлөх Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглоно.

Зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэргийг хураан авахыг санууллаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ