• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Үнэлгээгүй” үнэлгээ

2019 оны 6 сарын 26 59

 2019-06-26

  Бат-Ундрах

 “Үхсэн хойно оо, Боловсролын үнэлгээний төвийнхөн ер нь юу хийдэг юм”. Ингэж хэлбэл ямар вэ. Доромжилж, басамжилсан мэт сонсогдож байгаа биз. Тэд өөрсдөө л эхэлсэн.

Тодруулбал, 2018- 2019 оны хичээлийн жилийн улсын шалгалтад V ангийнхнаар “үхсэн хойно оо”, “чацга царайлчихаад” гэдэг хэлцийн утгыг тайлбарлуулсан юм. Ийм утгагүй даалгаврыг сурагчид битгий хэл, багш нар хүртэл мэл гайхаж, цэл хөхөрч хүлээн авсан. Аргаа барсан багш нар эдгээр үгийн утгыг хүүхдүүдэд тайлбарлаж өгсөн гэх. Үнэлгээний төвийнхний алдаа үүгээр дуусахгүй.

IV ангийн математикийн улсын шалгалтын олон талт дүрсийн гадаргуугийн талбайг олох бодлого нь зөв хариугүй. III ангийн дуу, хөгжмийн хичээлийн түвшин тогтоох шалгалтад гурван аяз сонсгоод, ноотыг нь бичих даалгавар өгчээ. “Ямар суутан биш, хүүхдүүдийн нэг нь ч ноот бичиж чадаагүй” гэж багш нар хэлсэн. Аяз сонсоод шууд ноот бичдэг сурагч ерөнхий боловсролын гэлтгүй мэргэжлийн сургуульд хэд байгаа бол.

Нийслэлийн 28 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Одгэрэл “2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд III ангийнхны дунд монгол хэлний олимпиад зохион байгуулсан. Даалгаврыг 40 минутад гүйцэтгэх байсан ч 120 үгтэй цээж бичиг дуудах гэсээр энэ хугацаа нь дууссан. Цаана нь өчнөөн даалгавар байдаг. Цаг хагас өнгөрлөө, хүүхдүүд амжаагүй. Хоёр цаг 30 минутын дараа дууссан. Боловсролын үнэлгээний төвийнхөн цөм хөтөлбөртөө тохируулж, даалгавраа боловсруулж чаддаггүй. Шинэ хөтөлбөрийн зорилго нь хүүхдийг бие даан хөгжүүлж, түүнд тохируулан үнэлнэ гэх ч явцын болон улсын шалгалтуудыг өнөөх л хуучны арга барилаараа авсан хэвээр” гэсэн юм.

Энэ талаар санал, сэтгэгдлээ 56 дугаар сургуулийн багш З.Баянжаргал хуваалцав. Тэрбээр “III ангийн монгол хэлний шалгалтад “бялгадах” гэдэг үгийг тайлбарлах даалгавар байсан. Тэр үг нь сурах бичигт ч байхгүй. Монгол хэлний үгийн сан баялаг, нэг үг олон салаа утгатай. Цөөдсөн биш, иймэрхүү сонин үгийг тайлбарлуулах нь олонтоо. IV-V ангийнхнаар 60 минутад 120 үгтэй эх зохиолгож, 40 тест ажиллуулан, мэдлэгийг нь шалгаж байна. Өгөгдсөн цагтаа яагаад ч амждаггүй. Үүнээс гадна VI, VII ангид үзэх ёстой сэдвүүдээр хүртэл шалгалт авдаг. Хэдэн настай хүүхдэд ямар чадвар эзэмшүүлчихээд, яаж шалгахаа мэдэхгүй, дүгнэлт хийхгүй байгаагийн л нэг илрэл. Боловсролын үнэлгээний төвийнхөн шалгалтын материалаа өөрсдөө боловсруулдаггүй. Сургуулиудыг тухайн хичээлийн агуулгад тохирсон тест боловсруул гэж үүрэгддэг. Ерөнхий боловсролын 800 гаруй сургууль өөр өөр агуулга, даалгавартай тест зохиох нь мэдээж. Тэдгээрийн дундаас, эсвэл хаа хамаагүй номоос түүгээд шалгалтад оруулчихдаг. Энэ нь ямар ч барьцгүй. Боловсролын үнэлгээний төвийнх нэг өөр, Нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн тест нь тусдаа. Багш нар сурах бичгээ бариад хүүхдүүдээ шалгалтад бэлдүүлдэг. Үзсэн, давтсан зүйлээс нь нэг ч дасгал шалгалтын материалд нь байдаггүй. Хүүхдүүдийг ингэж үнэлж болохгүй” хэмээсэн.

Боловсролын үнэлгээний төв нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын чанарыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын аргачлалаар боловсруулж, хяналт, шинжилгээ хийн, дүгнэлт гаргах үүрэгтэй. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг тодорхойлж, гүйцэтгэлийг нь үнэлэх, хичээл бүрээр үнэлгээний жишиг даалгавар боловсруулдаг. Улсын шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг боловсруулж, үүний дагуу сан бүрдүүлэн, албан байгууллага, иргэдийг мэдээллээр хангадаг байгууллага. Гэтэл тэд сүүлийн үед үүрэг, хариуцлагаа “мартсаныг” олон нийт шүүмжилж байна.

Хүүхдүүдийг сургалтын хөтөлбөр, түүний дагуу зохиосон сурах бичиг, шаардлагатай хэрэглэгдэхүүн ашиглан боловсрол эзэмшүүлнэ. Үүний дараа хэр хэмжээнд сурч, мэдсэнийг нь шалгаж, үнэлэх нь мэдээжийн хэрэг. Өөрөөр хэлбэл, үнэлгээ гэдэг нь сурагчдын сурлагын амжилтын түвшнийг тогтоох, мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил суусан, эсэхийг илрүүлж, тэдэнд тулгарч буй бэрхшээлийг шийдэх, урамшуулах үйл явц юм. Гэвч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр сүүлийн 20 гаруй жил тогтворгүй байсантай холбоотойгоор үнэлгээ нь хэдэнтээ өөрчлөгдөж ирэв. Хуучин нийгэмд сурлагын амжилтыг 2-5 оноогоор дүгнэдэг байсан. “Таван онцын эзэн” гэж мундаг “хэргэм” байлаа. Дараа нь онц, сайн, дунд, муу гэж дүгнэх болов. Хожим энэ нь “Хүүхдийг дүнгээр ялгаварлан гадуурхаж байна” гэж үзээд 100 хувь хүртэлх оноогоор, А, В, С, D, F өгдөг болсон. 

Тэгж байгаад 2014 оноос цөм хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор үнэлгээг дахин өөрчилж, А, В, С, D, F-ийг халсан. Ингээд сурагчдыг маш сайн, хангалттай, сайжирч байгаа, анхаарах шаардлагатай гэж дүгнэдэг болов. Гэхдээ хувийн хэрэгт нь дүнг хуучных шигээ “100 хувь А” гэж бичдэг хэвээр. “Сурагчдыг битгий үнэл, дүнгийн хойноос хөөцөлддөг, муу зан сурчихна гэдэг хэрнээ шалгалт авч, дүн гаргах болохоор бидэнд хатуурхдаг” гэж багш нар гомдоллосон. Энэ нь өнгөрсөн онд үнэлгээний журмыг дахин шинэчилсэнтэй холбоотой. Маш сайн, хангалттай, сайжирч байгаа гэсэн үнэлгээ одоо үгүй болсон гэсэн үг.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн болон сургалтын чанарын үнэлгээний шинэчилсэн журмыг 2018-2019 оны хичээлийн жилээс мөрдөж эхэлсэн. Ингэх болсон шалтгаан нь “Хүүхдүүд хаана, ямар орчинд сурч байгаагаас үл хамааран тэднийг ижил шалгуур, арга, технологиор үнэлж, сурлагын ахиц өөрчлөлтийг тодорхойлох, түүний үр дүнд үндэслэн сурах арга барил, хөгжлийг нь дэмжих зорилготой. Сурагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг шинжлэх ухаанчаар үнэлж, үр дүнг нь сургалтад ашиглахад үнэлгээний шинэ систем тохирно” гэж Боловсролын үнэлгээний төвийнхөн үзэв. Үнэлгээний шинэ журмыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор сургуулиудад гарын авлага хүргүүлсэн юм билээ. Гэсэн ч багш нар хүүхдүүдийг үнэлэх, үгүйгээ сайн ойлгохгүй байсаар хичээлийн жилийг дуусгажээ.

...Хичээлийн явцын оноог үр дүнгийн үнэлгээнд тооцохгүй байхаар заасан нь учир дутагдалтай. Хүүхэд хичээлүүдийн явцад хэр идэвхтэй байснаар дүгнэх нь тийм буруу зүйл үү...

Сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн мэдлэг, хөгжлийн түвшнийг тодорхойлоход үнэлгээ маш чухал. Гэтэл өнөөг хүртэл үүнийг сургалтын чанар, хөтөлбөр, сургууль, багшийн ажил, боловсролын зорилго, бодлогын хэрэгжилтийг дүгнэх зэрэгт ашиглахгүй байгааг судалгааны олон баримтад дурдсан байна. Ерөнхий боловсролын сургуульд үнэлгээ нь багш, сурагчийн ахиц, амжилтыг урамшуулан дэмжихээс илүүтэй хянах, шалгах буюу хариуцлага тооцох хэрэгсэл болж. Тухайн сургуулийн хүүхдүүдийнх нь сурлагын амжилт хөндлөнгийн багийнхны хийсэн судалгааны дүнтэй зөрдөг. Энэ нь багш болон сурагчдыг анхнаас нь дүнгээр “боодог” байсантай холбоотой аж. Хүүхдүүд нь муу дүн авбал багшийн цалингаас хасдаг, цаашлаад сургуулийн сурлагын чанарт нөлөөлдөг тул шударгаар дүгнэдэггүй болж таарав.

Харин одоо хүүхдүүдийг таван шатлалаар бус, I-VIII түвшнээр мэдлэг, чадварыг нь тодорхойлох болжээ. Энэ нь хүүхдүүдийн ур чадварыг илүү нээж, түвшнээ ахиулах боломж олгосон гэх. Гэсэн ч хичээлийн явцын оноог үр дүнгийн үнэлгээнд тооцохгүй байхаар заасан нь учир дутагдалтай. Хүүхэд хичээлүүдийн явцад хэр идэвхтэй байснаар дүгнэх нь тийм буруу зүйл үү. Багштайгаа чөлөөтэй харилцаж, идэвхтэй байснаар олны дунд ичиж зовохгүй ярьж сурна. Харин ч эсрэгээрээ хүүхдүүд “Дүн тавихгүй юм чинь” гээд хичээлдээ хайнга хандах, назгайрах, гэрийн даалгавраа хийхгүй байх зэрэг сөрөг үр дагавар гарч мэдэх юм. АНУ-ын Боловсролын шинжлэх ухааны институтийн эрдэмтэд явцын үнэлгээнд тогтмол хамрагддаг болон хамрагддаггүй сурагчдын амжилт хэр ялгаатайг судалжээ. Хичээлийн туршид үнэлүүлж байсных нь сурлагын амжилт өндөр гарах нь ойлгомжтой.

Харин манай Боловсролын үнэлгээний төвийнхөн “Явцын үнэлгээг багшийн дэвтэр (журнал)-т тэмдэглэхгүй. Хичээлийн явцыг дүгнэвэл сурагчид алдаа гаргахаас эмээж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээ болино. Хичээлд идэвхтэй оролцохгүй, дутуу ойлгосноо асуухгүй байх зэрэг сөрөг нөлөөтэй. Цаашлаад сурагчийг бодит байдалд хэрхэн суралцаж, ямар бэрхшээл, хэрэгцээ тулгарч байгааг багш мэдэхгүйд хүрнэ” гэж үзсэн.

Хэддүгээр ангийнх байхаас үл хамаарч, найман өөр янзаар дүгнэх ба үнэлгээний шалгуурт тохируулан багш хичээлийн жил, улирлын эхэнд бүлэг сэдэв бүрээр суралцахуйн хүрэх үр дүнг тодорхойлж байна. Ингэхдээ “Сурагчийн эзэмших мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг үнэлэх шалгуурыг сургалтын хөтөлбөрт тулгуурлан боловсруулна” гэж журамд заажээ. Энэ бүхэн багш нарт нэлээд төвөг учруулж буй гэх. Бүлэг сэдэв үзээд шалгалт авдаг ч энэ нь бас л хагас жилийн болон эцсийн үнэлгээнд нөлөөлөхгүй болжээ. Түүнчлэн I-II ангид огт дүн тавихгүй бөгөөд хувийн хэрэгт нь тодорхойлолт л бичдэг болсон гэнэ.

З.Баянжаргал багш “Байшингийн суурийг сайн цутгавал бат бөх сууц босно. Үүнтэй адил бага ангийнханд суурь мэдлэгийг нь сайн олговол хүүхдүүд дунд, ахлах ангидаа хэзээ ч “чирэгдэхгүй”. Миний бодлоор I-III ангийнхны мэдлэгийн түвшнийг үнэлэх шаардлагагүй. Яагаад гэвэл, энэ насныхан аливааг эргэцүүлэх, ухаарах сэтгэхүй нь хөгжөөгүй байдаг. Харин өнгөөр ялгаж, ногоон тэмдэглэгээ авсанд нь маш сайн байна гэж урамшуулах. Улаан тэмдэг бол хичээлээ давтах шаардлагатай гэх зэргээр ойлгуулбал үр дүнтэй. Хүүхдүүдэд дүн тавихгүй гээд I-VIII түвшнээр үнэлж байна. Гэсэн хэрнээ хувийн хэрэгт VIII түвшнийг 90-100, VII нь 80- 89 зэргээр дүйцүүлэн бичнэ. Энэ нь оноо, хувь алин болох нь ойлгомжгүй. I түвшний хүүхэд хамгийн муу бол эсрэгээрээ VIII хамгийн сайн суралцсан гэсэн үг” хэмээв.

Хүүхдүүд дүнгийн хойноос хөөцөлдөж, сургуулиуд “хоосон” чанараар уралдах болсон энэ цагт сурагчдын мэдлэг, түвшнийг шударгаар үнэлэх гэж хичээж байгаа нь сайн хэрэг. Нэгэнт батлагдсан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх нь ч ойлгомжтой. Гэхдээ энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн дараа эерэг үр дүн гарах учиртай. Эцэг, эхчүүд хүлээх л үлдлээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ