• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Органик” хэмээх шошгоны цаана орших “нууц”

2019 оны 6 сарын 27 261

2019-06-27

  Баясгалан

Эко, байгалийн цэвэр, байгалийн гаралтай, органик гэх мэт үг бидэнд хэдийн танил болжээ. Мөн зах, худалдааны төвд ийм төрлийн “чимэг”-тэй бүтээгдэхүүн дүүрэн. Иргэд нэг үеэ бодоход аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарах болсон. Гэсэн ч үнэхээр эрүүл мэндэд хоргүй, байгалийн гаралтай гэх бүтээгдэхүүнээ олж хэрэглэж чадаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Яг аль нь органик хүнс болохыг ялгаж салгаж чаддаггүй нь нууц биш. Учир нь дэлгүүрийн тавиур дүүрэн өрсөн бүтээгдэхүүнээс аль нь органик болохыг ялгаж, салгах мэдээлэл, хууль, тогтоомж дутмаг байдгаас тэр. Тэгвэл хоёр жилийн өмнөөс Засгийн газраас үүнд анхаарал хандуулж, хууль баталсан.

Органик хүнсний тухай хуульд “Мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон байгалийн гаралтай, Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг органик хүнс гэнэ” хэмээн заасан. Эдгээрийг агуулсан, цэвэр байгалийн, органик гэдгийг нь хэн нотолж, баталгаажуулж, иргэдэд итгэл, үнэмшил төрүүлэх вэ.

Дээр дурдсанчлан манай улсад хоёр жил гаруйн өмнөөс буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Хэдийгээр Засгийн газраас анхаарал хандуулж, хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, үйлдвэрлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн ч хэрэглэгчдийн мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу хэвээр байна. Нэг үгээр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошгоны аль нэгэнд органик, байгалийн цэвэр, эко гэх мэт үгс байвал итгэж, хэрэглэх нь элбэг. Иргэдийн эл өрөөсгөл ойлголт, итгэл үнэмшил нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч байгууллагуудын бизнесийг өргөжүүлэхээс хэтрэхгүй байна. Хэдийгээр Засгийн газраас оройтож анхаарал хандуулсан ч хуулийг хэрэгжүүлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад өнөөх замбараагүй байдал өөрчлөгдсөнгүй. Үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхны өнгөрсөн сард хийсэн тандалт, судалгаанаас харж болно. Тодруулбал, тус газрын мэргэжилтнүүд өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1 хүртэл дотоодын 75 аж ахуйн нэгж, иргэнээс нийлүүлсэн 4392, хүнс импортлогч 29 аж ахуйн нэгжийн 5093, нийт 9485 нэр, төрлийн бүтээгдэхүүнийг шалгажээ. Ингэхдээ Улаанбаатар хотын 24 аж ахуйн нэгжийн хүнсний сүлжээ 20 дэлгүүр, импортын долоон агуулах, зах, бөөний төв, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 320 мухлаг, сүлжээ дэлгүүрийг хамруулжээ. Судалгаагаар дотоодын бүтээгдэхүүнүүдэд органик, байгалийн гаралтай цэвэр, байгалийн цэвэр гэх мэт хуулиар зөвшөөрсөн тэмдэглэгээг сав, баглаа, боодол, шошгод тусгасан ч албан ёсоор баталгаажуулаагүй зөрчил зонхилжээ.

Хуульд зааснаар бол дотоодын бүтээгдэхүүнд органик, байгалийн цэвэр, байгалийн гаралтай цэвэр гэсэн тэмдэглэгээг албан ёсоор баталгаажуулсны дараа хэрэглэх ёстой гэнэ. Гэтэл манай дотоодын аж ахуйн нэгж, байгууллагууд албан ёсоор баталгаажуулалгүйгээр, өөрөөр хэлбэл, өөрсдийн дураар бүтээгдэхүүнүүддээ ийм тэмдэглэгээ тавьж, иргэдийг төөрөгдүүлж байсан гэнэ. Тодруулбал, дотоодын 4392 нэр төрлийн бүтээгдэхүүний 38 хувь буюу 1667 хүнс дээрх гурван төрлийн тэмдэглэгээг ашигласан ч баталгаажуулаагүй нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, хуульд заасан тэмдэглэгээг ашиглаж буй бүх бүтээгдэхүүн баталгаагүй байжээ. Тэдгээрийн дунд манай улсын томоохон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн ч байсан аж. Жишээлбэл, “Гацуурт”-ын төмс, хүнсний ногоо, “Жем интернэшнл” компанийн шар айраг, “Хөвсгөл их тайга”-ын цай, “Тэсо” корпорацын чацаргана, нэрсний ундаа, “Газар шим”-ийн артишок ундаа, өтгөрүүлсэн ханд, “Өег” салат, төрөл бүрийн даршилсан ногоо, “Хуба хаяа” чацарганын тос, охь гээд нэрлээд байвал урт жагсаалт хөврөх нь. 

Үүнээс гадна натурал, эко зэрэг үгийг монгол, гадаад хэлээр бичсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн олон байсан ч тэдгээрийг хэрхэхийг хуульд тусгаагүй учир ямар нэгэн арга хэмжээ авч, сануулга өгөх боломжгүйг мэргэжилтнүүд хэлж байлаа. Жишээлбэл, АПУ компанийн үйлдвэрлэдэг цэвэр усыг хэрэглэж үзээгүй хүн үгүй биз. Уг усны шошгонд ногоон дэвсгэр бүхий eco гэсэн тэмдэглэгээ бий. Түүнийг хууль зөрчлөө хэмээн буруутгаж болохгүй ч иргэдийг төөрөгдүүлэн, байгалийн гаралтай гэх итгэл, үнэмшил төрүүлж буй юм. Тиймээс иргэд өөрсдөө л аль нь хуулиар зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглэгээ болохыг таньж мэдэх нь чухал гэсэн үг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Батчимэг “Дотоодын бүтээгдэхүүнүүдийг баталгаажуулах гурван төрлийн хэлбэр бий. Эхнийх нь гадаадын байгууллагаар, нөгөө нь эрх бүхий дотоодын байгууллага баталгаажуулах ёстой. Гурав дахь нь хамтын оролцооны байгууллагаар баталгаажуулах юм. Энэ нь манай улсад хөгжиж эхэлсэн. Ихэвчлэн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэгжүүлдэг. Жишээлбэл, Сэлэнгэ аймагт тарьж буй төмсийг цэвэр байгалийн гаралтай, эсэхийг хамтын оролцооны байгууллагууд батална гэсэн үг. Органик хүнсний тухай хууль батлахаас өмнө дээрх тэмдэг, тэмдэглэгээ ашиглах зөвшөөрлийг Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгож байсан. Харин одоо больсон. Учир нь заавал баталгаажуулж байж хэрэглээнд нэвтрүүлэх ёстой. Гэтэл Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь органик хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах эрхгүй. Өнгөрсөн сард хийсэн тандалт судалгаагаар 2017 оноос өмнө буюу хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас тэмдэг, тэмдэглэгээгээ авсан гэдэг хариулт өгөх аж ахуйн нэгж байгууллага цөөнгүй байв. Одоо тус тэмдэглэгээ нь хүчингүйг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Үүнээс гадна импортын 5093 нэрийн 4392 хүнсний бүтээгдэхүүнд судалгаа хийхэд 1892 буюу 37.1 хувь нь л тухайн үйлдвэрлэгч улс орны баталгаажсан тэмдэг, тэмдэглэгээтэй байсан бол 111 нь хуурамч байсныг илрүүлжээ. Үлдсэн нь үйлдвэрлэгч улс орныхоо баталгаат тэмдэг, тэмдэглэгээтэй ч баталгаажуулсан бичиггүй байсан аж. Жишээлбэл, Европын улсууд органик бүтээгдэхүүний нэгдсэн нэг тэмдэгтэй байдаг бөгөөд ОХУ-ынх органик, органический продукт, Герман, Нидерланд улсынх еko, АНУ, Британийх оrganic гэсэн тэмдэглэгээг сав баглаа боодол, шошгодоо байршуулсан байдаг аж. Гэтэл зарим бүтээгдэхүүнд эдгээрийг тэмдэглэсэн боловч баталгаажуулалтын гэрчилгээгүй байсан гэсэн үг. Уг нь хүнсний бүтээгдэхүүн импортлогч байгууллагууд оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийхээ тэмдэг, тэмдэглэгээ, гэрчилгээг ХХААХҮЯ-нд бүртгүүлж байж хэрэглээнд нэвтрүүлэх үүрэгтэй. Гэтэл дээрх судалгаанаас органик гэж итгэдэг импортын бүтээгдэхүүний 40 хүрэхгүй хувьд нь л итгэж болох бол дотоодын аль ч бүтээгдэхүүнд найдах боломжгүйг харж болно. Тиймээс хэрэглэгчид бид өөрсдөө хүнсний бүтээгдэхүүндээ илүү анхаарах шаардлагатай юм.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн сонгодог вэ?

Л.ЭНХЖАРГАЛ (Хан-Уул дүүргийн иргэн): -Аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээдэг. Монголынхоо хөрсөнд ургасан ногоо, жимс, цагаан идээг найдвартай гэж итгэдэг. Зарим худалдааны төвөөс баталгаа шаарддаг. Гэсэн ч баримт үзүүлдэг газар одоогоор алга. Тиймээс шошго дээр нь “байгалийн” гэсэн бичиг байвал худалдан авдаг.

Ц.БЭГЗЭЭ (Сүхбаатар дүүргийн иргэн): -Дотоодын чацаргана, аньс, нэрс, түүгээр хийсэн ундаа, жүүс түлхүү хэрэглэдэг. Баталгаагүй олон хүнсний бүтээгдэхүүн худалдах болсон өнөө үед тэр нь арай эрүүл мэндэд тустай байх. Хэдийгээр яг органик бүтээгдэхүүнийг хараад ялгаж салгах хэцүү ч сав, баглаа боодолд нь байгалийн, ургамлын гаралтай гэсэн бичиг байвал бусдаасаа арай дээр гэж итгэдэг.

Д.ЗАМБАГА (Баянзүрх дүүргийн иргэн): -Байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг шилж, сонгох хэцүү. Тиймээс “Amway” брэндийг хэрэглэдэг болсон. Тухайн бүтээгдэхүүн АНУ-ын баталгаажилттай учраас хэрэглэхэд эргэлзэх зүйлгүй гэж боддог. Мэдээж дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэдэг л дээ. Тэгэхдээ малчдын худалддаг сүү, цагаан идээ, зэрлэг жимс хэрэглэхийг хичээнэ. Импортын, ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийдэг.

М.БАЯРМАА (Баянгол дүүргийн иргэн): -Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо үйлдвэрлэсэн он, сарыг нь сайн хардаг. Дараа нь орц найрлагыг нь шалгаад, аль болох ургамлын гаралтай бүтээгдэхүүн сонгохыг хичээдэг. Гэхдээ л баталгаатай, эсэхийг нь сайн мэдэхгүй. Импортын бүтээгдэхүүнийг хил, гаалийн шалгалт давж орж ирсэн учраас илүү найдвартай гэж боддог.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ