• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Г.Эрдэнэтөгс: Байгууллагын дотоод хяналт сул байгаагаас олон хүний амь эрсдэж байна

2019 оны 8 сарын 20 81

Б.ОЮУНЖАРГАЛ, NPost.mn Үндэсний шуудан сонин

Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас үүдэн гарах ослын тоо ихсэх болжээ. 2019 оны эхний найман сарын байдлаар үйлдвэрийн осол болон хурц хордлогод 157 хүн өртөж, үүнээс 23 хүн нас барж,71 хүн хүнд бэртэж, 63 хүн хөнгөн бэртсэн байна. Иймд манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөл байдал ямар түвшинд байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгстэй ярилцлаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал манай улсад хэрхэн мөрдөгдөж байгаа вэ?

-Сүүлийн үед гарч буй үйлдвэрлэлийн ослоос үзэхэд ихэвчлэн бүлгээрээ буюу олноор осолдож амь нас, эрүүл мэндээрээ хохирох боллоо. Он гарсаар гурван удаагийн бүлэг үйлдвэрлэлийн осол гарсан. Үүнд18 хүн өртөж, долоон хүн нас барж 10 хүн хүнд гэмтсэн. Ажил олгогчид байгууллагынхаа онцгой нөхцөл байдалд тохирсон дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, ажлын байрны аюулыг илрүүлэх болон арилгах арга хэмжээг тухай бүрт авдаггүй, хязагаарлагдмал орчны агаарын найрлага хорт хийн агууламж хүчил төрөгчийн агууламжийг ажил эхлэхээс өмнө тодорхойлдоггүй. Цаашлаад ажиллагсдыг амь нас, эрүүл мэндэд ноцтой, аюултай ажлын байранд ажиллуулдаг, ажлын тусгай хэрэгслээр хангадаггүй, түүнийг хэрэгжүүлж хэвшүүлээгүй зэргээс үйлдвэрийн осол гардаг. Үйлдвэрийн ослоор 14.6 хувь буюу зургаан хүн тутмын нэг нь нас бардаг гэсэн үг. Энэ өндөр тоо бусад оронд 1.57 хувь байдаг. Энэ нь ослоос сэргийлэх арга хэмжээ дутмаг байгааг илэрхийлж байна.

-Үйлдвэрлэлийн осол хамгийн ихээр гардаг салбарыг тодорхойлбол?

-Уул уурхайн салбарт он гарсаар 34 осол гарч үүнээс найман хүн нас барсан, ус хангамж, бохир зайлуулах системтэй, хоог хаягдал гэх мэт цэвэрлэх байгууламжийн салбарт 18 осол гарч долоон хүн нас барсан, барилгын салбарт 12 осол гарч гурван хүн нас барсан. Тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбарт 15 осол гарч хоёр хүн нас барсан, мэдээлэл холбооны салбарт гурван осол гарч нэг хүн нас барсан, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллгаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт долоон осол гарч нэг хүн нас барсан. Нийт бүртгэгдсэн ослын 14.6 хувь нь уул уурхай олборлолтын салбар, 11.6 хувь нь ус хангамж, бохир ус зайлуулах систем, цэвэрлэх байгууламжид гарсан байгаа юм.

-Хязгаарлагдмал орчинд ажиллаж байгаа хүмүүсийн тухайд хамгаалах хэрэгсэл болон аюулгүй байдал хэрхэн хангагдсан байдаг юм бэ?

-Ямар ч аюул ослоос урьдчилан сэргийлж болдог. Зарим аж ахуйн нэгж байгууллага ослын шалтгааныг олохгүй байгаа учраас санаандгүй, болгоомжгүй байдлаас осолдсон гэж ярьдаг. Энэ нь өрөөсгөл юм. Жишээлбэл, хязгаарлагдмал орчинд ажиллах ажилчин хорт хий шүүгч, агаар нөөцлөгчтэй баг, хэмжилтийн багаж зэргээр хангагдсан байх ёстой. Мэдээж хорт хийнээс хамгаалах хувцастай байх.

-Тэгвэл осол гарсны дараа мэргэжлийн хяналтын байгууллага хянаж шалгаагүй гэх асуудал гардаг. Ер нь танай байгууллага дүрэм журмаараа шалгалтыг хэрхэн зохион байгуулдаг юм бэ?

-Томоохон осол гарах бүрт мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хйисэнгүй гэх хэл ам гардаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийхээр зохицуулсан. Энэ хуулийн 5.3- т зааснаар Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр мөн 5.2 -т зааснаар удирдамжгүй хийж болно. 5.7 д зааснаар хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ. Төлөвлөгөөт бус шалгалтыг иргэн аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, эрх бүхий байгууллагын шийдвэрээр очиж шалгадаг юм. Хяналт, шалгалт тогтмол хийгдэх ёстой. Гэтэл энэ хуулиар бизнес эрхлэгчдийг хөнгөвчилж байна гээд хяналтынхаа нэг чиглэлийг үгүй хийчихсэн. Одоо мэргэжлийн хяналтын байгууллага өргөдөл, гомдол аль эсвэл осол гарсан тохиолдолд шалгалт хийх эрхтэй болсон. Олон улсад төлөвлөгөөт бус төлөвлөгөөт гэсэн шалгалтыг хийдэг. Гэтэл манай улсад зөвхөн төлөвлөгөөт шалгалтыг хийж байгаа нь үнэхээр гаж хуулийн тогтолцоо.

-Энэ онд гэхэд төв цэвэрлэх байгууламж, болон “Эко алтан заамар” компанид томоохон осол гарч олон хүний амь нас эрсдсэн. Чухам хаанаа хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан юм бэ?

-“Эко алтан заамар” компанид гарсан ослын тухайд уулын ажлын төлөвлөгөөг мөрдөөгүй байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Аюултай, осол гарах орчин бүрдсэн байхад үйл ажиллагаагаа явуулсаар байсан. ТЭЗҮ-ээ мөрдсөн бол тийм осол гарахгүй байсан юм. Уул уурхайн салбарт бас нэг асуудал бий. Австралид уурхайн даргыг улсын комиссоор оруулж шалгалт авдаг. Шалгалтад тэнцсэн тохиолдолд уурхайн дарга болдог. Хэрэв шалгалтад тэнцээгүй бол 5-10 жилээр уул уурхайн дарга болох эрхийг нь хязгаарладаг. Гэтэл манай улсад лицензтэй, мөнгөтэй нь уурхайн дарга болж байна. Онолын хувьд тэд стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй. Мэргэжлийн бус хүнээр уул уурхайн салбарыг удирдуулж байгаа нь осол үүсэх хамгийн том шалтгаан юм. Үүнээс болж олон хүний амь эрсэдсэн. Үүний дараа Төв цэвэрлэх байгууламжийн осол мөн л хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсантай холбоотой.

Энэ ослыг урьдчилан харж сэргийлэх боломж байсан. Ажилчдад аврах ажиллагааны талаар анхны мэдэгдэхүүн байгаагүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар мэдлэггүй байсан. Гэнэт хаалт дэлбэрсэн, дэлбэрлэхээс өмнө агаарын найрлаг, хүчилтөрөгч зэргийг хэмжих ёстой байсан. Тухайн хүмүүст бүгдэнд нь хорт хийн шүүлтүүр өгөх ёстой байсан ч өгөөгүй. Монгол Улсын хэмжээнд ганц цэвэрлэх байгууламж байгаа шүү дээ. Гэтэл ганцхан хүчил төрөгчийн багтай байгаа юм. Ингэхлээр 21 аймагт баг болон хэмжигч багаж байхгүй. Ийм байж яаж хүмүүсээ аврах юм бэ. Таван төрлийн хэмжигч багаж нь хоёр сая орчим төгрөг байдаг юм байна лээ.

Хязгаарлагдмал нөхцөлд орж байгаа тохиолдолд тэр багийг хэрэглэх ёстой. Хэрэв хязгаарлагдмал орчинд ажиллах гэж байгаа тохиолдолд ажлын ахлагч болон хянагчийн удирдлага дор гүйцэтгэх ёстой. Үүнийг мөрдөөгүйн улмаас хязгаарлагдмал орчинд үйлдэгдэх осол ихээр гарч байгаа. Мөн аюултай орчинд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлгүй орсон байгаа юм. Хэмжилтийн багаж байхгүй хорт хий, агаарын хэмжих багаж байхгүй байж яагаад хязгаарлагдмал орчинд хүн оруулаад байдаг юм бэ. Үүнд төр засаг анхаарах хэрэгтэй.

-Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн мөрдөгдөж байна. Нэг хэсэг осол аваар их гардаг байсан шүү дээ. Үүнд хэрхэн хяналт тавин ажиллаж байгаа вэ?

-Ялгаагүй осол гарсаар байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзэгдэл байхгүй. Стандартаа мөрдөхгүй байна. Наад зах нь барилгын дээрээс юм унахаас урьдчилан сэргийлж ногоон тор татчихсан байдаг. Энэ нь аюулаас хамгаалах арга биш уналтыг зогсоож чадахгүй. Гурван метр тутамд төмөр тор татах хэрэгтэй. Энэ стандартыг барилгын салбар мөрдөхгүй байгаа. Ингээд тэдний буруутай ажиллагаанаас хүний амь нас эрсдэхэд гүйцэтгэгч байгууллага тухайн барилгын эзэд хариуцлагаас амархан мултраад гарчихдаг болж.

Ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохироход болон холбогдох эзэнд хуулийн дагуу хариуцлага тооцсон тохиолдол ганц ч байдаггүй. Нэг хэсэг лифтний нүхэнд унаж осолдох тохиолдол элбэг гардаг байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал жижигхэн зүйлээс болж алдагдаж байна. -хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ? -Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйл 1.1. Сахин хангуулах үүргээ биелүүлээгүй 1.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, дүрэм журам хангаж ажиллаагүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 400 нэгжээр, хуулийн этгээдийн 4000 нэгжээр торгоно. 

-Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн хэр сайн бэлтгэгддэг юм бэ. Бас хүртээмжтэй байж чаддаг уу?

-Хөдөлмөр хамгаалал , эрүүл ахуйн мэргэжилтнийг манай улс бэлдэж чадахгүй байна.Олон улсад 500-600 цагийн сургалтад хамруулж байж хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн болгодог. Манай улсад 5-10 хоногийн курст сууж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн болж байгаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллага ослыг цаг алдалгүй шуурхай хүлээн авахын тулд хэрхэн ажиллаж байгаа юм бэ?

-Бид ослыг судалж хэд хэдэн хүчин зүйлийг гаргадаг. Ослыг цахимаар бүртгэж байна.

-Хамгийн сүүлд ямар осол танай байгууллагад бүртгэгдэв?

-Увс аймагт дахин хоёр хүн худагт орж хордсон. Маш хүнд хордсон эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлаас үүдэн гарах осолд аль насныхан илүү өртдөг вэ?

-Эд хийж бүтээж, хөдөлмөрлөх насандаа яваа 18-25 насны залуус өртдөг.

-Мэргэжлийн хяналтын байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлын хангуулахын тулд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага руу чиглэсэн ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Мэргэжллийн хяналтын байгууллагаас зөвлөмж хэрэгжүүлэх, арга зүйн зөвлөгөө үзүүлэх зорилгоор наймдугаар сарын 7-ний өдрөөс эхлэн УСУГ, ОСНААҮГ-ын удирдлагууд, инженер, техникийн ажилтан, ажилчдад зориулан Хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн аюулгүй ажиллагаа сэдэвт сургалт зохион байгуулж байгаа. Ер нь аж ахуйн нэгж байгууллагууд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулаагүйгээс осол гардаг. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг мөрдлөг болгохын тулд дотоод хяналт чухал. Байгууллагын дотоод хяналт сул байгаагаас хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ