• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Аминаас үнэтэй 1.5 хувь

2019 оны 9 сарын 4 102

М.ОЧ

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүйн гайгаар 17 настай хүүхэд барилгын 11 дүгээр давхраас унаж амиа алдав. “Тайм констракшн” компанийн захиалгаар Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Сити молл” цогцолборын IV блокийн 16 давхар барилгад өнгөрсөн сарын сүүлчээр ийм осол гарсан юм. 17 настай хүү гүйцэтгэгч “Ти Жи К” компанийн цахилгаанчны туслахаар ажиллаж байжээ. Холбогдох байгууллагынхан газар дээр нь очиж шалгахад барилгын цахилгаан шатны хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгээгүй зөрчил илэрсэн. Хамгаалалтын байгууламжийг хар паниараар түр аргацаан тогтоосон байсан аж. Үүнээс гадна компанийнхан ажилчдадаа аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн, эсэх нь тодорхойгүй гэнэ. “Уламжлал ёсоор” монголчууд энэ талаар ганц өдөр шуугьж, “Яана даа” гэж халаглаад л, маргаашаас нь мартав. Байсхийгээд гардаг асуудал, байдаг л нэг үзэгдэл мэт хүлээн авлаа.

 ЗӨВЛӨМЖ, ШААРДЛАГА УДАА ДАРАА ХҮРГҮҮЛЖЭЭ

Осол гарсан барилгын захиалагч “Тайм констракшн”, ерөнхий гүйцэтгэгч “Титан таур констракшн” компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас урьд нь мэдэгдэл, зөвлөмж өгч, зөрчлөө арилгах албан шаардлага удаа дараа хүргүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард буюу бүтээн байгуулалтын улирал эхлэх үед аюулгүй байдлаа хангах мэдэгдэл, зөвлөмж өгчээ. Улмаар зургадугаар сарын 17-нд зөвлөмж, мэдэгдлийг хэрэгжүүлсэн, эсэхийг шалгахад “Тайм констракшн” компанийнхан дотоод хяналтын журам тогтоож, мөрдүүлээгүй зөрчил илэрсэн байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй гэсэн улсын байцааг­ чийн албан шаардлага хүргүүлж, нэг сая төгрөгөөр торгон, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгсөн гэнэ. Гэвч тэд шаардлагыг биелүүлсэнгүй, аюулгүй байдлаа хангахгүй өдий хүрсний гайгаар нэг хүүхдийн амь үрэгдэв. Зөрчлийг нь илрүүлээд, шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгсөөр байтал аж ахуйн нэгж хайнга хандсанаас ийм асуудал үүссэн гэж холбогдох байгууллагууд дүгнэжээ. Зөвхөн эл асуудал бус, хөдөлмөрийн аюулгүй байдал юунаас болж алдагддаг, мэргэжлийн хяналтын байгууллагынхан үүнийг бүрэн хянаж чаддаг, эсэхийг тодрууллаа.

ЖИЛД НЭГ Л УДАА ШАЛГАНА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ онд барилгын тусгай зөвшөөрөл бүхий 1000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэл, зөвлөмж өгчээ. Одоогоор 370 компанийг урьд­ чилан сэргийлэх хяналт шалгалтад хамруулсан гэнэ. Үүнээс 100 гаруй нь зөрчилтэй байжээ. Осол эндэгдэл гарч, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч болзошгүй тул урьдчилан сэргийлэх үүднээс одоогоор 20 гаруй барилгын үйл ажиллагааг зогсоосон аж. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээс өмнө буюу 2-4 дүгээр сард тус байгууллагынхан барилгын бүх компанид мэдэгдэл, зөвлөмж хүргүүлдэг байна. Үүний дараа хяналт шалгалт явуулдаг. Зөвлөмж гэдэг нь аюулгүй байдлаа хангахын тулд ийм ажил хийх ёстой гэсэн даалгавар. Мэдэгдэл нь танай компани ийм зөрчилтэй байна, эдгээрийгээ арилга гэх шаардлага. Дараа нь хяналт шалгалт явуулна. Зөрчлөө арилгахгүй бол торгууль ногдуулдаг. Аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, дарамт болохгүйн тулд ийм шат дараатай арга хэмжээ авдаг гэлээ. Дээрх төлөвлөгөөний дагуу нэг барилгыг жилд нэг л удаа шалгах боломжтой. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар мэргэжлийн хяналтын байгууллагынхан дуртай барилга дээрээ очоод, шалгана хэмээн сүрдүүлж болохгүй. Харин газрын даргын баталсан хуваарийн дагуу бүтээн байгуулалтын улиралд нэг удаа төлөвлөгөөт шалгалт явуулж, бүх барилгыг хамруулдаг аж. Бусад тохиолдолд зөвхөн иргэдийн мэдээллийн дагуу л хяналт шалгалт явуулах боломжтой юм билээ. Тиймээс ямар нэгэн асуудалтай, зөрчилтэй барилга харагдвал иргэд нэн даруй мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх шаардлагатай гэнэ. Тэгвэл тухайн барилгыг хэдэн ч удаа шалгах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, олон нийт, иргэдийн оролцоо осол, зөрчлийг арилгах нэг хөшүүрэг гэв. Энэ оны эхний хагас жилд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай албаны утсанд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй тухай 48 гомдол иржээ. Үүний дагуу шалгахад 144 зөрчил илэрсэн бөгөөд 77 хувь нь барилгын хаалт, хамгаалалт хийгээгүй байсан гэнэ.

ОСЛЫН ТОО БУУРСАН НЬ БАЯРЛАХ ҮЗҮҮЛЭЛТ МӨН ҮҮ

Энэ он гарснаас хойш барилгын салбарт зургаан осол гарчээ. Үүнээс болж таван хүн бэртэж, нэг хүн амь эрсэдсэн аж. Өнгөрсөн онд 17 осол гарч, долоон хүн нас барж, 17 хүн гэмтсэн байна. 2012 онд зөвхөн барилгын салбарт 56 осол гарч, 29 хүн нас баржээ. “Долоон жилийн өмнө 56 гардаг байсан ослыг зургаа болгон бууруулж чадсан” гэж барилгын салбарынхан бахархалтай нь аргагүй хэлсэн. Угтаа осол гарч, хүний амь эрсэдсээр байгаа нь бахархаж, баярлах зүйл биш байлтай. Уг нь салбарын хэмжээнд жил бүр осол, гэмтлийг бууруулах аян зарлаж, барилгын ажилтнуудыг сургалтад хамруулдаг юм байна. Энэ онд гэхэд салбарын нийт ажиллагсдын 93 хувийг сургалтад хамруулсан гэнэ. Гэтэл яагаад осол гарсаар байгааг салбарынхнаас тодруулахад “Хоёр шалтгаантай” хэмээсэн. Эхний шалтгаан нь хэмнэлт аж. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд тухайн барилгын нийт төсөвт өртгийн 1.5 хувиас багагүй зардлыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зарцуулах талаар тусгажээ. Гэсэн ч манай барилгын компаниудын дийлэнх нь төсвөө хэмнэх гэж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зарцуулах зардлаа танадаг нь бараг “уламжлал” болжээ. Хоёр дахь шалтгаан нь ажиллагсдын дадал зуршил. Нэн тэргүүнд аюулгүй байдлаа хангах ёстойг монголчууд ерөөсөө ойлгодоггүйг зарим компанийнхан хэлсэн. “Төр, засгаас сургалт зохион байгуулж, хамруулдаг ч сонирхон суудаг хүн цөөн. Аюулгүй байдлаа хангах нь өөрийгөө хамгаалж буй хэрэг биш, харин компанид ажил хийж өгч байгаа мэтээр цааргалан хүлээж авах нь түгээмэл” гэв.

ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ СТАНДАРТ

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд хэрхэх ёстой талаар мэргэжлийн байгууллагынхан, зарим судлаачаас тодруулахад олонх нь “Бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх” хэмээн дуу нэгтэй хэлсэн билээ. Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс “Ослын тоог тэглэх гол арга зам бол иргэдэд энэ талаар системтэй мэдлэг олгох. Жишээ нь, цэцэрлэгийн хүүхдүүдэд хэрхэн нэгнийгээ гэмтээхгүй тоглох талаар сургаж болно. Ерөнхий боловсролын сургуульд орохоор нь хэрхэн хөдөлмөр эрхлэхийг заах ёстой. Коллеж, их, дээд, сургуульд ч аюулгүй ажиллагааны талаар хичээл заах шаардлагатай. Ажил олгогч энэ талаарх сургалтыг ажиллагсдадаа байнга явуулж хэвших нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, энэ үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх хэрэгтэй юм. Ийм жишиг тогтоох гэж бид сүүлийн 3-4 жилд ажиллалаа. Хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал олон бий. Боловсролын салбарынхан үүнд анхаарч, 2020 оноос хэтрүүлэлгүй сургалтын хөтөлбөрт тусгаж өгөөч гэж хүсье. Хэрэв ирэх жилээс сургалтын хөтөлбөрт тусгавал 2036 он гэхэд манай хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны цогц мэдлэгтэй ажилчид орж ирнэ гэсэн үг шүү дээ. Үүний дараа л үйлдвэрлэлийн осол гарахаа болино” хэмээсэн. Монгол Улс 2000 онд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000 стандарт баталжээ. Уг стандартад цэцэрлэг, сургуульд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар хичээл заахаар тусгасан байна. 19 жил хэрэгжүүлээгүй стандарт хэзээ ажил хэрэг болж, аюулгүй байдлаа хангасан ажилчдаар хүч сэлбэх юм бол?

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ