• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

С.Нямжав: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар уул, уурхайн компанид төлбөр тооцоогүй

2019 оны 11 сарын 15 51

2019 оны 11 сарын 15

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард дахин баталсан. Усыг хамгийн ихээр бохирдуулахаас гадна их хэмжээгээр хэрэглэдэг салбар болуул, уурхай. Энэ салбарын компани, аж ахуйн нэгжүүдэд ус бохирдуулсны төлбөрийн тухай “Шинэ” хууль хэрхэн хэрэгжиж байгааг сонирхлоо.

Мөн үүнд нь хэрхэн хяналт тавьдгийг МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Нямжаваас тодруулж ярилцлаа.

-Усны бохирдолд уул, уурхайн компаниуд хамгийн ихээр нөлөөлдөг. МХЕГ-аас уул уурхайн компаниудын байгаль орчинд нөлөөлөх байдалд хэрхэн хяналт, шалгалт хийж байгаа вэ?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш уул, уурхайн компани, аж ахуйн нэгжид төлбөр тооцсон удаа байхгүй. Тус хууль саяхан батлагдсан, хэрэгжилтийн хугацаа гэж бий.

Дагалдах дүрэм, журам нь БОАЖЯ-нд хэлэлцэх шатанд явж байгаа. Гэвч Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу 2020 оны хяналт шалгалтын төлөвлөгөө гарсан.

Уул уурхайн компани ус бохирдуулсантай холбоотой асуудалд усны хэрэглээ, ашиглалт талаас нь хяналт тавьдаг байсан бол одоо усны бохирдлыг хэмжих аргачлал, тухайн компанийн ус бохирдуулах магадлал зэргийг эрсдлийн үнэлгээгээр тодорхойлдог болсон. Эрсдэл өндөртэй компанийг дараа жилийн хяналт, шалгалтын төлөвлөгөөнд шууд оруулж байгаа. Ингэснээр эрсдэл буурна.

Төлөвлөгөөт хяналт, шалгалтын явцад усны хүрээлэн буй орчинд нөлөөлөх MNS:4943-2015 стандартын хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь нотлогдвол арга, аргачлалынх нь дагуу төлбөр тооцно. Энэ хууль батлагдсанаар тодорхой нэг компанийн ус бохирдуулсан нь тогтоогдвол МХЕГ-аас нөхөн төлбөр, акт, шийдвэр гаргахад илүү хялбар эрх зүйн орчин бүрдүүлсэн.

-МХЕГ-аас хэчнээн уурхайд хяналт тавьж байгаа вэ?

-Одоогоор 3,200 орчим уул уурхайн компани, аж ахуйн нэгжид шалгалт хийж байна. Он гарснаас хойш ус бохирдуулсан, зөрчил гаргасан 30 орчим компанид арга хэмжээ авсан. Усны бохирдол тооцох арга, аргачлалыг хэлэлцэж байгаа. 2012 оноос хойш эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг манайх хийж эхэлсэн. Ингэж бүх объектуудаа үнэлдэг.

-Өндөр эрсдэлтэй гэгдэх компанийн нэрсийг ил зарлаж болох уу?

-Эрсдлийн шалгуур үзүүлэлт бий. Нэг шалгуур үзүүлэлт 21 хяналтын хуудастай, хуудас бүр асуулттай. Түүгээр тухайн нэг компанид үнэлгээ хийж, эрсдлийг тооцоолно. Тухайлбал, хяналтын хуудасны 2.23-т үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудаст заасан жижиг гол горхины усны чанарыг өөрчлөх, хориглох бүсэд тухайн компани нэвтэрсэн байна уу, хэрэв тийм бол ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг тогтооно.

Мөн хаягдал ус, хөрс, агаараас дээж авч стандартын хүлцэх хэмжээнээс хэтэрсэн үгүйгээс хамаарч их, бага эрсдлийг тооцно. Өндөр эрсдэлтэй компанийн нэрсийн жагсаалтыг хэлэх боломжгүй. Тухайн компани манайхаас хяналт хийх гэж байгааг жилийн өмнө мэддэг.

-Бичил уурхай эмх, замбараагүй, тодорхой хяналтгүй. Төлөвлөгөөт шалгалтын сул тап нь тухайн бичил уул уурхайн эзэд хяналт хийх гэж буйг жилийн өмнө мэддэгт оршиж байгаа юм биш үү. Яг шалгалтаар очихоор уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоочихдог нь нууц биш. Тэгэхээр хяналт, шалгалт хэр бодитой вэ?

-Бичил уурхайчид хуульд заасны дагуу бага оврын тоног, төхөөрөмж ашиглах ёстой. Гэтэл яг л том компани шиг үйл ажиллагаа явуулж байгаа. МХЕГ 2012 оноос хойш төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийхээ больсон. Ямар ч компани. байгууллага байсан ч хяналт, шалгалт хийхээр очиход зөрчлөө нууж, арилгах эсвэл үйл ажиллагаагаа зогсоогоод алга болдог.

Бичил уурхайчид нүүдэг тал бий. Хэрэв, мэдэгдэхгүй очвол гомдол, мэдүүлэг егөх асуудал гардаг. Ашигт малтмал олборлож байгаа бол Байгаль орчны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хуулийн хэрэгжилтийг хангуулах нь бидний үүрэг.

Шалгалтаар хуулийн хэрэгжилт хангаж чадахгүй байгаа нь тогтоогдвол үйл ажиллагаа явуулах эрхгүй. Гэвч тухайн объектын эзэн нь байхгүй ч үйл ажиллагааных нь зургийг авч, хэмжилт хийж, баримтжуулсны дараа гарсан зөрчлийг нь эзэнд нь хэлж, арга хэмжээ авдаг.

-Аж ахуйн нэгжүүдийн нийтлэг гаргадаг зөрчил, алдаа юу вэ?

-Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хууль 2012 онд шинэчлэгдэж, саяхан журам нь өөрчлөгдсөн. Өмнө нь ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийдэг байсан бол одоо нөлөөлөл, стратеги төлөв байдал, хуримтлалын үнэлгээ хийж байгаа.

Аж ахуйн нэгж өөрөө нарийвчилсан үнэлгээг хийлгэх ёстой. Үүний шаардлагыг хангаагүй зөрчил хамгийн их байна. Хоёрдугаарт, тухайн аж ахуйн нэгж байгууллага жил бүр ус, агаар, хөрсөнд хийсэн шинжилгээгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргаж төрийн захиргааны төв байгууллагаар батлуулдаг.

МХЕГ тэр төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьдаг. Энэ чиглэлийн зөрчил буюу менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, хэрэгжилт хангаагүй зөрчил их гардаг. Гуравдугаарт, ус ашиглах гэрээ дүгнэлт гэж байгаа.

Гэрээгээ байгуулаад, дүгнэлтээ гаргуулаагүй. Дүгнэлт гаргуулаагүй байвал хэдий хэмжээний ус ашиглаж байгаа нь тодорхойгүй, татвар, төлбөрийн хувьд асуудал дагуулдаг. Дөрөвт, хог хаягдлын гэрээгээ бүртгэлд оруулаагүй гэх нийтлэг гаргадаг зөрчил бий. Сүүлийн үед аймаг, сумдын Засаг дарга зөвшөөрөл олгодог болсон.

-Тухайлбал, хамгийн ихээр ус бохирдуулж байгаа компанийн судалгаа бий юү?

-Яг энэ газар ийм бохирдолтой байна гэх судалгаа байдаггүй. Хангайн ус, говийн ус бүтэц чанараас хамааран өөр өөр онцлогтой. Шинжилгээ хийхэд өнөөх онцлогоос хамаараад бохирдол нь янз бүр гардаг. Уул уурхайгаас гарч байгаа хаягдал ус гол горхины голдрилыг өөрчлөх, хяналт, шалгалтын хувьд бид хуулийн хэрэгжилтэд л хяналт тавьж байгаа. Шинжилгээ хийж байгаа. Гэхдээ яг тэр газар бохирдолтой гээд хэлэх боломжгүй.

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж чадаж байна уу?

-Тусгай зөвшөөрөлтэй, ашигт малтмалын газар бүртгэлтэй усны мэргэжилтэн, байгаль орчин хамгаалах мэргэжлийн хүнтэй томоохон компаниуд бий. Харин бичил уурхайчид, хайгуулынхан үйл ажиллагаагаа явуулчихаад нүүгээд алга болдог.

Дан ганц ус ч биш агаар, хөрс бохирдуулж, ард нь нөхөн сэргээгдээгүй талбай үлддэг. Сум орон нутагт “Нөхөрлөл" гэдэг нэрийдлээр олборлолт хийчихээд хаяад явах, дараа жил нь өөр нэрээр үйл ажиллагаа явуулах асуудал байсаар байна. Сум, орон нутгийн Засаг дарга өөрөө “Нөхөрлөл" гэдгийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурдаг. Хамгийн гол нь сум, орон нутагт энэ асуудалд хараа хяналт сул байна.

МХЕГ-аас бичил уурхайтай холбоотой Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг эргэж харах, өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг БОАЖЯ, Ашигт малтмалын газар зэрэг холбогдох газарт удаа дараа өгч байгаа.

-Уул уурхай ганц ус бохирдуулах биш хөрсөнд ч сөрөг нөлөө үзүүлдэг. Ер нь аюултай хог хаягдалд хэрхэн хяналт тавьдаг юм бол?

-Уул, уурхайн тос, тосолгооны материал, химийн бодис зэрэг аюултай хог хаягдлын устгалын цэг одоогоор манай улсад алга. Устгалын цэг байгуулъя гэж сүүлийн арваад жил ярьж байгаа. Шийдэгдээгүй, чухал асуудал.

Уул, уурхайн аж ахуйн нэгж компаниуд хог хаягдлаа түр хугацаанд хадгалах байгууламжтай байх гэсэн зохицуулалт бий. Бүх уурхайгаас энэ төрлийн хаягдал гардаг. Шалгалтаар очихоор “Үүнийг яах вэ” гэдэг Устгая гэхээр болохгүй, хуримтлуулаад байж бас болохгүй. Тэгэхээр хог хаягдлаа хэрхэх, түр хадгалах байгууламж дүүрэх эсэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Устгалын цэг байгуулах, аюултай хог хаягдлыг шийдвэрлэх нь хамгийн том асуудал болоод байгаа.

Аюултай хог, хаягдал ганц хөрсөнд биш агаарын бохирдолд сөргөөр нөлөөлнө. Уул, уурхайн компани хог хаягдлын бүртгэлээ явуулдаггүй гэх нийтлэг зөрчил гаргадаг. Бүртгэл мэдээлэл хөтөлдөг ажилтантай байх ёстой. Гэтэл ийм нэгж, ажилтантай уурхай одоогоор алга.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ