• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Т.Балжинням: Гахайн махыг боловсруулаад, болгоод идэж байгаа тохиолдолд ямар нэгэн эрсдэл байхгүй

2019 оны 11 сарын 19 62

Ардчилал таймс

Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүн, махны үйлдвэрүүд, худалдааны төвүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт явуулдаг. Тиймээс тус байгууллагаас гахайн аж ахуй эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүдэд ямар хяналт шалгалт явуулдаг талаар тус газрын Хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжиннямтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа

-Нийслэл хотын хэмжээнд гахайн махны үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хэчнээн иргэн, аж ахуйн нэгж байдаг юм бол?

-Улаанбаатар хотын хэмжээнд гахайн фермерийн аж ахуй эрхэлдэг 97 иргэн, аж ахуйн нэгж байна. Одоогоор 15 мянга орчим тоо толгой гахай нийслэл хотын нутаг дэвсгэр дээр байна. Эдгээр иргэн аж ахуйн нэгжүүдэд тавих хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьдаг. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гарсантай холбогдуулаад амьд мал амьтныг Мал эмнэлгийн ерөнхий газар буюу Нийслэлийн мал эмнэлгийн газар хариуцан ажилладаг болсон. Мэргэжлийн хяналтын газраас тухайн иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах мөн тухайн аж ахуйн нэгжид мал эмнэлгийн анхан шатны нэгж хүрч үйлчилж байгаа эсэх, үйлчилгээ хяналт нь ямар байна вэ гэдгийг төрийн хяналт шалгалтын хууль болон мал амьтны эрүүл мэндийн хуулийнхаа заалтын дагуу хяналт шалгалт явуулдаг.

-Хяналт шалгалтын үеэр гахайн аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага зөрчиж үйл ажиллагаа явуулсан тохиолдол илэрсэн үү?

-Одоогийн байдлаар гахайн аж ахуй эрхэлдэг, худалдан борлуулж байгаа асуудалтай холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй байна. 2019 оны нэгдүгээр сард гахайн мялзан өвчин манай улсад бүртгэгдсэн. Тухайн үед мэргэжлийн байгууллагууд хамтарч хяналт шалгалтаа эрчимжүүлж ажилласнаар тархалтын аюулыг зогсоосон. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 4-5 мужид гахайн мялзан өвчин гарсан байгаа. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас гахайн аж ахуй эрхлэгчдэд зөвлөмж мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээгээр дамжуулж тус өвчнөөс хэрхэн сэргийлж, ямар арга хэмжээ авах талаар мэдээллийг хүргэж байна. Цаашид иргэд, аж ахуйн нэгжүүд хорио цээрийн дэглэмийг сайн сахих хэрэгтэй. Гаднаас орж ирж байгаа тэжээл, хүний хорио цээр, тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийх нь чухал. Энэхүү өвчин нь шувуу, шавж, өвчтэй мал амьтан, тээврийн хэрэгсэл, халдварласан тэжээл, хүнээр дамжин халдвар авдаг.

-Манай улсын иргэдийн хоол хүнсэнд гахайн махны хэрэглээ өндөр байгаа. Ялангуяа баяр ёслолын үеэр гадуур үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ амталсан гахайн махыг сонгож хэрэглэх нь их. Гэтэл сүүлийн үед гахайн мах хэрэглэж болох эсэх талаар маргаан үүсээд байна?

-Гахайн махыг боловсруулаад, болгоод идэж байгаа тохиолдолд ямар нэгэн эрсдэл байхгүй. Энэ оны эхээр буюу өнгөрөгч нэгдүгээр сард гарсан мялзан өвчний тохиолдол нь амьд гахайн дээр илэрсэн учраас тухайн үед мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж хорио цээрийн дагуу устгаж арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар  бүртгэгдсэн гахайн мялзан өвчний тохиолдол байхгүй.

н.Балжинням: Манай улс энэ онд БНХАУ-аас ямар ч гахайн мах оруулж ирээгүй

Гахайн махыг импортоор оруулж ирэхдээ тавьдаг хяналт шалгалтын талаар МХЕГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Балжиннямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улс өнөөдрийн байдлаар хэдэн улсаас гахайн мах оруулж ирж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар ОХУ болон Польш улсаас гахайн мах импортоор оруулж ирж байна. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн газар гэж бий. Тухайн байгууллагад дэлхийн өнцөг булан бүрт оршиж байгаа улс орнуудад мал амьтны гаралтай ямар өвчин гарсан нь бүртгэгдэж мэдээлэгддэг. Тиймээс  өнгөрсөн жил БНХАУ-д гахайн мялзан өвчин гарсантай холбоотой энэ онд тус улсаас огт гахайн мах, махан бүтээгдэхүүн оруулж ирээгүй.

-ОХУ, Польш улсаас гахайн мах, махан бүтээгдэхүүн хэдий хэмжээгээр нийлүүлж байгаа вэ?

-Дээрх хоёр улсын нийт 10 гаруй  гахайн аж ахуйн эрхлэгч аж ахуйн нэгж манай улсад бүтээгдэхүүнээ импортолж байна. Сардаа дунджаар Польш  улсаас 100-150 тонн, ОХУ-аас 50 орчим тонн гахайн мах оруулж ирж байна.

-Гахайн  махыг оруулж ирэхдээ ямар хяналт шалгалт, стандартыг мөрдүүлж ажилладаг вэ?

-Мах махан бүтээгдэхүүний хувьд өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнд ордог. Тиймээс мах, махан бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхдээ тухайн улс оронд нь очиж, манай улсад нийлүүлэх гэж байгаа үйлдвэртэй газар дээр нь очин танилцаж, эрсдэлийн үнэлгээ хийдэг. Тухайбал,  мал амьтны халдварт өвчинтэй холбоотой Мал эмнэлгийн ерөнхий газар, тухайн үйлдвэрийн хүнсний аюулгүй байдал, үйлдвэрийн стандарт талаас мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл очиж ажилладаг. Ингээд тус багаас эрсдэлийн үнэлгээ хийгээд манай улсад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэж үзвэл тухайн газруудтай манай улсын дотоодын аж ахуйн нэгжүүд гэрээ хийж импортоор оруулж ирэх боломжтой болдог.

-Хилээр нэвтрэх үед нь дахин хяналт тавьдаг уу?

-Нэгдүгээрт яг эрсдэлийн үнэлгээ хийсэн үйлдвэрээс тухайн мах, махан бүтээгдэхүүн орж ирсэн байна уу, хоёрдугаарт, стандартын дагуу тээвэрлэж ирсэн байна уу, гуравдугаарт, хорио цээрийн бичиг, тоо хэмжээгээрээ байгаа эсэх гэх мэт бичиг баримтыг нарийвчлан шалгадаг. Мөн дахин лабораторийн шалгалт хийх, мөн гахайн махнаас нэмэлтээр мялзан өвчний шинжилгээг авдаг. Тиймээс импортоор орж ирж байгаа гахайн маханд ямар нэгэн эрсдэл үүсэх боломжгүйгээр хяналт тавин ажиллаж байна. Гол эрсдэл хаана байж болох вэ гэхээр шинэ жил, цагаан сарын баярын үеэр иргэд хувиараа ОХУ, БНХАУ-д зорчихдоо хувьдаа хэрэглэх зорилгоор, зорчигчийн хувийн бараа нэрийн дор гахайн мах, махан бүтээгдэхүүнийг хяналт шалгалтгүй хилээр нэвтрүүлэх тохиолдол байдаг. Энэ л хамгийн том эрсдэл дагуулж байгаа.

-Тэгэхээр иргэд хувиараа хэрэглэх бага хэмжээний мах махан бүтээгдэхүүн дээр хяналт шалгалт тавьдаггүй гэсэн үг үү?

-Тэр бүр иргэн бүрийн оруулж ирж байгаа бага хэмжээний бүтээгдэхүүнийг шалгах, хурааж авах, лабораторийн шинжилгээ хийх боломж байхгүй л байна. Иргэд хувийн хэрэгцээ нэрийн дор дунжаар 2-5 килограмм мах хилээр оруулж ирсний дараа хэн нэг нь түүнийг нь бөөгнүүлээд, дараа нь гар дээрээс ил залгай худалдаалах, цахим сүлжээ ашиглаж явуулаар, хүргэлтээр худалдаалах явдал гардаг. Энэ эрсдэл зөвхөн гахайн махан дээр ч бус бусад бүтээгдэхүүн дээр ч мөн адил гардаг. Шинэ жилийн баяр болохтой холбоотойгоор хойд болон өмнөд хил дээр иргэдийн барааг зөөж өгдөг хүмүүс ийм төрлийн сүлжээ бий болгодог. Өдөртөө 2-3 удаа хилээр гарахдаа хувийн хэрэглээ нэрийн дор бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг бага багаар оруулж ирдэг.Ингээд зохион байгуулалттайгаар түүнийг нь бөөгнүүлж нийслэл хот руу оруулж ирэхийг завдсан. Тухайлбал, өнгөрсөн онд БНХАУ-аас гарал үүсэл нь тодорхойгүй  гахай, галуу, загас, нугасны махыг зорчигчийн хувийн тээш нэрээр оруулж ирж Зам-Үүдэд бөөгнүүлж байгаад том ачааны машинаар нийслэлд хотод буулгаж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар илрүүлж үүсч болох эрсдэлээс сэргийлж чадсан. Тиймээс энэ асуудлыг анхаарч ажиллах тал дээр МХЕГ-аас хилийн мэргэжлийн хяналтын албадууд, Нийслэлийн экспорт, импорт хариуцсан хэсэгт үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Хамгийн гол нь иргэд өндөр эрсдэлтэй  хүнсний бүтээгдэхүүнүүдийг гар дээрээс худалдан авахаас аль болох  зайлсхийх хэрэгтэй. Мөн цахим сүлжээгээр буух эзэн буцах хаяггүй газраас ямар ч хүнсний бүтээгдэхүүн авахаас татгалздаг байх нь өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалах хамгийн найдвартай алхам болох юм.

-Сүүлийн үед иргэд нийтийн хоолны газруудаар үйлчлүүлэхдээ гахайн махтай бүтээгдэхүүн хэрэглэх нь их болсон. Эдгээр газрууд хүнсэндээ хэрэглэж байгаа гахайн махны аюулгүй байдлыг нь бүрэн хангаж чадсан болов уу?

-Эрсдэл бага гэж үнэлж болно. Учир нь Хүнсний тухай хуулиар тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл болон хүнсэнд хэрэглэж байгаа бүхий л шатны байгууллага эрсдэл гарсан тохиолдолд хариуцлага хүлээдэг болсон. Тухайлбал, Ресторан, зоогийн газруудаар ороод танай өнөөдрийн хэрэглэж байгаа гахайн мах хаанаас, хэнээс авсан мах вэ гээд хяналт тавих боломжтой. Ингээд МУ-ын нутаг дэвсгэрт худалдан борлуулах зөвшөөрөл бүхий газраа авсан эсэхийг “Ул мөрийг мөрдөх тогтолцоо”-оор илрүүлдэг. Хэрэв албан ёсны зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгжээс тухайн гахайн махыг худалдан авч, хэрэглэгчдэд үйлчилсэн бол тухайн байгууллага хуулийн том хариуцлага хүлээж байгаа. Тиймээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд энэ эрсдэлийг тооцоолж ажиллаж байгаа. Хэн ч бизнесээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй шүү дээ. Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой өгөх гол зөвлөмж юу байна вэ гэхээр албан ёсны борлуулах эрх бүхий газраас хүнсний бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэх нь чухал байна. Иргэд үйлчлүүлж байгаа газраасаа бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг шаардах эрхтэй. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрх нь нээлттэй байгаа.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ