• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Пиротехникийн хэрэгслийг гар дээрээс худалдан, борлуулахыг хориглодог

2019 оны 12 сарын 23 309

Шинэ он айлчлан ирэх мөч хэдийнэ хаяанд иржээ. Хуучин ондоо хийсэн, бүтээснээ дурсч, алдаа, оноогоо дүгнэн, ирэх ондоо юу хийх, бүтээх тухайгаа дэнслэх он солигдох мөчтэй золгоход найман хоног үлдээд байна. Баярын өдрүүдэд хүн бүхэн догдлол дүүрэн байдаг. Тийм ч учраас зарим нэг зүйлд анхаарал болгоомжгүй хандсанаас болж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байдгийг албаныхан хэлж байна. Тиймээс МХЕГ, ОБЕГ, ЦЕГ-аас баяр ёслолын өдрүүдэд иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээг бэлтгэн хүргэж, шаардлагатай газруудад хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлсэн байна.

Манай сонины сурвалжлах баг өнгөрсөн баасан гарагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдийг тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 17 иргэн, аж ахуйн нэгжид галын аюулгүй байдлын хяналт шалгалт хийх, заавар зөвлөгөө өгч ажиллах үед нь хамтран ажилласан юм.

ШАЛГАЛТААР ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ЗӨРЧИЛ ИЛРЭЭГҮЙ

Юуны өмнө гацуур мод, чимэглэлийг гар дээрээс худалдаалж байгаа иргэдтэй уулзаж барааны чанар стандарт, галын аюулгүй ажиллагааны заавар, зөвлөгөөг өгөхөөс гадна пиротехникийн хэрэгсэл гар дээрээс худалдаалж байгаа эсэхэд давхар хяналт тавьсан юм. Хэзээний л хүн ихтэй байдаг Бөмбөгөр худалдааны төвийн шинэ жилийн гацуур чимэглэл худалдан борлуулж байгаа хэсэгт пиротехникийн хэрэгсэл гар дээрээс худалдаалах зөрчил байгаа эсэхийг  шалгасан. Тус төвд хүн зоны бөөгнөрөл үүсчээ. Баяр дөхсөн энэ өдрүүдэд хот, хөдөөгийнхний хөлд дарагдсан байна. Зарим нь хүүхдүүдээ дагуулсан харагдана. Хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд шинэ жилийнхээ бэлтгэлийг базаахаар баяр хөөртэй байгаа хүмүүс хүйтнийг ажрах ч сөхөө алга “Энэ ч зүгээр, тэрийг ч авах уу” гэсээр гацуур модны худалдааны хэсгээр нааш, цааш холхилдоно. Зөвхөн гацуур мод ч гэлтгүй шинэ жилийн баярт хэрэгтэй бүхнийг нэг дороос авч болохуйцаар тус төвийн дөрвөн зүг, найман зовхист дэлгэжээ. Хаашаа л харна энэ баярт зориулсан худалдаа хараа булаана. Шалгалтаар пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулсан зөрчил илрээгүй. Нэгэнт худалдааны төвөөр явж байгаа тул шинэ жилийн баярт зориулсан бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тодруулахаас гадна, худалдаачдын сэтгэгдлийг сонссон юм. Тус төвд дөрвөн жил бизнес эрхэлж байгаа иргэн О.Баасандалай энэ жил иргэдийн худалдан авах чадвар муу байгааг дуулгав. Учир нь жилийн өдийд 50-70 орчим гацуур зарчихсан байдаг бол одоогоор дөнгөж 20-25 орчим гацуур худалдаалсан гэдгээ хэлж байна. Гацуур модны үнэ ханш төдийлөн нэмэгдээгүй бөгөөд өнгөрсөн жилийнхтэй адилхан байгаа гэсэн. Харин гацуур модны үнэ ханш сонирхож яваа иргэдийн хэлж байгаагаар “Гацуурын үнэ жил ирэх тусам нэмэгдэж байгаа” гэв. Энд том, жижиг, өргөн, нарийн, саглагар, чимэглэлтэй, чимэглэлгүй гээд олон төрлийн гацуур байгаа учир төрлөөсөө хамаараад өөр өөр үнэтэй байгаа. Тус худалдааны төвд 50 метрийн өндөртэй гацуур нь 40 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь хамгийн хямд нь гэнэ. Харин хамгийн үнэтэй нь 950 мянга төгрөгийн үнэтэй байсан. Гэхдээ 40-400 мянган төгрөгийн үнэтэй гацуур нь айл гэрийн хэрэгцээнд зориулагдсан гэдгийг хэлж байна. Түүнээс дээш үнэтэй гацуур модны хувьд албан байгууллагууд түлхүү сонгон авч байгааг хэлсэн юм. Худалдан авагчдын олонх нь 1.5-2.4 метр өндөртэй гацуур модыг сонгон авч байгаа харагдлаа. Орон сууц болон байшинд амьдардаг айл 200-250 мянган төгрөгтэй байхад 1.8-2.4 метр өндөртэй гацуур модыг чимэглэх тоглоом, гэрэл, хашаатай нь авах боломжтой. Харин монгол гэрт амьдардаг бол 1-1.5 метр өндөртэй модыг чимэглэл, тоглоомтой нь 100-180 мянган төгрөгөөр авах худалдан авах боломжтой байна. Өнгө, өнгийн саа, элдэв янзын чимэглэл, тоглоом, гацуурыг улам бүр чимнэ. Тус худалдааны төвд хайрцгандаа 20 ширхэгтэй олон өнгийн тоглоом 7000 төгрөг. Харин том, сүрлэг, ширхэг олонтой чимэглэл 20-50 мянган төгрөгийн үнэтэй байв. Гацуурын доод талд байрладаг өвлийн өвгөн, буга, янзага гэх мэт амьтдын чихмэл 25-35 мянган төгрөг гэх бөгөөд хашааг нь 10-15 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Чамин, хээнцэр өлгөдөг чимэглэлийн нэг ширхгийн үнэ 4000-8000, модны оройд байрлах таван хошуу, барби, машин зэрэг дүрс 5-25 мянгын үнэтэй байлаа. Багачуудын бэлэгний уут 1200 төгрөгнөөс эхлээд 5000 хүрч байсан бол наадаг зураг 3000 төгрөг гэж байв. Хоёр, гурван өнгийн сонголттойгоор асдаг гэрлийн үнэ 5-20 мянга, хөшигний шулуун туузан гэрэл 18 мянган төгрөгийн үнэтэй байна. Цасан ширхэг, бөмбөлөг 500 төгрөгөөс 15 мянга, 30 ширхэгтэй бөмбөлгийн цуглуулга 5000, тууз 8-25 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Шинэ он солигдох мөчид баярын ширээ халуун дулаан уур амьсгал оруулдаг учраас хамгийн чухал нь. Улаан, ногоон өнгийг шинэ жилийн баярын өнгө гэж хэлж болно. Ийм өнгийн ширээний бүтээлэг өргөн, нарийн, урт богиноосоо шалтгаалаад 12-35 мянган төгрөг байсан юм. Баярын бялуу 15-50 мянган төгрөг бол оргилуун дарс 8000-аас эхэлж байлаа. Харин жимсний үнэ кг нь 5-15 мянган төгрөгийн үнэтэй байсан юм байв.

ОСОЛ, ГАЛ ТҮЙМЭР ГАРСАН ТОХИОЛДОЛД ОЛОН ХҮНИЙ АМЬ БИЕ, ЭРҮҮЛ МЭНД, ЭД ХӨРӨНГӨНД ХОХИРОЛ УЧРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

Тус худалдааны төвөөс гараад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтаа үргэлжлүүлсэн юм. Шалгалтын үр дүнгийн талаар Чингэлтэй дүүргийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасан хэлэхдээ “Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулагдах барилга байгууламжуудад Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт явуулах удирдамж” ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Амартүвшин, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасан нарын бүрэлдэхүүн 2019 оны арванхоёр дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 31-ны өдрүүдийг хүртэл “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 17 иргэн, аж нэгж байгууллагуудын ресторан, зах, худалдааны төвүүдийн барилга байгууламжид хяналт шалгалт хийж 42 зөрчил илрүүллээ. Эдгээр зөрчлүүдээс газар дээр нь 19 зөрчлийг арилгуулан, бусад 23 зөрчлийг арилгуулах талаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага бичиж холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартуудыг зөрчсөн нь тохиолдолж болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэр гарсан тохиолдолд олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учрах эрсдэл өндөр байна. Тухайлбал, шалгалтаар холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, галын аюулгүй байдлыг хариуцсан эрх бүхий албан тушаалтныг томилоогүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангааагүй, галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, барилга байгууламж галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан гал түймрээс хамгаалах автомат тоног төхөөрөмж, галын дохиоллын систем төлөвлөж ашиглаагүй, цахилгаан холболт хамгаалалтын бүрхүүл хийгдээгүй байрлуулсан, унтраалга, залгуураа ус чийгнээс хамгаалагдаагүй , галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн нэгдүгээр хавсралт барилга байгууламжид байх зөөврийн (гар) гал унтраагуурыг норм, стандартын дагуу байрлуулаагүй, барилга байгууламжийн давхар тус бүрт хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй, барилгын авралтын гарц болон нөөц гарцыг ослын гэрлээр тоноглоогүй зэрэг нийт 42 зөрчил илэрүүлэн газар дээр нь арга хэмжээ авч дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулж ажиллалаа. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд болон иргэд гар дээрээс пиротехник хэрэгсэл худалдаалан борлуулсан зөрчил дутагдал гараагүй болно” гэв.

ГАЦУУР МОДНЫ ЧИМЭГЛЭЛЭЭ АСААЖ ОРХИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Мөр тэрээр, хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгсэл дур мэдэн хэрэглэдэг. Мөн албан ёсоор худалдан борлуулах зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэснээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг юм. Тухайлбал 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтнээ гэмтээж байжээ. Түүнчлэн пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулахыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, мөн Нийслэлийн засаг даргын 662 дугаар захирамжаар хориглосон байдаг. Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх, сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидыг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм. Учир нь өмнөх жилүүдэд гацуур модны чимэглэлээ асааж орхисноос үүдэж айлын гэр, байшин шатсан хэд хэдэн харамсалтай тохиолдол гарч байсан гэдгийг хэлж байна. Тиймээс иргэдийг баярын өдрүүдэд анхаарал, сэрэмжтэй байж болзошгүй аюул эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна.

“ХАНДГАЙ”, “ГУЧИН ЕС” НЭРИЙН 102 ШИЛ АРХИЙГ УЛСЫН БАЙЦААГЧИЙН АКТААР ХУРААН АВЧЭЭ

 Мөн МХЕГ-ын даргын баталсан 01/04 тоот “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу шинэ жилийн баярыг угтан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 462, хүлээн авалт хийж байгаа нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч 335 түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /бялуу, хиам/ 85 үйлдвэр цехүүд нийт 557 аж ахуй нэгж байгууллага, 325 иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт хийжээ.
Шалгалтын явцад чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн 177 нэр төрлийн 7.910.3 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт болон прокурорын зөвшөөрлөөр хураан авч, орон нутгийн Засаг даргын дэргэдэх устгалын комисст шилжүүлж, шошгын зөрчилтэй 58 нэр төрлийн 792,5 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцааж, 19 нэрийн 1.487 сая төгрөгийн хүнсийг татан авхуулсан байна. Хяналт шалгалтад хамрагдсан 2174 аж ахуйн нэгж, иргэдэд шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгчээ. Шалгалтын явцад түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим мөрдөөгүй, температурын бүртгэлгүй 29, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй 49, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 72 худалдаа, үйлчилгээний газар байснаас гадна 38 нэр төрлийн бүтээгдэхүүн гарал үүсэл тодорхойгүй, 43 нэрийн бүтээгдэхүүн баталгаажилтгүй байсан зөрчил илэрлээ. Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй, дотоод хяналт тогтмолжоогүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг хянаж бүртгэдэггүй, ул мөрийн бүртгэл хөтөлдөггүй, гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноо, хэрэглэх хугацаа тодорхойгүй, баталгаажилтгүй хүнс худалдаалсан, үйлчилсэн зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Мөн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг улсын байцаагчийн актаар хураан авсан, Моннидер ХХК-ийн Оргил сүлжээ дэлгүүр, Алтан гадас трейд, Тэнгэр трейд ХХК-иудын худалдаалагдаж байсан импортын хаяг, шошгын зөрчилтэй 17 нэрийн 354 ширхэг нэг сая 256 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгэж зөрчлийг арилгасан, Жүр үр ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан. Мөн мах боловсруулах үйлдвэрүүд нь хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа дууссан хиам, хиаман бүтээгдэхүүн зайдсыг хүнсний худалдааны сүлжээнээс буцаан аваад нохой, гахайн хоолны зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гар дээр худалдаалж, авсан иргэд цааш нь худалдаалж байгаа зөрчил тогтоогдсон учир Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Шинэ жилийн баярын өдрүүд буюу арван хоёрдугаар сарын 29-нөөс 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.

УНДАА, ЖҮҮС, КОМПОТ ЗЭРГИЙН ШҮҮС НЬ БУЛИНГАРТАЙ ЭСЭХИЙГ САЙТАР ШАЛГА

Тиймээс шинэ жилийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, хүүхдийн бэлгийг сонгохдоо эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг хэлж байна. Түүнчлэн хүүхдийн насны онцлогт тохирсон бэлэг сонгохоос гадна нөөшилсөн болон лаазалсан бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарахыг зөвлөж байна. Мөн төрөл бүрийн ундаа, жүүс, компот зэргийн шүүс нь булингартай эсэх, тунадас үүссэн, доторх жимс нь ялзарч муудсан эсэхийг сайтар шалгах, үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, тэжээллэг чанар, орц найрлага зэргийг сайн шалгаж авах, ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байхыг холбогдох газруудаас зөвлөж байна. Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож байвал, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал хэрэглэхээс татгалзахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа юм.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ