• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Монголын хил анх удаа бүрэн автомат байгууламжтай боллоо

2017 оны 10 сарын 27 62

Б.Мөнхзул

Сүүлийн жилүүдэд хөрш зэргэлдээ болон бусад улс оронд хүн малын гоц халдварт өвчний тархалт буурахгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр 2017 он гарсаар БНХАУ-д шувууны томуугүйн хүний болон шувууны өвчлөл, БНХАУ, ОХУ шүлхий зэрэг гоц халдварт өвчин гарч , хил дамжин тархах эрсдэл хэвээр байна.Иймд хилээр нэвтрүүлж буй тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх шаардлага байнга тулгарсаар байна.Манай улсад байнгын ажиллагаатай 26 боомт бий. Гэхдээ тэдний алинд нь ч автомат ариутгал, халдваргүйжилтийн төхөөрөмж алга. 10 литрийн хуванцар саванд ариутгагч бодисоо хийгээд, шүршээд зогсч байна. Гэтэл өмнөд хөршийнхөн, бидний хамгийн ойрын найз Эрээн хот өдрөөс өдөрт дэвжин дээшилсээр. 20-иод жилийн өмнө Эрээн хот ямар байсныг бид зах зухаас нь гадарлана. Харин одоо бол хөрш зэргэлдээ хотууддаа буцалтгүй тусламж үзүүлэх хэмжээнд очих хүртлээ хөгжиж чаджээ. Тэнд бүтээн байгуулалт өрнөсөөр л байна. Үүний ганц жишээ нь хилийн боомт дахь ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж юм. Эрээн хотын буцалтгүй тусламжаар мэргэжлийн хяналтынхан орчин үеийн стандартад нийцсэн байгууламжтай болжээ. Тэд 1.7 сая юанийн өртгөөр манай талд халдваргүйжүүлэлтийн байгууламж барьж өгсөн нь ашиглалтад орлоо. Монгол Улс анх удаа ийм байгууламжтай болж байгаа нь энэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүүгийн хэлснээр цаашид бүх боомтод ариутгалын автомат төхөөрөмж барих гэнэ. Ингэснээр хилээр орж ирэх машины урсгал хурдасна. Өмнө нь механикаар ариутгадаг байхад нэг машинд халдваргүйжүүлэлтийн бодис цацах гэж таван минутын хугацаа зарцуулдаг байсан бол одоо ганцхан минут хангалттай аж. Уг байгууламжийг байгуулснаар хил дамжин халдварлах халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс хилээр нэвтрэх, дамжин  тархахаас урьдчилан сэргийлэхээс гадна Хилийн боомтын нэвтрэхийг цэгийн чадавхыг нэмэгдүүлэх, хоёр орны боомтын үйл ажиллагааг ижил төвшинд хүргэх, халдваргүйжүүлэлт бүрэн гүйцэд, чанартай хийх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай юм. Дээр дурдсан шинэ автомат төхөөрөмж нь хилээр орж ирж буй машинуудыг мананцар үүсгэн ариутгалын бодисоо цацах аж. Сүүлийн жилүүдэд хөрш зэргэлдээ орнуудад элдэв төрлийн халдварт өвчин гарах нь ихэссэн учраас ариутгалын байгууламжийг зайлшгүй шинэчлэх шаардлага гарчээ. Улмаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүгийн санаачилгаар механик ариутгалыг халж автомат байгууламжид шилжиж байгаа юм. Түүний хүсэлтийг Эрээн хотын удирдлагууд таатай хүлээн авснаар хилийн мэргэжлийн хяналтын байгууллагынхан дэлхийн бүхий л орнуудын хил, гаальд хэрэглэдэг сүүлийн үеийн стандарт бүхий байгууламжийг барьж албан ёсоор хүлээлгэж өглөө. Дээрх байгууламж нь бүрэн автомат мэдрэгч бүхий системтэй, жилийн дөрвөн улиралд ажиллах хүчин чадалтай, халдваргүйжүүлэлтийн уусмалыг хөлдөөхгүй халаах системтэй, салхины хамгаалалттай, зэврэхээс хамгаалсан, бүрэн камержсан зэрэг олон давуу талтай юм. Үүнээс гадна байгууламжийн цахилгаан, дулааны систем, цэвэр бохир усны шугамыг бүрэн шийдсэнээс гадна техник, амрах, ажлын, гал тогоо, ариун цэврийн гэсэн нийт долоон өрөөтэй байгууламж ажээ. Замын-Үүдэд анх 1992 онд авто замын боомт ашиглалтад орсон бөгөөд тэр цагаас хойш Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч байжээ. Ингэхдээ тээврийн хэрэгслийн туулуулах, шүрших аргаар ажиллаж байсан бол одоо бүрэн автомат төхөөрөмжтэй боллоо. Шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өгөх нээлтийн үеэр Н.Цагаанхүү дарга “Энэ бол дөнгөж эхлэл. Цаашид бүх боомтоо ийм төхөөрөмжтэй болгохын төлөө ажиллана. Өнөөдөр Замын-Үүдэд халдваргүйжүүлэлтийн автомат байгууламж ашиглалтад орсон бол ирэх сард Гашуунсухайтын боомт ийм болно. Хамгийн гол нь бидний санаачилгыг дэмжиж тусламжийн гараа сунгасан Эрээн хотын Ардын засгийн ордны удирдлагууддаа баярлалаа” гэв. Замын-Үүдийн хилээр өдөрт 1000 гаруй машин орж, гардаг аж. Хилээр орж ирж буй ийм тооны автомашиныг механик аргаар ариутгана гэдэг амар ажил биш. Наанадаж бодис нь хөлдөхөөс эхлээд асуудал багагүй гардаг байжээ. Тэгвэл шинэ байгууламж ашиглалтад орсноос хүлээлт үүсэхгүй, хөдөлгөөний эрчим нэмэгдэх, бизнесменүүдийн цагийг хэмнэх гэх мэт олон талаараа ач холбогдолтой болж байгааг Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Г.Батмөнх онцоллоо. Түүний ярьснаар мэргэжлийн хяналтын лабораторид нян судлал, хор судлал, хими, ургамал хорио цээрийн шинжилгээ гэсэн дөрвөн чиглэлээр шинжилгээ авдаг юм байна. Замын-Үүд Эрээний хооронд байнга зорчдог бизнесмен Г.Галбадрах “Шинэ байгууламжтай болсонд баяртай байна. Өмнө нь их хэцүү байлаа. Ялангуяа өвлийн улиралд бүх хүндрэлтэй. Насос шахаж шүршдэг байхад цаг ч их алддаг байсан. Харин одоо шууд л гараад явчхаж болох нь. Эрээний хилээр орохдоо шүршүүлээд л гарчихна. Манай хил хэзээ ийм байгууламжтай болох бол гэж боддог байсан. Гэтэл одоо шинэ байгууламжтай болжээ. Ямар ч байсан нэг дэвшил гарлаа” гэв. Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү “Мэргэжлийн хяналтын байгууллагын чадавх дээшилж байна. Энэ бол жишиг бөгөөд анхных нь. Ийм байгууламж ашиглалтад орсноор бизнесменүүдийн цагийг маш их хэмнэж байна. Дараагийн сард яг үүнтэй адилхан байгууламжийг Гашуунсухайтад барьж ашиглалтад оруулах юм” хэмээн ярилаа. Мэргэжлийн хяналтын байгууллага нь Монгол Улсын 104 хууль, олон улсын 42 гэрээ, УИХ, Засгийн газрын 314 тогтоол, үндэсний 2669 стандарт, 753 дүрэм, журам, 338 норм, нормативын хэрэгжилтэд 32 чиглэлээр хяналт тавьж ажилладаг.Өнгөрсөн хугацаанд цахим хяналтын системийг нэвтрүүлж, хяналт шалгалтын явц, үр дүнг ил тод, нээлттэй болгох, энэ үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр 2017 онд хийх төлөвлөгөөт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх оныхоос буурч, 5000 орчим аж ахуйн нэгж хяналт шалгалтаас чөлөөлөгджээ. АНУ-ын Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд  Монгол Улсын хилийн 15 боомт дээр цацраг илрүүлэх төхөөрөмжийг суурилуулж, улсын хилээр цацраг идэвхт бодис, цөмийн материалд тавих хяналтыг хэрэгжүүлэх цацрагийн болон хилийн мэргэжлийн хяналтын 300-аад улсын байцаагчдыг сургаж дадлагажуулсан. МХЕГ-ын даргын санаачлагчаар энэ төслийг цаашид үргэлжлүүлэхээр болж, Хөшигт-ийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал болон бусад хилийн боомтуудад цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах, гар багажаар хангах, сургалт зохион байгуулах асуудлыг хоёр талууд харилцан тохиролцсоны үр дүнд эхний ээлжид 287 мянган ам.долларын өртөг бүхий цацрагийн байршил, бохирдол илрүүлэх орчин үеийн өндөр нарийвчлалтай багажуудыг хүлээн авлаа. Мөн 950 мянган ам.долларын өртөг бүхий  цацрагийн хяналтын төхөөрөмжийг шинэ нисэх онгоцны буудлын 22 цэгт суурилуулах гэнэ.

Ийм байгууламж зөвхөн хил дээр бус хотын постууд дээр ч зайлшгүй байх ёстой. Хуванцар савтай бодис үүрсэн хүмүүс хэрхэн механик аргаар хэрхэн ариутгал хийдгийг бид мэднэ. Машины дугуй руу ариутгасан бодисоо цацсан болоод л өнгөрдөг. Тэгвэл хотыг тойрсон постуудад дээрх дурдсан байгууламж ашиглалтад оруулснаар нийслэлд шүлхий, боом зэрэг өвчин тархахаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ