• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“MАЛ ТӨХӨӨРӨХ, МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ХЯНАН МАГАДЛАГАА ЯВУУЛЖ ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ” ЖУРАМ

                                         Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1.Энэхүү журмын зорилго нь мал, амьтан төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, мах хадгалах агуулахын барилга байгууламж, техник, технологийн горим, хөдөлмөрийн эрүүл ахуй, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангалтын түвшинд үнэлгээ өгч, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгуулага /OIE/ болон импортлогч орнуудаас тавигддаг мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл шаардлагыг хангуулах, бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд болон гадаад орнуудад нийлүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

                          Хоёр. Журмын нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэхүү журамд хэрэглэж байгааа нэр томьёог дараахь байдлаар ойлгоно.

2.1.1.“Итгэмжлэл” гэж тодорхой төрлийн үйл ажиллагааг олон улсын гэрээ, хэлэлцээр, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын дагуу эрхлэн явуулах, байнгын хяналт баталгаажуулалтанд хамрагдаж, шаардлага хангаж байгаа тухай хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг,

2.1.2. “Итгэмжлэгдсэн хуулийн этгээд” гэж мал, амьтан төхөөрөх, мах, дайвар махан бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагаа эрхлэх, экспортлох зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас авсан этгээд,

2.1.3. “Хянан магадлагаа” гэж мал, амьтан төхөөрөх, мах дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт барилга байгууламж, техник, технологийн горим, хөдөлмөрийн эрүүл ахуй, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангалтын түвшинд үнэлгээ өгөх үйл ажиллагааг,

                      Гурав. Хянан магадлах үйл ажиллагаа

3.1.Улсын хэмжээнд нэгдсэн хянан магадлагааг 3 жил тутамд нэг удаа, зэрэглэл ахиулах болон шинээр байгуулагдсан үйлдвэрт хянан магадлагааг хүсэлт гаргасан тухай бүрт явуулна.

3.2. Мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагаа эрхэлж гадаад, дотоодын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлт гаргасан үйлдвэр, аж ахуйн нэгжид  хянан магадлах үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон Мал эмнэлэг, үржлийн газар, Монголын махны холбооны төлөөлөлтэй ажлын хэсэг гүйцэтгэнэ.

3.3. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд нь нэг аж ахуйн нэгжийн харьяалалд нэг байранд үйл ажиллагаа явуулдаг бол тэдгээрт нэг комисс хянан магадлагаа явуулж болно.

3.4. Хянан магадлагааг дараахь ангиллаар хийж гүйцэтгэнэ.

3.4.1. мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр

3.4.2. хиам, махан нөөш, боловсруулсан махан бүтээгдэхүүний үйлдвэр

3.4.3. ангилж савласан мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэр

3.4.4. мах, махан бүтээгдэхүүн хадгалах зоорь, агуулах

3.5. Хянан магадлагааны үйл ажиллагаанд аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтанг заавал байлцуулна.

3.6. Хянан магадлагаа явуулах ажлын хэсэг энэхүү журмын хавсралтаар гаргасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, комиссын гишүүдийн дундаж оноогоор зэрэглэлийг тогтоох ба энэ тухай ажлын хэсгийн дүгнэлт гаргана.

                           Дөрөв. Итгэмжлэл олгох

4.1.Хянан магадлагаа явуулах комиссын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын шийдвэр, саналыг үндэслэн мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас итгэмжлэл олгоно.

4.2. Итгэмжлэл олгох эрх бүхий байгууллага нь итгэмжлэл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, итгэмжлэл олгох эсэх тухай асуудлыг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.

4.3. Итгэмжлэл олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.

4.4. Итгэмжлэлийг хянан магадлагаа явуулсан ангилал, тогтоогдсон зэрэглэлийн дагуу олгоно.

4.5. Үйлдвэр тус бүрт албан ёсны хувийн дугаар бүхий итгэмжлэл олгоно. Энэхүү дугаар нь мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрт олгосон тамганы дугаартай ижил байна.

4.6. Хянан магадлагаанд хамрагдаж “ААА”, “АА” зэрэг бүхий Итгэмжлэл авсан этгээд бүтээгдэхүүнээ худалдан борлуулах эрхтэй байна.

4.7. Хянан магадлагааны дүнгээр итгэмжлэл олгох, итгэмжлэлийн зэрэглэл бууруулах, цуцлах арга хэмжээг тухайн орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын хуудсаар хийгдсэн хяналт шалгалтын дүн, эрсдэлийн үнэлгээ, санал, дүгнэлтийг үндэслэн МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулж, МХЕГ-ын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

                       Тав. Итгэмжлэлийн зэрэглэл

5.1. Мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн технологи, мал эмнэлэг, ариун цэврийн түвшингийн итгэмжлэл нь дараахь зэрэглэлтэй байна. Үүнд:

5.1.1. “ААА” дотоодын болон олон улсын зах зээлийн стандартын шаардлага бүрэн нийцсэнийг илэрхийлнэ.

5.1.2. “АА” дотоодын зах зээлийн стандартын шаардлага хангасан, Импортлогч орны эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн тухайн оронд экспортын үйл ажиллагаа явуулах боломжтойг илэрхийлнэ.

5.1.3. “Х” стандартын шаардлага хангахгүй, үйл ажиллагааг түр зогсоохыг илэрхийлнэ.

5.2. Хиам, нөөш, махан бүтээгдэхүүн, ангилж савласан мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрт технологи, мал эмнэлэг, ариун цэврийн түвшингийн итгэмжлэл нь дараахь зэрэглэлтэй байна. Үүнд:

5.2.1. “ААА” бүтээгдэхүүнээ экспортлох боломжтойг илэрхийлнэ.

5.2.2. “АА” дотоодын зах зээлд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломжтойг илэрхийлнэ.

5.2.3. “Х” стандартын шаардлага хангахгүй, түр үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг илэрхийлнэ.

                Зургаа. Итгэмжлэл, түүнийг авахад бүрдүүлэх баримт бичиг

6.1. Итгэмжлэлд дор дурдсан зүйлийг тусгана.

6.1.1. Итгэмжлэл олгосон байгууллагын нэр

6.1.2. Итгэмжлэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг

6.1.3. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагааны төрөл

6.1.4. Итгэмжлэлийн хугацаа

6.1.5. Итгэмжлэлийн дугаар, олгосон огноо

6.1.6. Итгэмжлэл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/

6.2. Итгэмжлэл авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

6.2.1. Итгэмжлэл хүссэн өргөдөл /үйлдвэрлэлийн төрөл, хүчин чадал, хугацааг дурдах/

6.2.2. Итгэмжлэл хүсэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын байцаагчийн дүгнэлт

6.2.3. Үйлдвэрлэлийн тухай танилцуулга, байршил, технологийн болон цехийн схем зураглал, фото зураг

6.2.4 Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын хуудсаар хийгдсэн хяналт шалгалтын дүн, эрсдэлийн үнэлгээ,

6.2.5. Холбогдох бусад бичиг баримт

                   Долоо. Итгэмжлэл түдгэлзүүлэх, хүчингүй болгох

7.1. Итгэмжлэлийн хугацаа, стандарт шаардлагыг зөрчсөн тохиолдолд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн итгэмжлэл олгосон эрх бүхий байгууллага түүнийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

7.2. Итгэмжлэлийг олгосон байгууллага нь итгэмжлэлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тохиолдолд ажлын хэсгийн бүрэлдэхүүний дүгнэлтийг үндэслэн итгэмжлэлийг сэргээнэ.

7.3. Итгэмжлэл олгосон байгууллага дараахь тохиолдолд итгэмжлэлийг хүчингүй болгоно.

7.3.1. аж ахуйн нэгж, байгууллага, байршлаа өөрчилсөн,

7.3.2. итгэмжлэл эзэмшигч хүсэлт гаргасан,

7.3.3. хуулийн этгээд татан буугдсан,

7.3.4.итгэмжлэл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь илэрсэн,

7.3.5. мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээр, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл, стандарт, технологийн шаардлагыг удаа дараа зөрчсөн,

7.3.6. итгэмжлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй,

7.3.7. хяналтын хуудсаар хийсэн хяналт шалгалтанд удаа дараа эрсдэл өндөртэй гарсан.

7.4. Итгэмжлэлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар итгэмжлэл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор итгэмжлэл эзэмшигчид мэдэгдэнэ.

                         Найм. Итгэмжлэлийн хугацаа

8.1. Итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгоно.

8.2. Итгэмжлэлийн хугацааг 14 хоногийн дотор сунгана.

8.3. Итгэмжлэлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл итгэмжлэлийн хугацааг сунгахгүй,

                       Ес. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

9.1 Үйлдвэрлэл эхлэхийн өмнө тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна,

9.2. Мал, амьтны мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, хүлээн авах, боловсруулах, экспортлох, импортлох үйл явцад мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн зохих шаардлагыг хангасан ажлын байранд үйлдвэрлэл явуулна.

9.3. Ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, ажилчдын хөдөлмөр хамгаалал,  нормын хувцас, багаж, тоног төхөөрөмжөөр хангасан байна.

9.4. Ариутгал халдваргүйтгэлийг /ажлын байр, цайны газар, тээврийн хэрэгсэл, хог хаягдлын цэг, өдөр тутмын гэх мэт/ зохих заавар журмын дагуу хугацаанд нь хийж анхан шатны бүртгэл хөтөлнө.

9.5. Үйлдвэрлэл явагдаж үйл ажиллагаа жигдэрсний дараа хянан магадлагаанд хамруулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргана.

9.6. Хүнсний үйлдвэрлэлийн мэргэжлийн технологич болон малын эмчийг байнгын орон тоогоор ажиллуулж, үйлдвэрт дотоодын хяналтыг сайжруулж, үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуй, махны хяналтын дүрэм, технологийн горимыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон хэвшүүлнэ.

9.7. Үйлдвэрлэлийн бүх шатанд дотоодын болон хөндлөнгийн хяналтаар дээж авч шинжлүүлэх ба үүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн хариуцна.

9.8. Мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй ажиллагааны осол гэмтлээс сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор  “Санамж”  тэмдгийг үйлдвэр, цехүүдэд байрлуулна.

9.9. Итгэмжлэлд хамрагдсанаас хойш өөр байранд шилжин үйл ажиллагаа явуулах, шинээр үйлдвэр, цех ашиглалтанд оруулж байгаа бол хянан магадлагаанд орохын  өмнө тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах ба дахин итгэмжлэлд хамрагдана.

9.10. Итгэмжлэгдсэн хуулийн этгээд болон түүнээс мах, махан бүтээгдэхүүн худалдан авч экспортлох, импортлох тохиолдолд дараахь шаардлага хангасан байна.

9.10.1. олон улсын гэрээ хэлэлцээр, холбогдох дүрэм журам, стандарт шаардлагад нийцүүлэн экспортлох, импортлох үйл ажиллагаа явуулна.

9.10.2. Бүтээгдэхүүндээ үлдэгдэлийн шинжилгээ хийлгэсэн тухай итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний сорилын дүн, түүнийг үндэслэн олгосон мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээтэй байх,

9.10.3. мал, амьтны мах, махан бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн үйлдвэрт бэлтгэсэн, хадгалалт, гарал үүсэл, орчин нөхцөл, түүнд тавих шаардлагыг тодорхой тусгасан нотлох баримт, зарлагын падаан, тодорхойлолт зэргийг бүрдүүлж 7-оос доошгүй хоногийн өмнө мэргэжлийн хяналтын улсын байцаагчид өгч шинжилгээнд хамруулна.

9.10.4. шинжилгээний сорилын дүн, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн экспортлох болон импортлох асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллага шийдвэрлэнэ.

                        Арав. Бусад зүйл

10.1. Хянан магадлагаатай холбоотой маргааныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

10.2. Итгэмжлэлийн хүрээнд хянан магадлагаа, үнэлгээний талаарх асуудлыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.

10.3. Итгэмжлэлийн гэрчилгээний үнэ, хянан магадлах ажлын хэсгийн албан томилолтын зардлыг итгэмжлүүлэгч аж ахуйн нэгж хариуцна.

 

---000---

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ